Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Шинжлэх ухаан – эдийн засаг” тусгай буландаа Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эдийн засагч Т.Дорж академичийг урьж оролцууллаа. 

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sh.D) Т.Дорж Монгол Улсын хөгжлийн ирэх 30 жилийн хөгжлийн луужин болох “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхэд гар бие оролцсон эрдэмтдийн төлөөлөл юм. Түүнтэй шинжлэх ухаан, технологийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, мэдлэгийн эдийн засаг, оюуны чадвар үндэсний баялгийн талаар ярилцлаа. 


Шинжлэх ухааны салбарын хөгжлийг орчин цагаар тоолбол 100 жилийг түүчээлж өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Монголчуудын уламжлалт шинжлэх ухааны хөгжлийн түүхээс баярын энэ өдрүүдэд эргэн дурсах нь зөв болов уу? 

Монголчууд буурал түүхийн нугачаанд мандан бадрал, уруудан дороотлын аль алиныг туулахдаа хөгжлөөрөө уламжлалт үнэт зүйл, өв соёл түүхээ тээн өртөөлсөөр ирсэн. Өнө эртнээс “Эрдэм ном эрхэм баян” гэсэн монголчуудын шүтэн барилдлагаар ухаантан суутнуудын их бүтээл хөлгөн сударт өвлөгдөн ирсэн сайхан түүхтэй ард түмэн. 

Эрт үеэс оюуны ертөнц, оюун ухааны хүч чадлыг өндөр үнэлэн эрдмийг эрхэлдэг газрыг бий болгож байсан түүхэн баримтууд бий. Тухайлбал, Монголын эзэнт гүрний үед их Чингис хаан “Цэцдийн зөвлөл” байгуулж эрдэмтэн мэргэдийнхээ оюуны чадавхад үндэслэн бодлого шийдвэрээ гаргадаг байсан. Хувилай Сэцэн хаан 1275 онд Монголын бичгийн мэргэдийн хүрээлэн буюу одоогийнхоор Шинжлэх ухааны академийг байгуулсан байна. Энэ хүрээлэн нь судар ном зохиохын зэрэгцээ Монголын ард түмнийг сэтгэлгээний төвийн үүргийг гүйцэтгэж ирсэн талаар АНУ-ын нэрт эрдэмтэн М.Россаби нотолж бичсэн байдаг. 

Монголын их гүрэн Ази-Европын уудам нутагт өрнө дорныг холбон нэгтгэснээр эдгээр хоёр тивийн хооронд соёл иргэншил, эдийн засаг, худалдааны харилцааг бодитоор бий болгон өнөөгийн даяаршлын эхний давлагааг эхлүүлсэн гэж эрдэмтэд дүгнэдэг. 

-Тэгвэл ардын хувьсгалаас зах зээлийн шилжилтийн үеийн шинжлэх ухааны хөгжлийн түүхийг бас хуваалцана уу, Та? 

Ардын хувьсгалтай зэрэгцэн түмэн олноо соён гэгээрүүлэхийн тулд шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх зорилгоор номын хүрээлэн байгуулах саналыг Ардын Засгийн газарт тавьснаар Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан. Дараа нь улс орны хөгжлийн шаардлагыг харгалзан байгаль, нийгмийн ухааны судалгааг өргөжүүлэх зорилгоор 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн болж өөрчлөгдөн  мал аж ахуйг эрхлэн хөтлөх арга технологийг боловсронгуй болгох, малын гаралтай түүхий эдийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах улмаар эх орны хөнгөн үйлдвэрийн эх суурь тавигдсан гэж болно.

1942 онд МУИС-ийг байгуулсан нь шинжлэх ухаан, технологийн хөгжил, боловсон хүчин бэлтгэхэд асар их түлхэц болсон. Шинжлэх ухааныг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс 1957 онд Шинжлэх ухааны хүрээлэнг МУИС-тай нэгтгэн Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэн (ШУДБХ) болж зохион байгуулснаар эрдэмтэн багш нарын хүч мэдлэг шинжлэх ухааны салбарын материаллаг баазад чухал нөлөө үзүүлсэн гэж боддог.  

1961 онд ШУА-ийг байгуулж, түүний харьяанд түүх, хэл зохиол, байгалийн ухаан, хими физик, математик, эдийн засаг, анагаах ухаан, хөдөө аж ахуйн чиглэлээр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд байгуулагдсан байдаг. Ийнхүү өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль нийгмийн хөгжлийн зүй тогтлын талаарх мэдлэгийн тогтолцоо, түүнийг танин мэдэх сансар хорвоогоос бичил ертөнцийн нууцыг тайлах хүртэлх өргөн цар хүрээний цогцлол болон өвөрмөц нарийн оюуны үйлдвэрлэл, шинжлэх ухааныг зүй тогтлоор нь хөгжүүлэх өргөн боломж нээгдсэн юм. 

