Газрын хөрс бидний амьдралын амин чухал эрдэнэ, өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт баялаг билээ. Хөрс бол зүгээр ямар нэгэн физик шинжтэй бодис биш харин амьд амьтан, амьд био орчин, дэлхийн хуурай газар оршин буй бүхий л амьдралыг тэтгэгч үндсийн үндэс болон оршин тогтнож байгаа гэдгийг ойлгож, цаашид урт удаан хугацаандаа эрүүл амьдрал, эрүүл хүнсийг хүсэж л байгаа бол хөрсөө хайрлан хамгаалж нөхөн сэргээж явах нь бидний өмнө тулгамдсан зорилго болоод байна.

Монголчууд тэр дундаа нийслэлчүүд хөшиг мэт татсан утааг агаарын бохирдолт, эрүүл мэндэд хортой гэж боддог бол үнэндээ урин дулаан цагт бид түүнээс ч илүү хор хөнөөлтэй агаараар амьсгалж, хөрсний бохирдолтой хүнс тэжээл хэрэглэсээр удлаа.

Хөрсийг бохирдуулагч үндсэн элементүүдийн нэг нь биологийн (малын гаралтай) хог хаягдал, сэг зэм юм. Нийслэл Улаанбаатар хотын хөрсний дээжид шинжилгээ хийхэд 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бөгөөд 47 метрийн гүнд хүртэл хөрс бохирдсон. Хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм.

Хэн энэ асуудалд анхаарал хандуулж, юу хийх ёстой юм бэ?

ХӨРСӨӨ хамгаалах, нөхөн сэргээх нь хүн бүрийн, аж ахуйн нэгж бүрийн, улс орнуудын засгийн газрын үйл ажиллагаанд тусгалаа олж Хөрс хамгаалах нөхөн сэргээх урт хугацааны хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалт хийгдэж байх зайлшгүй шаардлагатай.


Бид яах ёстой вэ?

Дэлхийн бусад оронд хөрсөө хэрхэн хамгаалж, яаж эрүүл чигээр нь хойч үедээ үлдээж байгааг судлахын сацуу монголчууд бидэнд ямар боломж байгааг судалсан хүний хувьд мал болон малын гаралтай бордоо хөрсний амин дэм гэдгийг дахин дахин онцолъё.

Хөрс гэдэг бол сая сая бичил биетнүүд амьдарч байдаг амьд орчин. Хөрс өөрийн өвөрмөц амьд орчноо алдаж хөрсний доройтолд орвол эх дэлхий маань элсэн цөл болон хувирна.

Бид нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй, хэрвээ бид багахан элс аваад түүндээ органик бордоо хийвэл хэсэгхэн хугацааны дараа элс маань ХӨРС болон хувирна, харин багахан эрүүл хөрс аваад дотор нь байгаа бүх органик биетийг зайлуулбал хөрс маань элс болон хувирна.

Эх дэлхийн хөрсний гадаргуугийн 30-40 см-ийн гүнд оршин байгаа бичил биетнүүд л энэ цэнхэр дэлхийн ногоон байх, устай байх, амьд амьтан, хүн төрөлхтөн оршин тогтнох үндсийн үндэс нь болж өгдөг.

Газар тариалан, уул уурхайд зориулан хагалсан газрын амьд бичил биетнүүд ил гарч, нарны дор халж, салхинд хийсэн хөрсний элэгдэлд орох процесс нь маш хурдсаж байдаг.

Бид өнөөдөр ХӨРСИЙГ амьд биетэн гэж хүлээн зөвшөөрч, түүнтэй тэгж харьцах цаг үед тулж ирээд байна.

Малын яснаас гаргасан бордоо яагаад ашиг тустай юм бэ гэж асуух хүн олон байдаг. Малын ясанд азот, фосфор, кали, кальци, магни, төмөр гэх мэт ургамалд шаардагдах бүх макро, микро элементээс гадна ургамлын ургацыг түргэсгэдэг биологийн идэвхт бодисууд маш ихээр агуулагддаг. Ясны бордоо нь хөрсний бичил биетнийг тэжээж, амьд орчин, амьд хөрс бий болгож, мод, ургамлын үндэс бат бөх болгож, га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, усны ундаргыг цэвэршүүлж, хөрсний доройтлоос сэргийлэх гэх мэт өргөн хүрээний ач холбогдолтой.

Малын ясанд агуулагддаг дээрх бодисууд нь химийн бордооноос ялгаатай нь хөрсөнд удаан хугацаанд задардаг учир ургамлын хоол тэжээлд шаардлагатай үед үндсээр нь дамжин шингээгдэж ургацыг нэмэгдүүлж, усыг татаж, хөрсний чийгийг барьж байдаг онцлогтойг хүн бүхэн мэддэггүй байх.

Хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газруудад хүнсний хэрэглээний илүүдэл, мах боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал яс өдөрт хэдэн зуун тонноор үүсэн бий болж байдаг. Энэ хаягдал нь биологийн хаягдал бөгөөд байгальд ил задгай хаях нь маш аюултай бөгөөд төрөл бүрийн нян бактери үржиж голомтот зоонозын өвчин үүсгэх эрсдэлийг байнга дагуулж байдаг. Энэ төрлийн хаягдлыг боловсруулж биологийн идэвхтэй тэжээлийн уураг, сайн чанарын органик бордоо үйлдвэрлэх өндөр үнэтэй боловч орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрүүд өндөр хөгжилтэй Европын орнуудад бий болоод удаж байна.

