Буяндэлгэрийн Мөнхчимэг
06 сарын 27, 2025
Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс улсын хэмжээнд 120 сургуульд менежментийн туршлагаа нэвтрүүлсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ
Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс 2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн “Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах” хөтөлбөрийн гуравдугаар үеийг хэрэгжүүлсэн билээ. Орон нутгийн сургуулиудын төлөөлөл менежментийн шинэчлэл нь зөвхөн баримт бичгийн шинэчлэл бус, сургуулийн орчин, багшийн хандлага, сурагчдын төлөвшил, эцэг эхийн оролцоо гээд бүх түвшинд өөрчлөлт авчирч байгааг онцолж байна. Та бүхэнд уг хөтөлбөрийн Говийн Б бүс буюу Дундговь аймгийн сургуулиудын туршлагаас хуваалцъя.
Менежментээ цэгцэлсний үр дүнд сурагч бүр зөв дадалтай, зөв хүн болон төлөвшиж байна
/Дундговь аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер О.Шүрэнцэцэг/
Манай сургууль энэ хөтөлбөрт хамрагдсанаас хойш үйл ажиллагаагаа илүү нарийн төлөвлөн, үр дүнд суурилсан менежментийг хэвшүүлж байна. Сургуулийн менежментийг оновчтой төлөвлөснөөр зөв дадлыг нийтээрээ хэвшүүлж, сурагчдын сурлагын амжилт ахих, багш нарын хөгжлийг дэмжих бүтээлч орчин бүрдсэн.
Багийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, багш бүрийг хамтрагч, суралцагч байлгаж чадсан нь сургуулийн менежментийн шинэчлэлийн эхлэл байлаа. Сайн менежментийн үр дүн богино хугацаанд гарсны жишээ нь багш нарын багийн уралдаануудын амжилтаар илэрч байна.
Тухайлбал аймгийн “Интеграцид суурилсан хичээлийн уралдаан”-д бага ангийн багш нар маань I байр, дунд ангийн багш нар II, III байр эзэлсэн бол “Менежменттэй баг” уралдаанд мөн бага ангийн багш нар тэргүүлсэн.
Хамт олноороо нэгдмэл зорилготой, эмх цэгцтэй төлөвлөлтөөр ажиллаж сурлаа
/Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал О.Цэрэндолгор/
Бид сургуулийн соёлыг хөгжүүлэх, бодлогын төлөвлөлтөө цогц систем болгохоор энэ хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан. Үүнийхээ үр дүн нэг удаа болоод өнгөрдөг эсвэл улирлын шинжтэй арга хэмжээнүүдээс татгалзаж, тогтмол төлөвлөгөөтэй, уялдаатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн эцэг эх, асран хамгаалагч, суралцагч, багш нарын хамтын ажиллагааны нэг болох Гурвалсан уулзалтыг хөтөлбөрөөс өгсөн арга зүйн дагуу урьдчилсан бэлтгэл ажлаа ханган удирдамжийн хүрээнд зохион байгуулсан нь маш үр дүнтэй ажил болсон. Жил бүр сайжруулалт хийж, сургуульдаа авч үлдэх олон ажлын нэг боллоо.
Сургуулийн соёлын хувьд багш ажилчид, хүүхдүүдээс санал авч яг манай сургуульд тулгамдаж буй асуудлыг шийдэх таван дадлаа тодорхойлж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс “Мэндлэх, хүндлэх дадал”-ыг сургуулийн өдөр тутмын амьдралд хэвшүүлж чадсан. Өглөө бүр удирдлагын баг сурагчдыг угтан авч эхэлсэн нь харилцааны олон асуудлуудыг цэгцэлж байгаа.
Ингээд “Сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр” дуусаж байгаа хэдий ч манай хамт олны хувьд хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэн зүйлсээ үйл ажиллагаандаа нэвтрүүлж илүү сайн менежменттэй, үр дүнтэй сургууль болох гараагаа эхлүүлсэн гэж ойлгож байна. Цаашид энэхүү хөтөлбөрийн дараагийн шатны хөтөлбөр хэрэгжвэл үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байна.