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд ард түмнээ бичиг үсэгтэй болгоход ихийг бүтээсэн. Монголын ард түмний энэхүү соёлын том амжилтыг ЮНЕСКО үнэлж тус хүрээлэнг 1970 онд өөрийн хүндэд диплом алтан медалиар шагнасан. 

1970-1980 онуудад геологи, биологийн салбарын эрдэмтэд Монгол орны бүх нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн нөөцийн сэдэвчилсэн зургуудыг сансрын мэдээлэл ашиглан зохиосон бөгөөд энэ нь үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хөтөлбөр боловсруулахад үндсэн суурь болсон юм. 

1971 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороо /ШУТУХ/-г байгуулсан нь улс орны хэмжээнд техник, технологийн нэгдсэн бодлого явуулах салбарын шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг байгуулж, материаллаг баазыг бэхжүүлэх, гадаад орнуудтай шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах талаар томоохон үүрэг  гүйцэтгэсэн. 

1988 онд ШУТУХ Шинжлэх ухаан ухаан техник, дээд боловсролын улсын хороо (ШУТДБУХ) болж эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын холбоо бэхжиж, хамтарсан сургалт судалгааны ажлыг өргөжүүлсөн бол1980-1990 онд Монголд электроникийн үйлдвэрлэл хөгжих боломжтойг Физик техникийн хүрээлэн харуулж өгсөн. Хагас дамжуулагч нарны зай, салхин генераторын үйлдвэрлэл эхэлж сэргээгдэх эрчим хүчний суурь тавигдах, технологи боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх үе байсан гэж хэлж болно. 

-За тэгвэл зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 30 гаруй жилийн салбарын түүхийг хөндье. Хэрхэн яаж өөрчлөгдсөн, шинэчлэл нь юу байв?

1990 оны ардчилсан хувьсгалын хямрал Монголын нийгэм, эдийн засгийг нийтэд нь хамарч манай салбарт улам бүр нөлөөлсөн. Хэдийгээр санхүүжилтийн хэмжээ эрс буурсан ч жинхэнэ бүтээж туурвих бололцоог олгосон. 

Энэ үүднээс нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд гарсан цочир өөрчлөлттэй уялдан Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого (1998), Технологи дамжуулах тухай хууль (1998), ШУА-ийн Эрх зүйн байдлын тухай хууль (1996) зэрэг шинжлэх ухааны багц хуулиуд батлагдаж, Монголын шинжлэх ухааныг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, энэ харилцаанд хөл алдуулахгүй байлгах, боловсон хүчний нөөц, материаллаг баазыг хадгалж үлдээх, шинэ нөхцөлд зохицсон шинжлэх ухааны шинэ тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн. 

ШУА-ийн Эрх зүйн хуулиар академийг шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага болохыг хуульчлан тодорхойлж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийг Засгийн газрын дэргэд байгуулж, улсын захиалгатай шинжлэх ухаан технологийн төслийг санхүүжүүлэх,төслийн үр дүнг үнэлэх зорилго бүхий Шинжлэх ухаан, технологийн санг шинээр байгуулсан. 

Монголын шинжлэх ухааны гүнзгий хямралын өөр нэг шалтгаан бол түүний үр дүнг хүлээн авах нэвтрүүлэх үүрэг бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хувьчлал нэрийн доор хумигдаж устаж байсан үе юм. Төслийн санхүүжилт буурч экспедици зохион байгуулах ажил үйлчилгээг захиалгаар гүйцэтгэх боломж хязгаарлагдаж байгууллагын орлогын эх үүсвэр шавхагдан дарамтад орж, их зардлаар бэлтгэгдсэн боловсон хүчин эрдэмтэн, судлаачид бизнесийн хүрээлэл, гаднын орон руу дайжихад хүргэж, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын тоо 1990 оныхоос одоо 3 дахин буурсан.

Хэдий тийм ч ХХ зуунд олсон нэгэн ололт нь үндэсний шинжлэх ухааны чадавхтай болсон явдал юм. Хэдийгээр 1 сая хүнд оногдох шинжлэх ухааны ажилтны тоо болон нэг эрдэм шинжилгээний ажилтанд ноогдох судалгаа боловсруулалтын зардлын хэмжээ нэг хүн амд ноогдох шинжлэх ухааны зардлын хэмжээ зэрэг санхүүжилтийн үзүүлэлтүүдийн хувьд олон улсын харьцуулалтаар ихээхэн доогуур байгаа боловч шинжлэх ухааны бүтээлийн хувьд харьцангуй дундаж түвшинд явж байна. 