Монголд яс боловсруулдаг үйлдвэрүүд байсан ч зах зээлийн шуурганд хийсэн үгүй болсон. Харин саяхнаас яс боловсруулдаг Монголын анхны бүрэн автомат Итали үйлдвэртэй болсон гэх таатай мэдээ дуулдлаа.

Монголд яс боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгааг хөрс судлаач, эрдэмтэн хүний хувьд олзуурхан хүлээн авч, энэ үйлдвэрийг байгуулсан гэх захирал бүсгүйг огт танихгүй ч гэсэн хийсэн ажлыг нь нийгмийн сүлжээгээр үзэж танилцаад мэргэжлийн хүний хувьд ийнхүү онцолж байгаа юм шүү.

Нэг зүйлийг онцлоход манай орны тариалангийн талбайн ихэнх хөрсөнд агуулагддаг фосфор, калийн хэмжээ бага байдаг. Ялангуяа салхинд элэгдэж элсэжсэн талбай, хүнсний ногоо олон жил тариалсан баруун аймгуудын хөрсөнд бордоо хэрэглэхгүй бол ургамлын ургац дээшлэхгүйгээс гадна ургасан ургамал ногоо нь хүний биед ашиг тус өгөх нь муу байдаг.

Эрдсийн бордоо (химийн бордоо) ашиглан ургацын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийн үр өгөөжтэй боловч нөгөө талдаа хөрсний доройтлыг дагуулж байдаг. Харин малынхаа хаягдал ясыг боловсруулан гаргаж авч органик бордоо нь хөрсийг нөхөн сэргээж, хөрсний доройтолд орохоос сэргийлж байдаг маш том ач холбогдолтой.

Ясны бордоо нь ургамалд хамгийн их шаардагддаг азот фосфорыг аль алийг агуулдаг, химийн нэр нь фосфоазотин.

Фосфоазотин нь цэвэр органик бордоо учраас хүний бие организмд ямар нэг хорт нөлөөгүй гэдгийг зөвхөн бид бус дэлхийн эрдэмтэд судлаад тогтоосон байдаг юм. Нүдний үзүүрт хог болж хөсөр хаягдсан малын ясыг боловсруулах үйлдвэр ямар их ашиг тустай гээч.

Малын яснаас гарган авч буй бордоог газар эхээс урган гарч буй бүх зүйлд ашигладаг бөгөөд эерэг үр нөлөө нь далдуур биднийг анагааж, эмчилж, эрүүл, аз жаргалтай амьдралын ундарга болдог. Түүнчлэн ясны гурилын шингээх чадвар өндөр тул химийн бодисын болон нянгийн бохирдолтой хөрсийг саармагжуулахад онцгой нөлөөтэй. Улаанбаатар хот орчмын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшнийг авч үзвэл хүнцэл, кадми, кобальт, хром, молибден, никель, хар тугалга, стронци, цайрын агууламж өндөр мөн нянгийн бохирдол маш ихтэй байдаг. Урин цаг айлсаж буй энэ өдрүүдэд дотор эвгүйцэм үнэртэй газар хаа сайгүй байгааг бид мэдэрдэг. Энэ хөрсийг ясны бордоогоор бордож, саармагжуулаад зүлэгжүүлбэл бохирдлыг өөртөө шингээн авч, орчны бохирдлоос түргэн ангижрах боломж бидэнд байна. Монгол Улс 70 гаруй сая малтай гэгддэг. Үүнээс жилд 22 сая толгой малыг хүнсний хэрэглээ болон махны экспортод зориулан бойлдог. Мөн “Хүчит шонхор” зах дээр гэхэд л өдөрт 40-50 тонн малын яс хаягддаг гэх тооцоо бий. Нэг малын амьдын жинг бог малд шилжүүлэхэд ойролцоогоор нэг сая орчим тонн болдгоос 55 хувь нь яс, арьс, толгой, шийр, цус гэх зэрэг биологийн хаягдал болдог гэсэн судалгаа байдаг юм билээ.

Энэ хог, хаягдлаа бид хээр гаргаад хаясаар байх уу, хөрсөө бохирдуулж, доройтуулж, ундны усны ундаргаа санаатай боомилсоор байх уу?

Өнөөдөр буянт малын маань дийлэнх хэсэг нь хаягдал болж, орчны бохирдолд ихээхэн нөлөөлж буй. Бид тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөө хээр гадаагүй хаяж, байгаль орчноо бохирдуулсаар байх уу?

Иймд хөрсний доройтлоос сэргийлэхийн тулд ХАА-руугаа онцгой анхаарал хандуулах ёстой. Аль болох бага газрыг тариалж, их ургац авах, байнга нөхөн сэргээж, химийн бус бордоо ашиглах гэх мэт.

Эрүүл ХӨРС бол бидэнд өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн баялаг. Бид Эрүүл ХӨРСӨӨ хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг хүлээсэн хүмүүс.

Өнөөдөр бид ХӨРСӨӨ аврах уу? Үгүй юу? гэдэг том асуудлын торгон зааг дээр зогсож байна.


Нийтлэл бичсэн: Ш.Пүрэвсүрэн - Агрохимич хөрс судлагч, Биологийн ухааны доктор