Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 17, 2024
Шинэ Монгол сургуулийн судалгааны төвөөс санаачлан хэрэгжүүлж буй Монголын төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл амжилттай хэрэгжсээр байна.
Сургуулийн менежментийг сайжруулах төслийн хоёрдугаар шатанд нийт 180 гаруй сургууль хүсэлт ирүүлснээс сонгон шалгаруулж сум, аймаг, нийслэлийн 60 сургуулийг сонгон авсан юм.
Эдгээр шалгарсан сургуулиудын хувьд хичээлийн шинэ жилээс эхлэн Шинэ Монгол сургуулийн сургуулиудыг дагуулан сургах маягаар менежментийн ноу-хау туршлагуудыг нэвтрүүлсээр байна.
Сургалтын явцыг газар дээр нь хэрхэн явагдаж байгаатай танилцахаар "Шинэ Монгол" сургуулийн үүсгэн байгуулагч, “Сургуулийн Судалгаа Хөгжлийн Шинэ Монгол төв”-ийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрах тэргүүтэй багийнхан орон нутагт ажилласаар явна.
Тэрбээр сургууль менежментээ сайжруулахад захирал удирдлагын багийн манлайлал ямар чухал болохыг, хичээлээ сонсоод ойлголтоо нэг болгохын ач холбогдлын талаар ийнхүү ярьсан юм.
Бичлэг үзэх:
Мөн гавьяат багш маань "Төслөө яаж амжилттай хэрэгжүүлэх вэ гэж захирлууд, багш нар асуудаг. Хүн төсөөлж чадсан зүйлээ л бүтээдэг, тиймээс багш болгоны оролцоо, хандлага, итгэл үнэмшил гээд олон зүйлээс хамаарна. Хүчтэй төсөөлөөрэй, өөрсдөдөө итгээрэй гэж уулзсан багш нартаа аминчлан хэлдэг. Багш нар минь анги руу орсон тэр цаг хугацаа зөвхөн багш таны мэдэлд шилждэг. Иймээс ангийн хаалга нээхийн өмнө, ажилдаа явахаас хэд хоногийн өмнө “Би бэлтгэлээ сайн хийсэн билүү” гэж өөрөө өөрөөсөө асуугаарай. Бас хаалгаа хаагаад гарсны дараа багш та “Би хичээлээ чанартай, сайн заалаа” гэж өөртөө ам бардам хэлж чадаж байна уу гэж өөрөөсөө үе үе асууж байгаарай. Асуугаагүй ч хүүхдүүдийн харц энэ бүхнийг хэлдэг юм шүү. Гоё сайхан ярьдаг биш судлаач сониуч багш байгаарай. Хийе гэвэл арга нь олддог, хичээлээ сайжруулахын талд юу хийх эсэхийг та л шийднэ." хэмээн багш нартаа онцлон хэллээ.
Ахиц яваа сургуулиуд андашгүй, үүднээсээ төдийгүй давхарт бүртээ үнэт зүйл, алсын хараагаа хадчихсан, түүнийхээ дагуу хийсэн ажлуудаа танилцуулж, төслийн багийн ганц минутыг ч болтугай үр дүнтэй зарцуулахаар асуултаар булж эхэлдэг. Сурагчид нь сурах арга барилаа өөрчилсөн, харц нь асчихсан байгааг харах хамгийн урамтай.
“Шинэ Монгол”-ын менежментийн "Соёл төлөвшил", "Багш нарыг багт нэгтгэх", "Ажлын байран дээрх багшийн хөгжил", "Эцэг эх, олон нийттэй хамтран ажиллах", "Сургалтын цогц хөтөлбөр", "Хичээлээс гадуурх үйл ажиллагаа", "Шалгалт, үнэлгээ", "Төгсөгчдийн эргэх холбоо" гэсэн найман брэнд туршлагаас суралцсан нь тэдний хувьд олзуурхмаар чухал зүйл байсныг онцлон хэлж байлаа.
Энэ удаа Баянхонгор аймгаас хамрагдсан сургуулиуд дээр танилцсан бөгөөд удирдлагын багийнхан төслийн үр дүнгийн талаарх сэтгэгдлээ ийнхүү хуваалцаж байна.
Ц.Мөнх-Эрдэнэ: Луужин болсон төсөлд хамрагдсандаа баяртай байна
(Баянхонгор аймгийн 5 дугаар сургуулийн захирал )
Өнгөрсөн намар Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс ЕБС-уудын менежментийг сайжруулах төсөлд тэнцэж батламжаа авч байлаа.Харин өнөөдөр эхнээсээ бодит үр дүнд хүрээд, та нартаа тайлагнаж байгаадаа баяртай байна.
Хичээлийн шинэ жилийн нээлтээс эхлээд төслийн бүхий л хөтөлбөрийг сургуулийнхаа үйл ажиллагаандаа тусгаж хөрсөн дээр нь буулгахыг хичээсэн. Бидний хувьд луужин болсон төсөл гэж тодотгоно. Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрах багш маань “Хүн төсөөлж чадсан зүйлээ бүтээж чадна” гэж дандаа хэлдэг. Энэ үг манай хамт олны уриа үг болж, сургуулийнхаа хүндтэй хэсэгт ч бичиж хадсан. Энэ л зарчмаар хамтдаа хичээж, төсөөлж, үр дүн гаргахаар шантаршгүйгээр тэмүүлж ажиллаж байна. Хэрэгжүүлсэн ажлын туршлага сургуульд маань үнэлж баршгүй үр дүн өгнө гэдэгт бид итгэж ажилладаг.
