Нийслэлийн ГБХЗХГ-аас эрхлэн гаргаж байгаа "АЙЛ ГЭР" подкастын ээлжит дугаараар хүүхдийн болзошгүй эрсдэл, mүүнээс хэрхэн хамгаалах талаар НГБХЗГ-ын мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг гэж хэрхэн ойлгох вэ? 


Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй гэж заасан байдаг.  

Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажил их өргөн хүрээтэй. Хүүхдийг хүчирхийллээс, нийгмийн бүхий л орчинд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлдэг. Хүүхэд бүрийг үл хайхрах, дарамт хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрийн эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой, олон талт цогц мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ. 


Хүүхдэд аюул учруулж болох хүчин зүйлсийг хэд хэдэн бүлэгт хуваадаг.

Тухайлбал, ахуйн хүрээний осол гэмтэл, байгалийн гамшигт үзэгдэлээс үүдсэн осол, зам тээврийн осол, гудамж талбай, нийтийн эзэмшилийн газарт өртөх эрсдэл зэрэг байна. 


Хүүхдүүдэд хамгийн түрүүнд тулгардаг эрсдэл бол ахуйн хүрээний осол гэлээ. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? 


-Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс сэргийлж, хамгаалахад эцэг эхийн оролцоо, халамж хамгийн чухал. Даанч гэртээ байна гээд санаа амар орхичихдог хүмүүс цөөнгүй. 


Хамгийн энгийн жишээ гэхэд хариуцлагатай эцэг эхчүүд хэзээ ч хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээдэгүй. Цаашлаад байр,орон сууцанд амьдардаг бол цонхонд  хаалт, хашлага хийх хэрэгтэй. Цонхоор давж унаад бэртэж гэмтсэн, харамсалтайгаар амиа алдсан тохиолдлууд цөөнгүй. Мөн бага насны хүүхдэд орноос унагахаас сэргийлэх хашлага ч хэрэгтэй. Томчуудад намхан санагдаж болох ч хүүхдүүд унавал маш хүндээр гэмтэх эрсдэл өндөр. Гэрт амьдардаг бол зуухны ойр орчимд хаалт заавал тавих ёстой.


Халуун тогоо ус буцалгагч гэх зэрэг эрсдэлтэй цахилгаан хэрэгсэл, цахилгааны утасны аюулгүй байдлыг хангах нь чухал. Санамсаргүй байдлаар тогтой утасны үзүүрээс атгахад л нэгхэн хоромд түлэгдэнэ шүү дээ. 


Мөн хутга мэс гээд хурц үзүүртэй зүйлсийг байнга далд тавих, химийн бодис угаалгын нунтаг зэргээс ч хамгаалах шаардлагатай. 

ОБЕГ-ын судалгаагаар 2020 онд гэнэтийн осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 32 хувь нь цэцэрлэгийн насныхан байсан. 

Эцэг эхчүүд маань тун няхуур байх хэрэгтэй. Хүүхдээ хамгаалах цорын ганц хүн гэдгээ цаг үргэлж санаж байгаарай. 



Гэрээс гадуур орчинд хүүхдийг аюулгүй байдлыг хэн хангах вэ?

Зам тээврийн осол бэртлийн тухайд гэвэл хүүхдийг тэвээрлэхдээ заавал зориулалтын суудалд суулгах ёстой. Зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн ихэнх нь зориулалтын суудалд суугаагүйгээс ослын үеэр цонхоор шидэгдэн амь насаа алддаг гэсэн харамсалтай мэдээлэл бий. 

Хөдөө орон нутаг, аялал зугаалгад явахдаа байгалийн хүчин зүйлээс шалтгаалах эрсдэлийг тоцоож аюулгүй байлдыг хангах хэрэгтэй. Хүүхдээ голын ай савд тоглуулахдаа анхаарлаа хором ч сарниулж болохгүй. Мөн тоглоомын талбайд гаргах гэж байгаа бол халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж сурах хэрэгтэй. 

Амны хаалтаа авч болохгүй, гэртээ орж ирээд гараа заавал угааж уриатгах, хувцасаа сольж өмсөх гээд энгийн жижиг зүйлсийг ч эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэн харуулж, даган дуурайлгаж байж хүүхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалах юм шүү. 

Түүнчлэн гудамж талбайд ил задгай тасарсан, унжсан цахилгааны утас байх юм бол 7004-7004 утсанд мэдээлээрэй. Тухайн гэмтлийг засаж, аюулгүй болгох хүртэл хүүхдээ ч, өөрсдөө ч ойртож болохгүй гэдгийг анхаараарай. 


Үер усны аюулаас хүүхдийг хамгаалахын тулд нийслэлийн ОБЕГ, ЦЕГ болоод есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвүүд хамтран зуны саруудад Туул голын орчимд эргүүл хийдэг. Энэ жил “Анхаарал хариуцлага-эрсдэлгүй орчин, нэгдүгээрт хүүхэд” уриан дор хэрэгжиж байгаа.


БЗД, ХУД, Тэрэлж, Хэрлэн, Туул голын ай сав гэсэн үндсэн таван байршилд ажилтнууд ээлжлэн эргүүлд гарч байна. Ингэхдээ ногоон бүсэд амарч, зугаалж буй иргэдэд зөвлөгөө өгч, анхааруулан буцаах зэргээр ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн энэ ажил ирэх ес дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.