“8:20 ийн шугам” татаж, сурагчдаа ном уншуулдаг болсноор уншаад ойлгох чадвар 17.8 хувиар ахисан
/Дундговь аймгийн Өндөршил сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Цэрэндулам/
Удирдлагын баг бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч шинэ баг бүрэлдсэн энэ чухал үед уг хөтөлбөр бидэнд зайлшгүй хэрэгтэй, цаг үеэ олсон арга зүйн дэмжлэг болсон.
Энэ хичээлийн жилийн турш дагуулан сургах арга зүйн сургалтын явцад бид хамтдаа суралцаж, олж авсан мэдлэг, туршлагыг бодит ажил хэрэг болгож, багш ажилтны хандлага, сургалтын арга зүй, багш нарын үеийн багийн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан.
Тухайлбал, “8:20 ийн шугам” татаж, хичээл эхлэхээс 10 минутын өмнө ном уншиж хэвшүүлснээр сурагчдын унших, ойлгох чадвар 17.8 хувиар, сургуульд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх зорилгоор тодорхойлсон дадал хэвшил 30 хувиар ахисан.
Ирэх хичээлийн жилдээ багш нарыг “үеийн баг”-аар ажиллах төлөвлөлтийг нарийн төлөвлөн хэрэгжүүлэх, багшийг ажлын байранд хөгжүүлэх, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг цогцоор нь хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх эдгээр ажлаа шинэчлэн гаргасан алсын хараа, эрхэм зорилготойгоо уялдуулж, энэ хичээлийн жилийн ойлголтоо улам бататган, сургуулийн онцлогт тохирсон менежментээ илүү ахицтай, эерэг өөрчлөлтүүд гаргахад удирдлагын баг, хамт олноороо хичээн ажиллах урам авсан жил байлаа.
Цэгц билиг сургууль: Туршлагад суурилсан шинэчлэл
/Цэгц билиг сургуулийн сургалтын менежер СМ-ийн багийн ахлагч Ж.Баяртогтох/
Өмнө нь бид Боловсролын яам, Боловсролын ерөнхий газрын өмнөх хичээлийн жилд хэрэгжүүлсэн Сургуулийн менежментийн төсөлд хамрагдаж байсан. Тухайн үед “PDCA” загвараар өмнөх хичээлийн жилийн тайлангаас тулгамдсан асуудлаа илрүүлж дараа жилийн зорилго зорилтоо тодорхой болгож, үнэлгээ хийх, сайжруулах талаар суралцаж байлаа.
Харин энэ жил манай сургуулийнхан Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” төвөөс хэрэгжүүлсэн “Төрийн өмчийн ЕБ-ын сургуулийн менежментийг сайжруулах” хөтөлбөрт хамрагдлаа.
Энэ хөтөлбөр нь “RV-PDCA” загвараар эхлээд сургуулиа судлаж, дараа нь алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлоод, түүндээ илүү чиглэсэн хөтөлбөрүүдийг сарын ажлын төлөвлөгөө (САТ), тогтмол ажлын төлөвлөгөө (ТАТ)-ндөө оруулан хэрэгжүүлэх нарийвчилсан арга зүйгээр чиглүүлэн зөвлөн тусалж байгаагаараа онцлогтой байлаа.
Хөтөлбөр хэрэгжүүлээд манай сургуульд гарсан бодит үр дүнгээс хуваалцвал:
Алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн хамтдаа тодорхойлж, стратеги бодлогоо шинэчиллээ.
Баг бүрдүүлэлт, хамтын ажиллагаа сайжирсан.
Суралцагчдын хөгжил, оролцоо нэмэгдсэн. Зүрх сэтгэлийн боловсрол, амьдрах ухаан зэрэг хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн хөгжил, төлөвшилд чиглэсэн дэмжлэг нэмэгдсэн.
Эцэг эх, асран хамгаалагчтай харилцаа холбоо, мэдээлэл солилцох байдал тогтмолжиж, оролцоо сайжирсан.
Бүтэн жилийн турш 32 долоо хоногийн турш, долоо хоног бүрийн сургалт, туршилт, гэрийн даалгавар гээд өдөр тутмын завгүй хуваарьт орж, ачаалал үүссэн. Гэвч хөтөлбөрөө амжилттай дүүргэж дараагийн хичээлийн жилийн ТАТ, САТ-даа төлөвлөн хэрэгжүүлж үйл ажиллагаа, хөтөлбөрийн сайн туршлага арга зүйгээс суралцаж чадлаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.