Харахад жижиг ч хазвал насан туршийн эмгэг үлдээж чадах хөнөөлтэй амьтан бол хачиг. Хачигт халдварын тархалт, хор уршиг болоод түүнээс хэрхэн сэргийлэх талаар ЗӨСҮТ-ийн ахлах тархвар судлагч эмч АУМ Л.Роломжавтай ярилцлаа.

Хүний биеийн аль тохиромжтой газар олж хазах гэж бараг хоёр цаг хүртэл бие дээр асаж явдаг 

Хачиг голдуу нимгэн арьстай газрыг сонгож хазна.Гэхдээ шумуул шиг суусан газраа хазчихдаггүй. Хүний биеийн аль тохиромжтой газар олж хазах гэж бараг хоёр цаг хүртэл асаж явдаг

Хачиг болгон л халдвар тараадаггүй гэнэ. Халдвартай хачиг буюу нян, вирусаар халдварласан хачиг л хүнийг өвчлүүлдэг байх нь. Гэхдээ хазсан л бол өвчин үүсгэгч вирус, нянгаа цусанд оруулж өвчлүүлдэг гэмтэй.

ЗӨСҮТ-ийн хийсэн судалгаагаар нийт хачигны 76,8 хувь нь халдвар тараадаг ажээ.  Иймээс хазсан л бол хоруу чанартай гэдгээрээ алдартай. 

Манай улсад 9 төрлийн 40 гаруй хачгийг илрүүлсэн байдаг. Монголд хамгийн түгээмэл байдаг нь улаан, бор хачиг юм. Бидний сайн мэдэхээр хонь мал дээр шимэгчилж амьдардаг нь бор хачиг ажээ. Халдварыг нь риккетсиоз гэнэ. Харин хус, хар модонд үрждэг нь улаан хачиг юм. Үүсгэдэг халдварыг боррелиоз гэдэг.

Хэрвээ улаан хачигнаас халдвар авч хүндэрвэл төв мэдрэлийн системийг ч гэмтээж цаашлаад амь насанд аюултай. Хусан ой ихтэй Сэлэнгэ, Булган, Дархан зэрэг найман аймгийн нутгаар голомтлон тархжээ. Улаан хачгаар халдвар авагчдын дийлэнх нь идэр насны эрчүүд гэнэ. Самар түүх, түлээ мод бэлдэхээр яваад халдвар авч, анзааралгүй удааж хүндрүүлдэг байна. Томчуудаас гадна хүүхдүүд ч хачигт халдварт өртдөг. 

Дөнгөж дөрвөн сартай хүүхэд хазуулж хүндэрсэн тохиолдол бүртгэгдэж байжээ. Самар түүж яваад ирсэн аав нь хувцасаа солилгүй тэвэрснээс хачигт халдварт өртсөн аж. Хэдийгээр бага зэрэг хүндэрсэн байсан ч оношилж эдгээжээ. 

Малд явж ирсэн томчууд хувцасаа гөвөхгүй, хачиг наалдсан эсэхийг төдийлэн шалгадаггүй. Хэнэггүй хээгүй зангийнх нь балгаар есөөс доош насны хүүхдүүд голдуу бор хачгийн халдварт өртдөг гэлээ.

Хачигт халдвар гэдэг нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. 

Манай улсад 2005 оноос хойш хачигт халдварын 300 гаруй тохиолдол бүртгэгдснээс 20 гаруй нь нас баржээ. Энэ тохиолдлуудын 75-80 хувь нь бор хачгаар, 10-12 хувь нь улаан хачгаар дамжсан байна.  


Халдвар зөнөгрөл, тэнэгрэл өвчний шалтгаан буюу хачигт халдвар

Хачигт халдварын уршиг насанд туршид ч үлдэж мэдэх гэмтэй.

Хачиг шигдчихэж, хүүхдийн чихний ард байсныг аваад хаячихлаа гэж ярьдаг шүү дээ. Энэ бол маш буруу ойлголт. Учир нь хачигт хазуулсны уршиг насанд туршид ч үлдэж ч мэдэх гэмтэй. 