Сүүлийн 15 жилийн дотор Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5,1 дахин өссөн төдийгүй жилийн дундаж өсөлт 9 хувьтай байна. Шинжлэх ухааны томоохон мэдээллийн сангуудын нэг болох скопуст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азидаа 20 дугаарт, Nature, Science бусад томоохон олон улсын сэтгүүлд 500 гаруй өгүүлэл сүүлийн 6 жилд хэвлэгджээ.

-Монголын шинжлэх ухааны салбарын санхүүжилт олон улсынхтай харьцуулшгүй доогуур. Энэ тогтолцоог хэрхэн яаж зохицуулах уу?

2019 оны байдлаар дэлхий улс орнууд шинжлэх ухаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 0,2-4,8 хувийг зарцуулсан гэх судалгаа бий. 

Тухайлбал, Израйл 4,0 хувь, АНУ 2,84 хувь, Япон 3,5 хувь, БНХАУ 1,98 хувь, ОХУ 1,5 хувь, Африкийн орнууд дунджаар 0,2 хувийг зарцуулжээ. Гэтэл манайх 0,12 хувийг шинжлэх ухаан, технологидоо зарцуулсан байна. 

Эндээс харахад Африкийн орнуудын түвшнээс ч бага мөнгө шинжлэх ухаанд зарцуулж байна. Ийм ч учраас ЮНЕСКО-гийн зүгээс Африкийн орнуудад 10 хувьд хүргэх, ШУА байгуулахыг зөвлөмж болгосоор байна.

Эрдэмтэн судлаачдын судалгаанаас үзэхэд шинжлэх ухаан судлалд аливаа улс орны шинжилгээ судалгаа боловсруулалтад зарцуулж буй зардлын хэмжээ нь ДНБ-ий 0,4 хувиас доош байвал шинжлэх ухаан нийгэм соёлын үзэгдэл төдий, 0,8 хувиас дээш байвал танин мэдэхүйн түвшинд, 1,0 хувиас дээш байвал улс үндэсний хөгжилд тус нэмэр болдог гэж үздэг. 

Эндээс үзэхэд төр засаг анхаарч шинжлэх ухаан, технологи, инновацид гаргах хөрөнгө мөнгөө нэмэх шаардлагатай. Ингэвээс шинжлэх ухаан баялаг болох үйл явц эрчимжинэ. 


-“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал хэрэгжүүлснээр эдийн засагт ямар өөрчлөлт гарч, ард түмний амьдрал аль хэр сайжрах төсөөлөл Танд байна вэ?

Энэхүү урт хугацааны баримт бичгийн эдийн засгийн тооцоонд урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулахдаа, эхний 10 жилийн эдийн засгийн хөгжлийн тооцоолол төсөөллийг  нэгд, суурь хувилбар буюу эдийн засгийн хөгжлийн өнөөгийн хандлага цаашид хэвээр үргэлжлэх, төрийн оролцоо зохицуулалтыг өнөөгийн түвшинд байлгах, хоёрт, “Ногоон эдийн засаг” хувилбар буюу малын тоо толгойн өсөлтийг бэлчээрийн даацад нийлүүлэх, гуравт, томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөхцөлийг оролцуулан тооцсон хувилбар буюу ногоон эдийн засаг хувилбар болон бизнесийн болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг хамтатгах хувилбар гэсэн 3 хувилбараар гүйцэтгэсэн.

2020-2030 онд ДНБ-ий үйлдвэрлэлийн хэмжээ 2018 оны валютын ханшаар 32,1 тэрбум долларт хүрэхээр байна. Энэ үед ДНБ-ий 31,4 хувийг уул уурхай, олборлох салбар, 14,6 хувийг боловсруулах аж үйлдвэр, 10,5 хувийг худалдааны салбар бүрдүүлэх тооцоо гарсан. 

2031-2040 онд ДНБ-ий үйлдвэрлэлийн хэмжээ 2018 оны валютын ханшаар 54 тэрбум долларт хүрч 1 хүнд ногдох хэмжээ 12004 долларт хүрч өснө. Энэ үе шатанд боловсруулах аж үйлдвэр, ложисткийн салбарт хамгийн өндөр өсөлт бий болохоор байна. 

