Сургуулийн менежментээ сайжруулснаар асуудлыг аргалаад өнгөрөх бус сууриар нь харж шийдвэрлэхэд суралцсан

Х.Уянга
06 сарын 30, 2025

Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс улсын хэмжээнд 120 сургуульд менежментийн туршлагаа нэвтрүүлсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. 

Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс 2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн  “Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах” хөтөлбөрийн гуравдугаар үеийг хэрэгжүүлсэн билээ. Орон нутгийн сургуулиудын төлөөлөл менежментийн шинэчлэл нь зөвхөн баримт бичгийн шинэчлэл бус, сургуулийн орчин, багшийн хандлага, сурагчдын төлөвшил, эцэг эхийн оролцоо гээд бүх түвшинд өөрчлөлт авчирч байгааг онцолж байна. Та бүхэнд уг хөтөлбөрийн Төвийн Б бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сургуулиудын туршлагаас хуваалцъя. 

ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ, ХАМТЫН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОО НЭМЭГДЭН, СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГО ХҮҮХЭД ТӨВТЭЙ БОЛСОН

/Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЕБ-ын сургуулийн захирал Б.Соёлмаа/

Сургууль бүхлээрээ зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөдөг, хамтын бүтээлч оролцоо нэмэгдэн, сургуулийн менежментийн бодлого хүүхэд төвтэй болсон.

Суралцагчийн хандлага, төлөвшил, биеэ авч явах байдалд эерэг өөрчлөлт гарч нарийн баримтлах дэгүүдийг сайжруулан мөрдөж байна.

Түүнчлэн сурагчдын хөгжил, төлөвшилд ахиц гарсан.

  Өмнө нь хувийн амжилт давамгайлдаг байсан бол энэ жил үеийн багийн багш нар хамтран ажилласнаар элсэлтийн шалгалтын эрх авах 12-р ангийн монгол хэл бичгийн шалгалтад сурагчид 100 хувь тэнцсэн. PISA олон улсын үнэлгээнд хамрагдахад амжилттай сайн бэлтгэл хангасан байна гэсэн эерэг үнэлгээг ажлын хэсгээс өгсөн. Аймгийн монгол хэлний анги нийтийн масс олимпиадад 3-р байр,  8-р ангийн сурагчид “Номын чимээ-Зангиа аудио” уралдаанд улсад 2-р байр эзэлсэн зэрэг амжилттай байна.

Суралцагчид сургуулийн орчинд ил соёлын 7 дадлыг хэвшүүлэн цэгцтэй, нөхөрсөг, аливаа үйл ажиллагаанд соёлтой оролцоход суралцсан. Соёлын менежментийг хэвшүүлсний дараа сурагчдын 95 хувь нь мэндлэх, хүндлэх, талархах соёлд суралцсан. 100 хувь дүрэмт хувцсаа өмсдөг болсон. Энэ мэт сурагчдад гарсан эерэг өөрчлөлт олон бий.

СУРГУУЛЬ ДЭЭР ЗОХИОГДОХ БҮХ УРАЛДААН ТЭМЦЭЭН, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДЫН ЗОРИЛГО СУРГУУЛИЙН АЛСЫН ХАРААТАЙ УЯЛДСАН

/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн захирал Ө.Золбаяр/

Сургуулийнхаа алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэхдээ эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан ажилчид бүгд хамрагдаж чадсан. Сургууль дээр зохиогдох бүх уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудын зорилго сургуулийн алсын хараатай уялдсан байна.

Жилийн ажлын төлөвлөгөө, сарын ажлын төлөвлөгөөг /САТ/ цаг хугацаа, эхлэх дуусах цагтайгаар бүх ажлаа өдрөөр, цагаар товлогдсон газар, хариуцах эзэнтэйгээр сарын өмнөөс гаргадаг болж хэвшлээ.

Удирдлагын багийн гишүүн тус бүр ажил, үүргийн хуваариа бичиж, нэгтгэсэн. Тухайлбал: Захирлын ажлын хэдэн хувь нь багш нартай, хэдэн хувь нь сурагчидтай, хэдэн хувь нь ажилтнуудтай, хэдэн хувь нь эцэг эх асран хамгаалагчтай, хэдэн хувь нь ... ажилладаг вэ? гэдгийг тодорхой болгосон. Ингэснээр аль чиглэлд аль гишүүн түлхүү ажиллаж байна гэдгээс хамаарч ачааллаа тэнцүүлж ажиллах, өөрсдийн гол үндсэн үүргээ биелүүлэхэд ажлын болон хариуцлагын давхардал үүсэхгүйгээр ажиллаж байна.

Сургуулийнхаа “Үнэт зүйл, бахархал, хандлага, итгэл үнэмшил “ нь юу байх вэ, Ямар ойлголттой байх вэ? гэдэгт багш суралцагч, эцэг эх асран хамгаалагчдын санаа бодлыг тусгаж чадсан.

Түүнчлэн эцэг эх асран хамгаалагч, АУБ, суралцагчийн хамтын үйл ажиллагааг сайжруулах, гурвалсан уулзалт хийх хөтөлбөр боловсруулан, уулзалтын үр дүнд 80-85% нь эерэгээр мэдрэгдэж байна.

