О.Бавуудорж: Нүүрстэй зууралдахгүй байя гэвэл иргэд сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглахаас өөр аргагүй

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар шинжээч О.Бавуудоржтой ярилцлаа.

-Гэр хорооллын айл өрхүүд өнөдөөр агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас коксжсон түлш, зарим нь шахмал түлш хэрэглэж байна. Энэ хангалттай шийдэл болж чадах уу?

-Шахмал түлш, хагас коксжсон түлш болон хий нь түүхий нүүрстэй харьцуулахад илүү цэвэр шаталттай, механик хольц багатай, утаа бага гаргадаг давуу талтай. Гэхдээ энэ нь зөвхөн утааны харагдах байдлыг бууруулж байгаа болохоос, хүн болон байгаль орчинд нөлөөлдөг хүлэмжийн хий буюу CO₂ ялгаруулалтыг бууруулдаггүй. 

Өөрөөр хэлбэл, айл өрхүүд түүхий нүүрснээс арай цэвэр түлш хэрэглэж байгаа ч айл бүрийн яндангаас ялгарч байгаа хорт хий үндсэндээ алга болоогүй. Тиймээс дээрх шийдэл нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бүрэн шийдэж чадахгүй, түр зуурын гал унтрааж буй арга гэж ойлгож болно.

-Тэгвэл өнөөдрийн нөхцөлд иргэдийн хувьд нүүрснээс татгалзаж, утааг бууруулах ямар гарц байна вэ?

-Дэлхийн олон оронд айл өрхүүд дулаан, цахилгаанаа нарны зайн хавтан, агаарын дулаан насос, нар болон салхины жижиг эх үүсвэрээр шийддэг болсон. Монголд ч ийм технологийг ашиглах боломж бүрэн бий. 

Харамсалтай нь манай эрчим хүчний системд ийм шийдлийг дэмжих санхүүгийн эх үүсвэр хангалтгүй байна. Учир нь ихэнх айл өрхүүдийн хувьд нарны эрчим хүч эсвэл дулааны насосыг авч суурилуулахад анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг. Үүнээс гадна сүлжээний зүгээс сэргээгдэх эх үүсвэрийг өргөн хүрээнд дэмжих тогтолцоо, урамшуулал сул. Зарим тоноглолыг гадаадаас татах зардал мөн нөлөөлдөг. Хэрэв худалдан авах нөхцөлийг нь бүрдүүлээд, технологийн шийдлүүдийг нь улс дэмжээд өгвөл иргэд өөрсдөө хүссэн хүсээгүй аваад ашиглана. Бас ийм төхөөрөмжтэй бол тодорхой хэмжээний орлого ч олох боломж бүрдэнэ.

-Таны хэлж буйгаар иргэд сэргээгдэх технологийг хэрэглэх сонирхолтой боловч боломж нь хангалтгүй байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Нарны болон бусад цэвэр эх үүсвэрүүд нь ямар ч бохирдолгүй, ажиллагаа бага шаарддаг, хэрэглэгчдэд ээлтэй технологи. Өнөөдөр хэн ч нүүрстэй зууралдаж, үнс нурамтай хутгалдаад байхыг хүсэхгүй нь лавтай. Бүгд л гэр орондоо тав тухтай, дулаахан, цэвэр агаарт амьдрахыг хүсэж байгаа нь мэдээж. Харин энэ боломжийг бүрдүүлэх ганц гарц бол сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологиудыг өргөнөөр ашиглах явдал юм.

Жишээ нь, Өмнөд Солонгос, Япон, Европын орнуудад айл өрхийн халаалтын 40–70 хувийг дулааны насос, нар–батарей хосолсон системээр шийддэг болсон.

-Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогийн байдлаар Монгол Улсын нийт үйлдвэрлэж буй эрчим хүчний ердөө 10 орчим хувийг сэргээгдэх эх үүсвэр бүрдүүлж байна. Үлдсэн хувь насжилт өндөр, доголдол ихтэй дулааны станцуудад түшиглэж байна. Тодруулбал, ихэнх нь 40–60 жилийн насжилттай хуучирсан дулааны станцууд учраас тоног төхөөрөмжийн элэгдэл, доголдол, засварын зардалаасаа илүү гардаггүй.

Нөгөө талаас эрх зүйн орчин ч мөн төдийлөн уян хатан бус байна. Шинэ хөрөнгө оруулалт татахад үнэ тариф, зохицуулалтын бодлого тодорхой бус байдалтай байсаар өнөөг хүрсэн байна. 

Тиймээс салбарт шинэ технологи нэвтрүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй хэвээр байна.

-Урт хугацаанд нүүрсний шинэ станц барих боломж хумигдаж буй нөхцөлд Монгол Улсын эрчим хүчний системийг хэрхэн төрөлжүүлэх нь хамгийн оновчтой вэ?

Хэрэгжиж буй томоохон эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд нүүрсний цахилгаан станцууд руу чиглэж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок ашиглалтад ороод эхэлж байна. Удахгүй Баянгийн станц үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Ингэснээр ирэх таван жилийн дотор нүүрсний эх үүсвэрүүд одоогийн хэмжээнээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Нэг талаас Монгол Улс эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө өндөр хэрэглээтэй, суурь ачааллаа найдвартай хангах шаардлагатай. Мөн өнөөдрийн нөхцөлд нүүрс бол бидэнд бэлэн, хүртээмжтэй эх байгаа үүсвэр юм. Тиймээс ойрын хугацаанд нүүрсний станцуудыг ашиглах нь нэг талдаа зөв шийдвэр. 

