Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 15, 2021
Бид хүүхэд, гэр бүлд зориулсан “Уурлах уу, учирлах уу” зорилтот төслийг эхлүүлж буй. Энэхүү төслийн хүрээнд эцэг эхчүүдэд, гэр бүлд хэрэгтэй, хүүхэд хүмүүжилд холбогдох чухал сэдвийг онцлон хүргэх болно. Энэ удаа цахим дээрэлхэлт сэдвийг онцолж байна.
Өсвөр үеийнхний дээрэлхэлт хэлбэрээ өөрчилж цахим гэх нэрийн ард халхлагдан үргэлжилсээр байна. Энэ талаар АШУҮИС-ийн багш, сэтгэл судлаач Т.Жаргалсайхантай ярилцлаа.
Зураан сарын турш цахимаар дээрэлхүүлсэн охин амиа хорлохоор оролдсон
Саяхан 15 настай охин зургаан сарын турш цахим хүчирхийлэлд өртөж, үүнийгээ гэр бүлийнхнээсээ нууж амиа хорлохыг завджээ. Муу зүйл холуур өнгөрсөн ч охин сэтгэл заслын эмчилгээнд сар гаруй хугацаанд хамрагдаж байж дээрдсэн…
Энэ мэт тохиолдлууд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, нялх үрсийн маань амьдралд хар толбо үлдээсээр байна. Цахим дээрэлхэлт сүүлийн жилүүдэд ийнхүү хүчээ авсан нь цар тахалтай холбоотой гэнэ. Хөл хорионд бүх цагаа өнгөрүүлж буй хүүхдүүдийн интернэт орчинд зарцуулах хугацаа эрс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд онцлон дурджээ.
Харин манайхны дунд цахим дээрэлхэлтийн талаар ойлголт дэндүү дутмаг байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Эцэг эхчүүд нь ажилтай гэсээр үр хүүхдээ анзаардаггүй, хүүхэд өөрөө ч бусдадаа дээрэлхүүлж байгаагаа мэддэггүй гэнэ.
Сэтгэл судлаач Т.Жаргалсайхан цахим дээрэлхэлтийг тодорхойлохдоо “Cyberbullying гэдэг нь фэйсбүүк, инстаграмм зэрэг олон нийтийн нийгмийн сүлжээг ашиглан бусдыг доромжлох, сүрдүүлэх замаар тухайн хүнийг сэтгэл гутралд оруулахыг хэлнэ” хэмээн хэлсэн юм. Өмнө нь сургуулийн орчинд л дээрэлхүүлээд өнгөрдөг байсан бол цахимаар дээрэлхэнэ гэдэг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр таны хүүхдийг далдаас дарамталж байдаг байх нь ээ.
Хүүхдүүд нэг нэгнээ өдөж шоглохыг хэвийн зүйл л гэж боддог талаараа сэтгэл зүйчид ярьдаг гэнэ. Хүүхэд байхад иймэрхүү зүйл таарах л зүйл гэж боддог учраас өөрийгөө дээрэлхүүлж байгаагаа ч мэддэггүй ажээ.
Цахим дээрэлхэлтэд өртсөн эсэхээ дараах үйлдлээс мэдэж болно.
! Биеийн онцлогоор хочилж дуудах /дөрвөн нүдэт, онигор, шогийн мод, зэрэг/ ! Гэрэл зургийг зөвшөөрөлгүй авч эвлүүлэх /meme хийх зэргээр фэйсбүүк группт түгээх, хэсэг хугацааны дараа дахин байршуулах / ! Дээрх үйлдлүүд тааламжгүй санагдаж, хязгаараас давсан мэт мэдрэмж төрөх |
Битгий гэж учирласан ч энэ үйлдлээ үргэлжлүүлсээр байх нь цахим дээрэлхэлтийн энгийн жишээ юм шүү. Тиймээс хэн нэгний хийж буй үйлдэл танд өчүүхэн ч гэсэн таагүй мэдрэмж төрүүлэх төдийд зогсоогоорой
Бичлэг үзэх:
Таагүй санагдсан зурвасыг скрийншот хийж хадгал
Цахим дээрэлхэлтийн өөр нэг хэлбэр нь мессэнжерээр сүрдүүлэх юм. Ингэхдээ голдуу зохисгүй үг хэллэгтэй, заналхийлсэн утгатай зурвас илгээдэг.
