Ж.Галбадрах: Сургуульд гарч буй бүх асуудлын зангилааг тайлах шийдэл нь сургуулийн менежментэд нуугдаж байдаг

Peak.mn
09 сарын 16, 2024

Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс “Төрийн өмчийн ЕБС-иудыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг гурав дахь удаагаа хэрэгжүүлэх гэж байна. 

Өнгөрсөн онд төслийн хоёрдугаар шатанд сум, аймаг, нийслэлийн 60 сургууль хамрагдаж байсан аж. Энэ удаад 120 сургуулийг сонгож туршлагаа хуваалцах юм. Өнгөрсөн жилүүдэд нэгэнт үр дүнгээ өгсөн уг төслийг энэ жил БШУЯ, Боловсролын Ерөнхий газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор уг төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрахаас тодрууллаа.

-Сургуулийн менежментийг сайжруулах төслийн өмнөх хоёр шатны үр дүн ямар байсан бэ?

-Эхний удаад бид найман сургуулийг төсөлдөө хамруулсан юм. Маш үр дүнтэй, мэдрэгдэхүйц өөрчлөлт гарсан учраас хоёр дахь удаагаа зохион байгуулж 120 гаруй сургуулиас хүсэлт хүлээж авсан. Үүнээс 60 сургуулийг сонгон авч төслөө хэрэгжүүлээд байна.

Үүдний самбараас эхлээд, багш сурагчдын харцнаас л  бүх зүйл харагдана шүү дээ. Нэг зорилготой баг гэдэг нэг чигт л алхаж чаддаг тэр хэрээрээ бүтээмж, гүйцэтгэл өсдөг гэдгийг сургуулиудаасаа харахад урамтай сайхан.

Хөтөлбөрт хамрагдсанаар орчин нөхцөл, сургалтын чанараа сайжруулж чадсан сургууль олон. Сайн жишээ гэвэл, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 болон 2-р сургуулийг нэрлэж болно. 

Эдгээр байгууллагын сургалтын чанар, багш нарын хамтын ажиллагаа, сургуулийн соёл, сурагчдын төлөвшилд эерэг өөрчлөлт гарч жилийн эцэст гүйцэтгэлийн үнэлгээгээр хоёулаа аймагтаа тэргүүлсэн. Тэдний туршлагаас аймгийнх нь бусад сургуулиуд хуваалцаж байна. 

Энэ мэт эерэг өөрчлөлтийг “Төрийн сургуулийн менежментийг сайжруулах төсөл”-өөс олж харсан учраас цаашид үргэлжлүүлэн хийх нь зөв зүйтэй юм гэсэн шийдэлд хүргээд байна. 

ВИДЕО ҮЗЭХ:


-Менежментийн ажлыг багш нарт ямар ч хамаагүй, удирдлагын асуудал гэж хардаг тал бий. Сургуулиуд яагаад менежментдээ анхаарах ёстой вэ? 

-Сургуульд хамаатай бүхий л асуудал менежментэд зангидагддаг. 

Үүнд хөтөлбөр, үнэлгээ, багшийн хөгжил, сургалтын чанар гээд бүх зүйл багтана. 

Манай сургуулиуд өдөр тутмын зургаа, долоон цагийн хичээлээ хоёр, гурван ээлждээ оруулж, сургалт хичээлийг яаж заах вэ гэдэгтээ анхаарахгүй байна. Сургууль гэдэг зөвхөн хүүхдэд мэдлэг олгож дүүргэх ёстой сав биш. Дүрэлзэж байх бамбар байх ёстой. Тэрийг асаахын тулд хичээлээс гадуурх үйл ажиллагаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дугуйланг яаж оновчтой зохион байгуулж явуулах вэ гэдэг менежмент. 

Мөн зүрх сэтгэлийн боловсролыг Монголын сургуулиуд орхиод байгаа. Эцэг эхчүүд сургуульд 100 хувь найддаг болчихсон. Сургууль дээр л арга хэмжээнүүд явагдахгүй бол хүүхдийг өв тэгш хүмүүжүүлнэ гэж байхгүй. Манай төслийн гол зорилго нь хичээл сургалтын өдөр тутмын цагаас илүүтэй хичээлээс гадуурх ажлууд болон зүрх сэтгэлийн боловсрол руу нэлээд чиглэж байгаа. Шинэ Монгол сургуулийн арван брэнд байдаг. Түүнээс дөрвөн брэндийг нь эдгээр сургуулиудад олгохоор 36 долоо хоногийн турш сургалт орно.  

-Төсөлд хамрагдах сургуулиудад яг ижилхэн менежментэй болж тогтох уу?

-Сумын болон аймгийн төвийн сургууль хоорондоо ялгаатай. Тиймээс багш, сурагчийн тооноос эхлээд барилга байгууламж, санхүүгийн нөөц бололцоонд нь тулгуурлаж зөвлөгөө чиглүүлэг өгөх нь үр дүнтэй байдаг. 

-Цаашдын зорилго юу байна вэ?

-Би "Улсын хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос хамаардаг" гэдэгт хатуу итгэдэг. Боловсролын суурийг л чанартай өгч чадвал монгол хүүхэд хөгжинө, улмаар улс хөгжинө

Сургуулийн менежментийг сайжруулах төслийг салбарын яам дэмжиж хамтарч ажиллах болсон. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээний 690 сургуульд хүрч ажиллана даа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.