Хоёр жилийн өмнө гэхэд Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтрааж явахдаа хачигт хазуулснаас болж хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тохиолдол ч гарсан ажээ. 

Тухайн үедээ бие сулрах, толгой өвдөх, халуурах, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг л шинж тэмдэг илэрч байсныг ахлах тархвар судлагч эмч АУМ Л.Роломжав ярилаа. 

Малчдын хувьд хачигт хазуулснаас болж халдвар нь даамжирч улмаар мэдрэл, үе мөчинд нь нөлөөлж хүндрүүлсэн тохиолдол цөөнгүй гэв. Тэр байтугай зөнөгрөл, тэнэгрэл өвчний шалтгаан ч болж байгааг судлаачид тогтоожээ.

Өнгөрсөн жил ЗӨСҮТ-өөс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд хачигт халдварын үлдэц илрүүлэх шинжилгээ хийжээ. Толгой нь өвддөг, унаж татдаг болоод удсан, ойр зуурын юмыг мартдаг хүмүүсийн цусны шинжилгээнээс үзэхэд хачигт халдвар үлдэцтэй гэдэг нь тогтоогдсон байна. Гоо сайхан талаасаа ч хазуулсан хэсгийн арьс үрчийж, хэлбэрээ алддаг. Тиймээс хачигт халдварт хайхрамжгүй хандаж болохгүй гэдгийг мэргэжлийн хүн онцгойлон захилаа. 



Хачиг тэнгэрээс унадаггүй 

Хүмүүсийн дунд хачиг тэнгэрээс унадаг гэх яриа бий. Уг нь тэнгэрээс унаж биш салхиар л дамжиж хүний биед наалддаг байх нь. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл хачиг тэнгэрээс буудаг гэсэн ойлголттой хүн олон байдгийг мэргэжлийн тархвар судлаач хэлэв. 

Ташрамд дурдахад монголчууд эртнээс хонин сүргээ өндөр өвстэй газар хэвтүүлдэггүй, хаврын цагт салхи сөргүүлж байж хотлуулдаг уламжлалтай. Энэ нь хачгаас сэргийлэх арга байжээ. 

Сонирхуулахад хачиг өсөж үржихийн тулд өндөр өвсний үзүүрт тогтдог гэнэ.  Хажуугаар нь бүлээн цустай амьтад өнгөрөх төдийд л наалдчихдаг. Эс бөгөөс хүчтэй салхи дэгдэхэд агаарт хөөрч яваад ямар нэг биет дээр тогтоно. 

Монгол орны хэмжээнд хийсэн тандалт илрүүлгийн шинжилгээгээр сүүлийн жилүүдэд халдвартай хачиг нэмэгдэх хандлагатай байна. Өвчтэй нэг хачигнаас 30 ширхэг өндөг гардаг. Өндөг бүр нь халдвартай төдийгүй үржилд ороод дахин 30 ширхэг өндөг гаргана гэх зэргээр үржихээр хачигны тоог  хязгаарлах, нарийн тогтоох боломжгүй юм. 

Амьтны биед шигдээгүй буюу өндөг хэлбэрээр байгаль дээр 8-10 жил тэсэж үлдэх чадвартай. 

Авгалдай үедээ хулгана, зурам зэрэг жижиг мэрэгчийг шимэгчлэн амьдарч томордог. Хүүхэлдэй үедээ туулай, тарвага, үнэг зэрэг дундаж биетэй амьтдад шигдэн амьдарна. Бие нь томрох тусам буга, хонь зэрэг том биетэй амьтад руу шилжин, шимэгчилж эхэлдэг.

Ингэж явсаар нас биед хүрсэн хойноо л хүний биед шигдэж, хазах чадвартай болдог байна.  Хачгийн амьдралын идэвхтэй үе нь 4-11 дүгээр сар юм.



Хачигт халдвараас хэрхэн хамгаалах вэ?

Хачиг хөнөөлтэй ч хамгаалах арга бий. Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх гурван тун вакцин байдаг. Эхний тунг хачгийн идэвхжлийн үед хийлгэдэг. Түүнээс зургаан сарын дараа хоёр дахь, жилийн дараа гурав дахь тунг хийлгэснээр хачигт халдвараас бүрэн хамгаалагдана. Давтан вакцинжуулалтыг гурван жилийн дараа хийлгэдэг байна.

ЗӨСҮТ-өөс голомтот нутгийн иргэд, цагдаа, эмнэлэгийн байгууллагын ажилтан, онцгой байдлын алба хаагчдыг заавал хамруулдаг. 

Мөн хачгийн голомттой нутгаар зорчих гэж байгаа бол сайн дураараа вакцин хийлгэх боломж нээлттэй байдаг гэнэ.  Хэрвээ та вакцин хийлгэх бол орон нутгийнхаа эмнэлэгт хандаж хийлгэхээ бүү мартаарай.

Тод өнгийн хувцас өмс, арьс ноолуур гэртээ бүү хадгал

Ой модоор явахдаа, хонины ноос хяргах, ямаа самнах зэргээр малд ойртох үедээ тод өнгийн хувцас өмсөх нь илүү тохиромжтой.  Тод өнгийн хувцас өмссөн бол хачгийг ялгаж харах боломжтой гэнэ. Хоёр цаг тутамд биеэ дээрээ байгаа эсэхийг шалгаж, гэрт орохоосоо өмнө хувцсаа сэгсэр. 

Малчид малын арьс, ноос ноолуураа гэртээ хадгалснаас болж хачигт хазуулсан тохиолдол олон. Иймээс малчдад малын арьс, үс, ноос ноолуурыг гэртээ  хадгалахгүй байхыг зөвлөлөө.

Бор хачгаас сэргийлэхийн тулд мал сүргээ хачиггүйжүүлэх хэрэгтэй. Социализмын үед хачигт халдварын тохиолдол цөөн байсан нь малыг улсын нэгдсэн төлөвлөгөөгөөр угаалгад оруулдаг байсантай холбоотой ажээ. Иймд мал сүргээ хачгийн идэвхжлийн үеэс өмнө шаардлагатай тариа, тарилгад хамруулахыг зөвлөж байна.


Хачигт хазуулсан бол яах ёстой вэ?

Дөрвөн хөлөөрөө арьсны хананд бэхлэгдээд амнаасаа нян ялгаруулж ойр орчимдоо хөндий зай үүсгэн хөндийд урсаж ирсэн цусаар “ундаалдаг” байх нь.

Хачиг шумуул шиг хатгаж, хүний цусыг хошуугаараа сордоггүй. Дөрвөн хөлөөрөө арьсны хананд бэхлэгдээд амнаасаа нян (энзим) ялгаруулж ойр орчимдоо хөндий зай үүсгэнэ. Ингээд л тэрхүү хөндийд урсаж ирсэн цусаар “ундаалдаг” байх нь.

Хэрэв энэ үед нь хүчтэй татаж гаргавал хошуу нь шигдэж үлдээд зогсохгүй, сорсон цусаа гулгих юм. Гулгисан цусаар хачигны доторх хор гадагшлах эрсдэлтэй. Иймд шууд сугалж авахаас татгалзаж, чих ухагч хөвөнгөөр бага багаар займчуулж гаргах нь зүйтэй. Хазуулсан хэсгийг спирт, иодтой хөвөнгөөр ариутгана.

Мөн хазуулсан хачгаа хаяж болохгүй. ЗӨСҮТ-ийн салбаруудад өгч лабораторийн шинжилгээ хийлгүүлээрэй. Ингэснээр халдвар хүндрэхээс өмнө урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч хэмжээ авч чадах юм. 

Хэрэв хачигт хазуулснаа сүүлд мэдвэл цуснаас дээж авч эсрэг биет үүссэн эсэхийг шалгаж болно. 

Лабораторийн шинжилгээнд үндэслэн эмчилгээ хийх шаардлагатай гэж үзвэл эмнэл зүйн эмч нарт зөвлөгөө өгч яаралтай хариу арга хэмжээ авдаг байна. 

Түүнчлэн ЗӨСҮТ-өөс жил бүр хачигны тархалтын тандалт мониторинг хийж аль нутгаар хэрхэн тархах уу гэдэг эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлдэг ажээ.