Хорон үгтэй зурвас бичиж, өдөж нэгнээ хоргооно. Мэдээж бухимдсан хүүхэд уурлаж эргүүлээд мөн л сөрөг үгс бичдэг байна. Яг энэ үед цахимаар дээрэлхэж байгаа хүүхэд өөрийн илгээсэн зурвасуудаа устгаж, тухайн хүүхдийг л буруутай мэтээр ойлгуулах хэсгийг нь скрийншот хийж хадгалдаг.
Үүнийгээ өөрт нь үзүүлж бусдад харуулна гэж дарамтална...Занганд орсон хүүхэд тэрхүү таагүй зурвасаа бусдад дэлгэгдэхээс ичиж, асуудал үргэлжилнэ.
Ерөөсөө ийм энгийн зүйлээс л цахим дээрэлхэлт эхэлдэг байна. Иймээс ямар ч тохиолдолд зурвасаа устгаж болохгүй, өөрийг чинь дээрэлхсэн өнгө аястай зурвасыг заавал скрийншот хийж дотнын найз нөхөд рүүгээ явуулаарай.
Энэ нь дээрэлхүүлсэн гэдгийн баримт, нотолгоо болдог гэдгийг бүү мартаарай хэмээн сэтгэл судлаач Т.Жаргалсайхан онцолсон юм.
Дээрэлхсэн өнгө аястай зурвас ирвэл дараах аргыг ашиглаарай.
Үүнд:
✔ Чат илгээж буй хаягийг репорт хийх, ✔ Ирсэн чатыг скрийншот хийх, дотны найздаа хувилж хадгалуулах ✔ Өөрөө хариу бичихгүйгээр блок хийх |
Эдгээр нь дээрэлхэлтийг даамжруулдаггүй. Ингэснээр хүний эрхэнд орохгүйгээр өөрийгөө зөв удирдан сэтгэл зүйгээ тайван байлгахад тусалж чадна.
Томчууд л туслахгүй бол дээрэлхэлтээс гарч чадахгүй
Хэн ч, хэнийг ч өөрийнхөө эрхэнд оруулж болохгүй, энэ нь хууль бус үйлдэл гэдгийг хүүхэд мэддэг байх ёстой.
Асуудалд орсон, дээрэлхүүлсэн, таагүй санагдсан тохиолдолд заавал томчуудад хандаарай.
Бусдын болон чиний буруу аль нь ч байсан хамгийн зөв гарц нь гэр бүлийнхэн, багштайгаа ярилцаж туслалцаа хүсэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг Т.Жаргалсайхан сэтгэл судлаач зөвлөлөө. Яагаад гэвэл хүүхэд цахим дээрэлхэлтэд өртсөн л бол томчуудын тусламжгүйгээр давж гарах амаргүй гэдгийг онцгойлон захисан юм.
Тэрбээр “Цахим дээрэлхэлт цахим орчинд л өрнөдөг учир томчуудад хэлэхээс нааш мэдэх боломжгүй. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлснийг юман чинээ тоодоггүй. Хүүхдүүд нэгнээ шоглоо л биз, юун сүртэй юм, хүний үг даахгүй” гэж хэнэггүйхэн өнгөрүүлдэг. Асуудлаа хэлж байхад ийм хариу сонссон хүүхэд асуудлаа хав дардаг. Дахиж энэ талаар хэнтэй ч ярьдаггүй. Үүнээсээ болоод ганцаардаж, сэтгэл гутралд орж бүр муугаар яривал амиа хорлох оролдлого хийхийг ч үгүйсгэхгүй.” хэмээн анхаарууллаа.
Хүүхдэд асуудал тулгарсныг дараах шинж тэмдэг илэрхийлдэг. Үүнийг нь эцэг эхчүүд маань маш сайн анзаарч байх хэрэгтэй гэв. Тухайлбал:
✖ Таны хүүхдийн сурлагын амжилт муудсан уу? ✖ Сургуульдаа очихоос, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж байна уу? ✖ Дуудлага ирэхэд тасалж байна уу эсвэл танаас холдож ярьж байна уу? ✖ Компьютер дээрээсээ интернэт ашигласан түүхээ устгасан уу? ✖ Интернэтэд холбогдсныхоо дараа сэтгэл зүйн байдалд нь өөрчлөлт орсон уу? ✖ Юм асуухаар дуугарахгүй эсвэл уурлаж, уцаарлаж байна уу? |
гэдгийг анзаараарай. Энэ үйлдлүүдээр дээрэлхэлтэд өртөж байна гэж шууд хэлж чадахгүй ч иймэрхүү шинж илрэх нь үеийнхэндээ дээрэлхүүлж байна гэдгийг Т. Жаргалсайхан сэтгэл зүйч онцлон хэллээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.