Дэлхийн хөрсний өдөр тохиож байна

Peak.mn
12 сарын 05, 2025

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн хөрсний өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Энэ жил улс орнууд энэхүү өдрийг “Healthy Soils for Healthy Cities” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн “Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл” гэсэн ишлэлийг олон улсын уриатай уялдуулан “Эрүүл хөрс-Эрүүл амьдралын үндэс” сэдвийн дор “Монгол орны хөрс судлал-2025” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

 

БОУАӨЯ, ХХААХҮЯ, МУИС, ХААИС болон ШУА-ийн ГЗГЭХ, НБОГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа энэ хурлаар:

-Хөрс хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт,

-Монгол орны хөрсний төлөв байдал, хэв шинж,

-Тариалан ба бэлчээрийн газрын хөрсний доройтол,

-Хөрс хамгааллын технологийн судалгаа,

-Салбарын хүний нөөцийн нөхцөл байдал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

БОУАӨЯ-наас Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын мэргэжилтэн С.Шинэзул, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Амарзаяа нар илтгэл тавьж оролцлоо.

Монгол Улс 1996 оны 8 дугаар сарын 22-нд НҮБ-ын “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай” суурь конвенцыг соёрхон баталсан бөгөөд энэ хүрээнд хөрс хамгаалах, доройтсон газар нутагт нөхөн сэргээлт хийх, хөрсний бохирдлыг бууруулах бодлого, хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн.

Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17) 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Засгийн газар болон БОУАӨЯ конвенцын хэрэгжилтэд өндөр ач холбогдол өгч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлж байгааг илтгэж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  


Хөрс гэдэг газрын гадрагыг бүрхсэн амьд ертөнцийн өсөн төлжих талбар юм. Хөрс гэдэг амьд байгалийн оршин тогтох үндэс, амьдралын их булаг. Тиймээс бид газрын хөрсийг хайрлаж хамгаалах хэрэгтэй.

Хөрсийг хэрхэн бэлтгэх вэ?

1. Мод ургамал тарих газрынхаа хөрсийг цэвэрлэсэн байх хэрэгтэй.

2. Хөрсөө цэвэрлэсний дараа тэгшлэх хэрэгтэй.

3. Цэвэрлэж тэгшилсэн хөрсөө хүрзээр, эсвэл техникээр боловсруулж сийрүүлэх.

Та тарих гэж буй мод ургамалдаа тохируулж хөрсийг бэлдэх нь чухал. Жишээ нь Улиас, Нарс, Жинс, Жодой, Шинэс зэрэг томхон мод тарих бол эхлээд 40-60 см гүнтэй нүх бэлтгэнэ. Үүний дараагаар ухаж бэлтгэсэн нүхнийхээ 30-40 хувьд нь ялзмагт хар шороо хийнэ. Хэрэв хар шороо байхгүй бол элс, бууц хийж болно. Үлдсэн 60 хувьд нь элсэрхэг хөрс бэлтгэж бэлтгэсэн нүхнийхээ ёроолд хийнэ. Томхон модны дэргэд зурвас маягаар өөр ургамал тарих бол 1,5- 2 м зайтай тарина.

Хөрс бэлтгэхэд юуг анхаарах вэ?

1. Бэлтгэсэн хөрсөнд түүхий шар бууц хийж болохгүй. Шар бууцанд хөнөөлт хог ургамлын үр, хөнөөгч шавьж хорхойн авгалдай байдаг.

2. Хэрэв уулын бууц авчрах бол авчирсан бууцныхаа хог ургамал, хайрга чулууг нь сайтар шигшиж авах хэрэгтэй.

3. Жижиг талбайд бэлтгэсэн хөрсийг эрдсээр бордож болохгүй. Хөрсийг органик бордоогоор бордох нь илүү тохиромжтой.

4. Бэлтгэж бордсон хөрсийг услахдаа хэт их ус хийж болохгүй. Энэ нь хөрсний ялзмаг давхаргыг уусгаж үгүй хийдэг. Тиймээс хөрсний ус чийгийг тохируулах нь чухал.

Холбоотой сэдвүүд

хөрс хөрсний чийг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.