ВАШИНГТОН. /CNN/. Байгаль хамгаалагчид Номхон далайгаас 40 гаруй тонн хуванцар хаягдал түүжээ.

Ocean Voyages” институтийн багийн мэдээлснээр, урьд өмнө нь хийж байгаагүй хамгийн амжилттай хийгээд том хэмжээний цэвэрлэгээг Хавайн арлаас Калифорнийн эрэг хүртэлх чиглэлд хийсэн аж.

Тэд хиймэл дагуул болон дроны технологийг ашиглан цэвэрлэгээний бодисын сав, хуванцар тавилга, хүүхдийн тоглоом зэрэг хаягдлыг түүсэн байна. Мөн хуванцар хаягдал хуримтлагдсан 5 болон 8 тоннын жинтэй загасны тор олжээ.

"Далай тэнгист хаягдсан загасны торонд халим, усан гахай зэрэг амьтад орооцолдсоны улмаас амиа алдах тохиолдол гардаг тул ийм торыг олох нь ихээхэн ач холбогдолтой байдаг" гэж “Ocean Voyages” институтийг үүсгэн байгуулагч Мэри Кроули хэлжээ.

Цуглуулсан хог хаягдлын 1.5 тонн орчмыг Хавайн их сургуулийн урлагийн хөтөлбөр болон тус арлын бие даасан уран бүтээлчдэд өгнө гэж М.Кроули нэмж хэлсэн байна. Уран бүтээлчид хуванцар хаягдлыг баримал болон бусад төрлийн бүтээл болгохоор төлөвлөжээ. 

Харин үлдсэн хуванцар хаягдлыг “Schnitzer” гангийн үйлдвэрт боловсруулж, Хавай арлын “H-POWER” үйлдвэр эрчим хүч болгон хувиргах юм байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг