Тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэд хэд бүртгэгдсэн болон тэдгээрийн шинжилгээний хариуны талаар ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн дуудлага энэ долоо хоногт тасарсангүй. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 7 дугаар сарын 16-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 16 настай хүү тарваганы мах идсэнээс болж 40 хэм хүртэл халуурч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн мэргэжлийн баг очиж ажиллаж, сорьцыг аван ЗӨСҮТ-д шинжилгээ хийсэн. Хариу нь өчигдрийн 17.00 цагт гарлаа. Шинжилгээгээр тарваган тахлын халдвар аваагүй нь тогтоогдсон. 

Мөн Ховд аймгийн Үенч суманд 6 настай хүүхэд хөнөөсөн тарвагаар тоглож байгаад халуурлаа гэсэн дуудлага ирсэн. Очиж үзэхэд бүх биеэр нь тууралт гарсан, өндөр халуунтай байсан. Түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд хариу нь сөрөг гарсан. Улмаар эмнэлзүйн шинж тэмдэг, түргэвчилсэн оношлуураар тарваган тахал биш гэдгийг тогтоосон.

Ховд аймгийн Цэцэг суманд гарсан тарваган тахлын хоёр тохиолдлын нэг болох 27 настай эрэгтэйн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна. 16 настай хүүхэд эмчлэгдэж, 3 удаагийн хяналтын шинжилгээний хариу сөрөг гарсан учир эмнэлгээс гарсан. 

Тарваган тахлаас сэргийлэх талаар ЗӨСҮТ, Эрүүл мэндийн байгууллага, төр, захиргааны байгууллагаас анхааруулж байгаа боловч иргэд эрсдэл дагуулсан үйлдлийг дараалан гаргаж байна. 

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс үүдэн нэгдүгээр хавьтлуудыг тусгаарласан, хөл хориог цуцлаагүй байхад зэргэлдээ аймаг, сумдад нь тарвага агнасан, махыг нь идсэн, түүхий эд эрхтнийг нь хэрэглэсэн тохиолдлууд гарч байна. 

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн асуудал бол бэр гуйхаар хүмүүс очсон байхад буюу олон хүн цугларсан газар тарвага агнаж идсэн байна. Хариу нь сөрөг гарсан ч энэ бол тарваган тахлын халдвар тархах маш өндөр эрсдэлтэй. Тэнд байсан 10 гаруй хүн хоёр машинаар Улаанбаатар, Эрдэнэт хотыг зориод явж байсан. Хэрэв энэ тарваган тахлын тохиолдол мөн байгаад хүмүүс нь Улаанбаатар, Эрдэнэтэд ирсэн бол ямар их аюул дагуулах нь ойлгомжтой. 

Тэгэхээр иргэд энэ талаар онцгой анхаарахгүй бол болохгүй нь. Эрүүл мэндийн сайд өчигдөр эрүүл мэндийн байгууллагынхантай уулзаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн" хэмээлээ.