2041-2050 онд ДНБ-ий үйлдвэрлэлийн хэмжээ 2018 оны валютын ханшаар 77,7 тэрбумд хүрч 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 15000 долларт хүрч өснө. Энэ үед ДНБ-ий 27,4 хувийг боловсруулах аж үйлдвэр, 25,3 хувийг уул уурхай олборлох салбар, 11,6 хувийг тээвэр ложисткийн салбар бүрдүүлэхээр байна. 

Эдгээр салбаруудаас гадна эрчим хүч, аялал жуулчлал, болон бүтээлч эдийн засгийн салбаруудад өндөр өсөлт бий болохоор байгаа. Монголын эдийн засгийн гадаад зах зээлээс хамааралтай байдал үгүй болж хэрэглэгчдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжих юм. 


-Манай эдийн засаг нэг бол өслөө, нэг бол уруудлаа гэх хэлбэлзэл тогтолцоондоо байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

Манай эдийн засгийн өрөөсгөл бүтэцтэй холбоотой. Манай эдийн засгийн бүтцэд 1994 онд хөдөө аж ахуйн салбар 32,3 хувийг эзэлж байсан бол 2018 онд 10,8 хувь болж буурсан. Уул уурхайн өсөлтийн нөлөөгөөр аж үйлдвэр, барилгын салбар 8,5-30 хувь болж өссөн. 

ДНБ-ий үйлдвэрлэлийн 3/1, нийт ажиллах хүчний 5/2, нийт экспортод эрдэс түүхий эдийн эзлэх хувийн жин 90 орчим хувьд хүрсний дээр гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбар руу орж ирж байна. Уул уурхайн салбараас хэт хамааралтай манай эдийн засгийн өрөөсгөл бүтэц эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж чадахгүй нийгмийн үзүүлэлтүүдэд шилжих боломжийг хязгаарлаж байна. 

Сүүлийн 20 жилд манай эдийн засагт 3-4 жил тутамд өрнөл уналтын мөчлөг тохиолдож байгаа нь хүн амын амьжиргаа, ядуурлыг бууруулах болон нийгмийн асуудлуудыг сайжруулах боломжийг хязгаарлаж байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлт нь уул уурхайн капитал багтаамж өндөртэй цөөн салбар компаниудад бий болж байгаа нь хүртээмжтэй өсөлт сул байх, өсөлтөөс бий болсон орлого нь импортоор авч буй машин, тоног төхөөрөмж, шатахуун, эрчим хүч гэх мэт тээврийн, зураг төсөл, барилга байгууламж гэх зэрэг үйлчилгээ, ноогдол ашгийн төлбөр зэрэгт эргээд гадагшаа гарч байна. 


Манай улсын нийт экспортод БНХАУ-ын эзлэх хувь 90 хувьд хүрээд байна. Энэ нь манай эдийн засаг Хятадын эдийн засгаас хамааралтай болж, тус улсын эдийн засгийн өсөлтөд гарч болох аливаа савлагаа гадаад эрэлтээр дамжин дотоод эдийн засагт шууд нөлөөлөх нэг эрсдэл болж байна. Иймд богино, дунд, урт хугацаанд эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг дэмжих макро эдийн засгийн богино, дунд, урт хугацааны шат дараалсан бодлого хэрэгжүүлэх, бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг тэтгэсэн солонгорсон олон тулгуурт бүтцийг бүрэлдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. 


-Эдийн засагчийн хувьд Та Ковид-19 манай эдийн засагт хэрхэн, яаж нөлөөлж байгааг судалсан байх. Байдал ямар байна вэ?

Цар тахлын улмаас 2019 оны сүүлээс 2020 оны эхний есөн сард Монголын эдийн засаг 7,3 хувиар буурсан нь 1990 оноос хойших хамгийн хүнд уналтын нэг байсан. Түүхий эдийн үнэ огцом буурч, БНХАУ хилээ хаасан нь уул уурхайн салбарт хүндээр тусаж судалгаанаас үзэхэд COVID-19-ийн нөлөө ЖДҮ, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, барилга, боловсролын салбар дахь аж ахуйн нэгжүүдэд хамгийн хүндээр нөлөөлсөн билээ. Гэсэн хэдий ч Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих, ажлын байрыг хадгалах цогц хөтөлбөр нь бизнесүүдийг хаалгаа барихаас хамгаалж чадсаны дээр (“Алсын хараа 2050”) урт хугацааны үзэл баримтлалын эхний үе шатны хэрэгжилтэд нөлөөлж байна. 

Дэлхийн улс орнуудын хэтийн төлөв тодорхойгүй, ялангуяа вирусийн мутаци түгшүүр зарлаж буй хэдий ч вакцинжуулалт хийгдэж байгаа нь айдсыг багасгаж байна. Эдийн засгийн сэргэлт улс орон бүрд харилцан адилгүй байна. 

