Тарваган тахалтай холбоотой асуудлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн захирал Н.Цогбадрах өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Коронавирус тархах эрсдэлтэй байгаа энэ үед манай оронд тарваган тахлын дуудлага тасрахгүй байна. Тарваган тахлын эрсдэлд өртсөн тохиолдол тогтмол гарч, одоогоор 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 3 нь батлагдсан.

7 дугаар сарын 25, 26-нд Баянхонгор, Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлууд гарсан. Үүнд тандалт судалгааг идэвхтэй явуулж, нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, өвчтөнөөс шинжилгээ авч, ЗӨСҮТ-ийн лабораторт шинжлэхэд хариу нь сөрөг гарсан. 

ЗӨСҮТ-ийн дэмжин туслах баг тарваган тахлаас сэргийлэх тухай Эрүүл мэндийн сайдын өгсөн албан даалгаврыг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх, орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагуудад тодорхой заавар, зөвлөмж өгөх зорилгоор Архангай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт ажиллалаа. Мөн орон нутаг болон нийслэлийн бүх эрүүл мэндийн байгууллагад цахим сургалт хийж байна.

7 дугаар сарын 17-ноос хойш Баян-Өлгий аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн баг тарваган тахлын 5 эсүүрийг илрүүлсэн. Мөн тус халдвараас сэргийлэх зорилгоор бүх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч байна" хэмээлээ. 

Мөн тэрээр "Иргэд тарвага агнах, тарваганы махыг хүнсэнд хэрэглэхээс эрс татгалзах хэрэгтэй байна. Аялж явахдаа бүүргэнд хазуулахаас сэргийлж, хээр гадаа хэвтэхгүй байх, тарвагатай орчинд очихгүй байх, жижиг мэрэгчид болон үхсэн тарваганы сэгээр оролдохгүй байх шаардлагатай байна. Мөн тарвага авна, худалдана гэсэн зар их явж байна. Үүнийгээ иргэд таслан зогсоох хэрэгтэй. Мөн хориотой ан хийж буй талаар иргэд мэдээлэл өгснөөр тарваган тахалд өртөхгүй, бусдыг сэргийлэх ач холбогдолтой" гэдгийг онцлон захилаа.