ХАМТЫН ОРОЛЦООТОЙГООР АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА САР ЖИЛЭЭР ТӨЛӨВЛӨЖ СУРСАН

/Сэлэнгэ аймгийн Номгон тосгоны ЕБ-ын сургуулийн захирал С.Март/

Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах төсөлд хамрагдаж бүтэн жилийн турш сурч хөгжиж, хийж хэрэгжүүлж туршиж тодорхой үр дүнд хүрлээ. 

Үүнд байгууллагын соёл  төлөвшүүлж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн  үйл ажиллагаагаа зөв оновчтой төлөвлөн зохион байгуулах мэдлэг ойлголт,  арга зүйтэй  болж тодорхой өөрчлөлтүүдийг  бий болгож чадсан нь манай  хамт олны хувьд маш том ололт амжилт болсон  юм.

Сургуулийн менежментийг оношлох гарааны үнэлгээнд хамрагдан удирдлагын багаараа  жилийн турш хөтөлбөрийн агуулгыг судалж багш ажилтнууддаа дамжуулан  хүргэж, хэрэгжүүлэхийг зорьж ажиллалаа. Хамтын оролцоотойгоор алсын хараа эрхэм зорилгоо тодорхойлон үйл ажиллагаагаа сар жилээр төлөвлөн хэрэгжүүлж  байна.

Хэвшүүлэх дадал соёлоо багш ажилтан суралцагч бүр мөрдөн сургуулиараа эерэг харилцаа хандлагыг эрхэмлэж, зохистой зөв хэрэглээнд суралцаж,  хариуцлагатай ёс зүйтэй байхад хүн бүр анхааран хичээж ажилласнаар  суралцагчдын хандлага төлөвшилд сайнаар нөлөөлж ахиц өөрчлөлт гарч байна. 

Төслийн хугацаа дууссан хэдий ч хичээлийн жил бүр алсын хараа эрхэм зорилгодоо чиглэсэн   үйл ажиллагааг  нарийн сайн төлөвлөн хэрэгжүүлж үнэлж, сайжруулан илүү сайн үр дүнд хүрэхийг  зорих болно. Үүний тулд менежментийн багтайгаа харилцаа холбоотой байж бусад сургуулиудтай харилцан арга туршлагаа солилцон ажиллана.

Энэхүү төсөл илүү олон сургуульд хэрэгжиж  сургууль бүрийн менежмент үйл ажиллагаа сайжирч, үр дүнд хүрч тасралтгүй үргэлжлээсэй гэж хүсэж байна. Төслийн багтаа дахин дахин баярлаж талархснаа илэрхийлье.

АСУУДЛЫГ ТҮР ЗУУРЫН АРГА ХЭМЖЭЭГЭЭР БУС, ҮНДСЭН СУУРЬ ШАЛТГААНД НЬ ТУЛГУУРЛАН ШИЙДВЭРЛЭХ АРГА БАРИЛД СУРАЛЦСАН

/Дархан-Уул аймгийн Дархан сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал Т. Мэдэгсүрэн/

Манай сургууль энэхүү төсөлд хамрагдсанаар сургуулийн удирдлагын менежмент, багшийн хариуцлага, хамтын ажиллагаа, сурагч төвтэй сургалтын зохион байгуулалт гээд олон талын чухал өөрчлөлтийн эхлэлийг тавьж чадлаа. 

Урьд нь бид өдөр тутмын ажлаа хийдэг ч бүтээмж, үр дүнгийн талаарх үнэлгээ, эргэх холбоотой ажиллах байдал сул байсан. Харин одоо манай менежерүүд ажлын төлөвлөгөө гаргахдаа өмнөх асуудлаа тодорхойлж, судалгаа шинжилгээтэй ханддаг,  гүйцэтгэл үр дүнг нь үнэлж чаддаг болж байна. Хамт олны дунд нээлттэй харилцаа, багийн ажиллагаа, хариуцлага, бие биеэсээ харилцан суралцах уур амьсгал бий болсон нь хамгийн бодит, үр дүнтэй өөрчлөлт байлаа. Бид асуудлыг түр зуурын арга хэмжээгээр бус, үндсэн суурь шалтгаанд нь тулгуурлан шийдвэрлэх арга барилд суралцсан. Энэ  бол сургуулийн хөгжилд хамгийн чухал чадвар юм. 

Төсөл бидэнд зөвхөн арга зүй, ажлын ерөнхий чиглэл өгөөд зогсоогүй, өөрсдийгөө дүгнэж, ирээдүйгээ хэрхэн төлөвлөх вэ? гэдэг ойлголт, аргачлал, итгэлийг өгсөн. Эдгээр өөрчлөлтүүд нь сургуулийнхаа ирээдүйн төлөө бидний авч буй хариуцлагатай алхмууд бөгөөд үр дүнд нь сурагчид маань илүү бүтээлч, өөртөө итгэлтэй, суралцахад таатай орчинд хүмүүжиж байна. 

Бид энэ төслийг зөвхөн богино хугацааны хөтөлбөр бус, сургуулийн соёлыг өөрчлөх үндсэн түлхүүр гэж харж байна. Цаашид ч бид хамтдаа суралцаж, сайжирч, илүү сайн менежменттэй боловсролын байгууллага болохын төлөө зогсолтгүй ажиллах болно. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.