П.Адьяа: Хүн бүхэнд харагдахгүй ч бодитоор хэрэгждэг гайхалтай систем бол менежмент
(“Гэгээн сумади" сургууль, цэцэрлэгийн цогцолборын захирал)
Шинэ байгуулагдсан сургуулийг ажиллуулна, удирдана гэдэг бол шинэ системийг л бүрдүүлнэ л гэсэн үг. Тэр хэрээрээ маш их хүчин чармайлт шаарддаг. Сургуулиа өөдөн татах гээд чадахаараа л ажиллаад л явлаа.
Төсөл хэрэгжсэнээр багаараа ажиллахын сайхныг ойлгож байна. Нэг зорилготой баг гэдэг нэг чигт л алхаж чаддаг тэр хэрээрээ бүтээмж ч өсдөг болохыг ч бодит туршлагаараа мэдэрлээ.
Гаднаас ирсэн зочид биднээс “Танайх ороод ирэхэд нэг л өөр байх юм, юундаа байна вэ?” гэж асуудаг. Хариулт нь хүн бүхэнд харагдахгүй ч бодитоор хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа менежмент, багийн ажиллагаа юм билээ. Энэ төсөл бидэнд нэг даль жигүүр нэмсэн гэж би хардаг.
Олон жилийн үнэт туршлагаасаа харамгүй хуваалцсан Шинэ Монгол сургуулийнханд тэр дундаа Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрахад гүнээ талархал илэрхийлье.
Л.Дашсумъяа: Менежмент гэдэг барилгаар бол хундаам суурь нь юм байна
(Баянхонгор аймгийн Жинст сумын сургуулийн сургалтын менежер)
Би 2014 оноос хойш төгссөн сургуульдаа ажиллаж байгаад ноднин менежер болсон.Залуу хүний хувьд яг л менежментийн талаарх мэдлэг мэдээлэл хэрэгтэй үед энэ төсөл хэрэгжиж эхэлсэнд маш их олзуурхаж, талархаж байна. Баг хэмээх олон хүний нэгдлийг нэгтгэдэг зүйл бол зорилго юм билээ.
Төсөл хэрэгжсэнээр менежмент гэдэг зүйлийг барилгаар бол хундаам суурь нь юм байна гэдгийг ойлгож авлаа. Тийм учраас л анхнаас нь зөв тавих нь чухал.
Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрах багшийн төслийн баг бидэнд арга туршлагаа харамгүй хуваалцаж байна. Гэсэн хэдий ч хамгийн чухал хүмүүс бол багш, удирдлагын баг буюу бид нар өөрсдөө юм. Үүнийг бид багаараа нэг санаа зорилгоор хөрсөн дээр нь буулгаж сайн хэрэгжүүлж байж л үр дүнд хүрнэ. Та бүхнийг ирэхээс өмнө төслөө хэрхэн тайлагнах талаар зөндөө эргэцүүллээ. Хаа холоос зориод ирэхэд бид ямархуу үр дүнтэй суугаа бол гэж. Тэгээд ерөөсөө л үнэнээ л хэлье, бодит амьдрал дээр болж байгаа бас болохгүйгээ ч бас хуваалцъя л гэж бодсон.
Нэгэнт та нарыг ирснийх үнэтэй туршлагаас нь хэр чадлаараа л сурна л гэж бодсон. Магтуулахдаа биш асуудлаа үнэн байдлаа ойлгож танин мэдэх нь чухал шүү болохоор цаашид ч бүхий л чадлаараа, баг хамт олноороо хичээнэ.
Асуудлаа оношлосон юм чинь урагшилна, ахихын төлөө хичээнэ
(Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн захирал Б.Саранцэцэг)
Яагаад сумын сургуулиас дэлхийн хэмжээний хүн төрж болохгүй гэж, яагаад хотын сургуулиас дутах ёстой гэж, нэгэнт туршсан менежментийг хэрэгжүүлье гэж Шинэ Монгол сургуулийн төслийн багт хандсан. Төсөлд хамрагдахаас өмнө их л додигор байв. Манай сургууль салбарынхаа үйл ажиллагааны үнэлгээгээр аймгийнхаа 31 сургуулиас эхний таван байраас бууж үзээгүй. Тийм учраас өөрсдийгөө болж байна л гэж эндүүрч явсан байна лээ.
Гэтэл дотор нь төсөлдөө хамрагдсаны дараа захирлын ажлыг мэддэг гэж бодож явсан бардам зан шалан дээр унасан, менежментийн хувьд шал түүхий байжээ.
Асуудал руугаа орсон, асуудлаа оношилсон.
Улам ч ихийг сурах ёстойгоо хамт олноороо ойлгоод эхнээсээ өөрчлөлт гаргаад эхэлсэн.
Холоос манай сургуулийг сэтгэл гарган зорин ирж сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлье. Бид маш их урам авлаа. Улам хичээнэ ээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.