Тарваган тахалтай холбоотой асуудлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн захирал Н.Цогбадрах өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сард тарваган тахлын эрсдэл өндөр байлаа. Нийт 11 удаагийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 3 нь батлагдсан. Эрүүл мэндийн сайд тарваган тахал өвчнөөс сэргийлэх, хянах 24 тоот тушаал гаргаж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар өгч, бүх шатны байгууллага хамтран ажилласны үр дүнд сүүлийн хоногуудад эрсдэл өртөх тохиолдол харьцангуй багасч байна. 

2020 он гарсаар 74 удаагийн тохиолдлоор нийт 161 тарвага, түүний түүхий эд эрхтэнг хот, суурин газар руу оруулж ирэхийг завдсаныг хураасан. 7 дугаар сард 26 удаагийн тохиолдлоор тарвага хураасан. 

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн оюутнууд болон тэднийг даган ирж буй ар гэрийнхэн нь тарвага, тарваганы эд эрхтэнг нийслэл рүү зөөвөрлөн оруулж ирэх асуудал ихэсдэг. Үүнийг таслан зогсоож, тарваган тахал өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Хувь хүний хариуцлагагүй асуудал дэлхий нийтэд ямар их гай гамшиг авчирч буй нь коронавирусийн халдвар тархаж буй нөхцөл байдлаас харагдаж байна" хэмээлээ.