Хонгконгт энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч цом, медалиар шагнуулжээ. 

Манай улсын баг тус олимпиадад Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Э.Энхжин, Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн 5 “б” ангийн сурагч М.Билэгтөгөлдөр, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Ч.Чингүн, Э.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. 

АНУ, Австрали, БНХАУ, Болгар, ӨАБНУ зэрэг 5 тивийн 20 гаруй орны 36 багийн 144 хүүхэд оролцсон уг олимпиадад Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин хувийн төрөлд хүрэл медаль хүртэж, сайхан амжилт үзүүлжээ. Тус олимпиадад манай улс 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд Э.Энхжин Монгол Улсаас хувийн төрөлд медаль хүртсэн 5 дахь хүүхэд болж байгаа юм. Олон улсын олимпиадад сурагчид хувийн төрөлд 15, багийн төрөлд 10 бодлого бодож уралддаг аж. 

Олон улсын математикийн олимпиадад оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд “Орчлон” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад оролцсон манай хүүхдүүд бусад орныхтой харьцуулвал насаар бага байсан нь бас нэг онцлог байсан байна.

Олимпиадын хаалтын ёслолын үеэр болсон урлагийн тэмцээнд манай математикч хүүхдүүд үндэсний бүжгээрээ шалгарч, цом хүртсэн нь бас нэгэн баяр нэмжээ. 

Дашрамд дурдахад математикийн олимпиадуудаас өндөр төвшнийхөд тооцогддог уг олимпиадад тааруу дүн үзүүлсэн улсын багийг дараагийн жилийнхэд оролцуулахгүй хасдаг дүрэмтэй юм байна. Энэ удаагийн олимпиадад гэхэд дээрх шалтгаанаар ОХУ, БНСУ зэрэг хүчтэй багийн хүүхдүүд оролцож чадаагүй ажээ.