2021 онд Монгол Улсын эдийн засгийн хүлээгдэж байгаа өсөлт 5% байгаа нь “Алсын хараа 2050” урт хугацааны үзэл баримтлалын эдийн засгийн дундаж өсөлттэй дүйцэж буй хэдий ч цар тахлын өмнөх түвшинд хүрч чадаагүй байна. 

Цар тахлын нөхцөл байдал цаашид яаж эргэхийг бид нарийн таамаглаж чадахгүй байна. Дэлхийн банкнаас хийсэн мэдэгдэлд Зүүн Ази, Номхон далайн орнуудын цар тахлын эсрэг явуулж буй бодлогын үр нөлөө төсвийн алдагдлыг эрс нэмэгдүүлсэн.

Монгол, Малайз, Лаос зэрэг орнуудын Засгийн газрын өр ДНБ-ий 60 хувийг давсан нь эдийн засгийн идэвхжил буурч нийгмийн халамжийн зарцуулалтыг нэмэгдүүлснээс үүдэлтэй ба ялангуяа Монгол Улсын нийт өр ДНБ-ээс бараг 3 дахин их болсныг анхааруулсныг харгалзан цар тахлын үеийн эдийн засгийн бодлогыг өрнөөс ангижрах бодлоготой уялдуулбал зохино. 


-Эдийн засгийн үзүүлэлт тааруу байгаа энэ нөхцөлд шинжлэх ухаан, эдийн засгийн үзүүлэлтээ нэг их савлуулахгүйгээр төв байлгахад хамгийн тэргүүнд анхаарч, авч хэрэгжүүлэх зүйлийг хэлж өгнө үү?

Эхний алхамд үндэсний шинжлэх ухаан, технологийн салбарын оюуны болон бусад нөөцийг бүрэн дайчлах шаардлагатай. Эдийн засгийн үндсэн салбарууд болон шинжлэх ухааны салбарт ажиллагчдын мэдлэг, дадал, туршлагыг тасралтгүй сайжруулж сургалт, орчин нөхцөлийг гадаадын стандартуудад нийцүүлэхийг зорилго болгох. 

Хоёрт, даяаршиж буй ертөнцөд өөрийн байр сууриа эзэлж, хэл, түүх, уламжлалт соёл, иргэншил зан заншлынхаа дархлааг хангах, үндэсний онцлогоо бэхжүүлэх асуудал. Монгол төвтэй дэлхийн монгол судлалыг хөрш зэргэлдээ болон бусад орнуудтай хамтран цаашид улам баяжуулан хөгжүүлж, эрин үеийн нийгэм хүмүүнлэгийн ухааны бие даасан томоохон чиглэл болгох шаардлагатай байна.

Гуравт, глобаль хөгжлийн үед бүс нутгийн интеграци-даяаршлын чиг хандлага, өөрчлөлтийг бүтээлчээр тандаж байх хэрэгтэй. Ирээдүй рүү чиглэсэн гол асуудлаа зөв тогтоож, шинжлэх ухаанд тулгуурлан алсыг харсан бодлого боловсруулдаг болох, хөгжлийг төлөвлөхдөө гадаад орны туршлага, дотоодын шинжлэх ухааны чадавхиа ашиглаж занших хэрэгтэй байна.

Дөрөвт, шинжлэх ухаан - төр – бизнесийн түншлэлийг бүх шатанд хөгжүүлэх шаардлагатай. Сүүлийн 3 жилийн үзүүлэлтийг харахад СБА-ын салбарын санхүүжилт өссөн харагдах ч ДНБ-ий өсөлтөөс хоцорч байна. ШУТ-ийн салбарын санхүүжилт ДНБ-ий дөнгөж 0,12 хувь орчим байгаа нь бусад орныхоос  6-10 дахин доогуур үзүүлэлт. Төрийн зүгээс онцгой анхаарч санхүүжилтийг  ДНБ-ий өсөлтгэй хамаатуулан уяж, тэр байтугай орчин үеийн мэдлэгийн эриний шаардлагад нийцүүлэх, түрүүлж өсгөж байх ёстой. 

Тавд, байгалийн баялагт тулгуурласан нь эдийн засгийн өсөлт алс ирээдүйд явцгүй гэдгийг одооноос ойлгож, харин энэ өсөлтөөс бий болох ашиг орлогоор хуримтлал капитал болгох замаар шинжлэх ухаан инновацид түшиглэсэн олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.