Жендэрийн үндэсний хорооноос  “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгааны үр дүнг өнөөдөр цахимаар таницууллаа. Тус судалгаанд зургаан аймгийн 24 сумын нийт 924 залуу малчин, хөдөө, мал аж ахуйн мэргэжилтнүүдийг хамруулсан байна. 

Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж эрэгтэйчүүд давамгайлахаас гадна залгамж халаа авах залуу малчдын тоо буурсаар байгааг дээрх болон энэ чиглэлээр хийсэн судалгаанууд нотолдог.

Үүний шалтгааныг хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдлын бодит үр дагавар гэж судалгааг хийсэн мэргэжлийн судлаачид онцолсон юм.

Тус судалгааны үр дүнгээс онцлох 2 асуудлыг хүргэж байна.

1. Сүүлийн 10 жилийн хугацаанд гэрлэх насны ганц бие эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10-13 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Тухайлбал, Өвөрхангай аймгийн ганц бие залуу малчин “Манай хөдөөд  бол охид цөөрсөн, ихэнх нь сурч, ажиллахаар хот хүрээ гээд яваад өгсөн” хэмээн бодит байдлыг өгүүлжээ. Учир нь малчид охидоо малчин болгох хүсэлгүй, юун түрүүнд мэргэжил боловсролтой болгож хот суурин газар бараадуулахыг илүүд үзэж байна. 

Судалгаанд оролцсон малчин залуусын 22.7 хувь нь хүүгээ малчин болгоно гэсэн бол ердөө 0.5 хувь нь охиноо энэ замаар явуулах хүсэлтэй гэж хариулснаас энэ ойлголт тодорхой харагдаж байна.

Охид ч мөн нутаг буцах сонирхолгүй, тогтмол цалинтай, ажилтай залуутай гэр бүл болох хүсэлтэйг судалгаа харуулжээ.

Сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс даруй 80 гаруй хувиар бага байгаа нь үүнийг батална. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, байр суурийг ахиулах, нийгэм, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг алслагдмал амьдралаас үүдэлтэй зөрүүг багасгахаар салбар бүр зохих арга хэмжээг хэрэгжүүлбэл дээрх зөрүү багасахыг судлаачид хэллээ.

2. Хүүхдийнхээ боловсролыг дэмжих зорилгоор ээж нь төв суурин газарт, аав нь хөдөө хотон дээрээ үлдэх явдал

Уг  үзэгдэл сүүлийн 10 жилийн хугацаанд 40 хувиар нэмэгдсэнийг судлаачид анхааруулав. Залуу малчид ийн тусдаа амьдрах болсноор эмэгтэй малчид голлон гүйцэтгэдэг сааль саах, сүү цагаан идээ бэлтгэх, боловсруулах зэрэг МАА-н үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаа саарч, малаас авах ашиг шим тэр хэрээр буурч байгаа гэж дүгнэжээ.