Гэвч энэ бодлого нь урт хугацааны шийдэл биш. Нүүрсээр ажилладаг станцууд нь хүлэмжийн хий их ялгаруулдгаас гадна, нэг чухал зүйл нь ирэх 10–15 жилийн дотор дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж, нүүрсний шинэ станцуудад хөрөнгө оруулалт олдохгүй болох эрсдэл өндөр байна. Өөрөөр хэлбэл цаашид нүүрсний шинэ станц барих боломж улам бүр хумигдана.Ийм нөхцөлд Монгол Улс урт хугацаандаа сэргээгдэх эрчим хүч рүү шилжихээс өөр бодит гарц байхгүй. 

Нөгөө талаас Монгол Улс жилийн 250–300 өдөр нартай байдаг, дэлхий дээр хамгийн их нарны эрчим хүчний нөөцтэй орнуудын нэг. Ийм боломж нөхцөлтэй улс оронд айл өрхүүд нарны зайн систем ашиглах нь техник, эдийн засгийн аль ч талаасаа үр ашигтай шийдэл юм.

-Сэргээгдэх эрчим хүчний өртөг дэлхийд, тэр дундаа Хятадын зах зээл дээр хэр өөрчлөгдөв?

-Технологи маш хурдтай хөгжиж байгаагийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үнэ эрс буурсан. Тухайлбал, нарны хавтан, инвертер, батарей зэрэг гол бүрдлүүдийн үнэ сүүлийн 5–10 жилийн хугацаанд 2–3 дахин хямдарч, айл өрхийн түвшинд ч суурилуулж болохуйц боломжийн өртөгтэй болсон. Манай урд хөрш болох Хятадад үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн үнэ хамгийн өрсөлдөхүйц байдаг тул Монголд шууд нэвтрүүлэхэд илүү үр ашигтай.

Хятадын өнөөгийн зах зээлийн үнэ, технологийн түвшнээс тооцоход нарны цахилгаан станц үйлдвэрлэх нэгж эрчим хүчний өртөг нүүрсний цахилгаан станцаас бараг хоёр дахин хямд болсон байна. 

Тухайлбал, Бөөрөлжүүтийн станцын 1 кВт.ц эрчим хүчний нийлүүлж буй тариф 8 цент орчим байгаа бол том чадлын нарны цахилгаан станц үүнээс хоёр дахин бага өртгөөр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна.

-Тэгвэл одоо Монгол Улс 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангана гэсэн зорилтдоо хүрэх боломж байна уу?

-30 хувьд хүрэх зорилт биелэх бүрэн боломжтой. Гэхдээ энэ зорилт зөвхөн нар, салхины эх үүсвэрийг нэмэгдүүлснээр биелэхгүй. Эрчим хүчний системийг тогтвортой ажиллуулахын тулд хамтдаа хөгжүүлэх ёстой зайлшгүй технологийн шийдлүүд байна.

Юуны өмнө сэргээгдэх эрчим хүчний хувь өсөх тусам сүлжээний уян хатан, хүчдэлийн тогтвортой байдлыг хангах баланслагч эх үүсвэр шаардлагатай болдог. Нар, салхины нөхцөлөөс хамаарч үйлдвэрлэл тогтворгүй учраас үүнийг “зохицуулах” эх үүсвэрүүдийг заавал барих хэрэгтэй.

Энэ хүрээнд Монголд хамгийн боломжтой хоёр гол шийдлийг санал болгож болно. 

Эхнийх нь, том чадлын батарей хуримтлуурын станц юм. Сүүлийн жилүүдэд үнэ нь хурдацтай буурч, олон улс оронд сүлжээний тогтворжуулах үндсэн дэд бүтэц болсон. Богино хугацаанд эрчим хүч нөөцлөх, оргил ачааллын үеэр сүлжээг дэмжих, нар салхины хэлбэлзлийг тэнцвэржүүлэх давуу талтай.

Хоёрдугаарх шийдэл нь, усан цэнэгт станц (Pumped storage) буюу олон цагийн турш эрчим хүч хуримтлуулж, тогтвортой үйлдвэрлэл гаргах боломжтой. Монголын газарзүйн нөхцөлд ч ийм станцуудыг барих боломжтой гэж үздэг.

Эдгээр дэд бүтцийг бүрдүүлж чадвал хувийн хэвшлүүд энэ салбарт орж ирж,  нар, салхины томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Төрийн хувьд ч сүлжээний тохируулга, зохицуулалтын үйлчилгээг системтэйгээр явуулж, эрчим хүчний зах зээлийг нээлттэй, өрсөлдөөнтэй болгох нөхцөл бүрдэнэ.

Салбарын хийсэн загварчлал, олон улсын байгууллагуудын үнэлгээгээр Монгол Улс дунд хугацаанд буюу 10–15 жилийн дотор нийт эрчим хүчнийхээ 70–80 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломжтой гэж гарсан. Учир нь манай нар, салхины нөөц дэлхийд дээгүүр, технологийн үнэ хурдацтай буурч, суурилуулах өртөг улам боломжийн болж байна.


Сэтгэгдэл бичих (22)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.