Н.Булгантамир: Хогоо ангилж хаяснаар орлогожих тогтолцоог бий болгоно

Дэлхий нийт есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “World clean up day” буюу “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” болгон тэмдэглэдэг.  Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жил тогтмол олон нийтийг хамарч, энэхүү өдрийг тэмдэглэж байна. Ирэх сарын 21-нд болох  уг өдрийг тохиолдуулан “Clean up” төслийн санаачлагч Н.Булгантамиртай ярилцлаа. 



Тарьсан хогийг  л цэвэрлээд байх уу эсвэл…?


Өмнөх жилийн дэлхийн цэвэрлэгээний өдөрт дэлхийн 100 гаруй орон оролцож, 15 сая гаруй оролцож эх дэлхийгээ цэвэрлэж байжээ. Харин манай улсын цэвэрлэгээний өдөрлөгт  хамгийн ихдээ 1000-6800 гаруй залуус оролцдог.


Өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайг дүүрсэн олон хүн ирсэн. Бид цугласан залуустайгаа хүрээлэнгээс цуваа болж гарахад л цаг 40 минут зарцуулсан юм. Задгай талбайн шоунд л тийм олон залуусыг хардаг шүү дээ. Гэтэл эх дэлхийгээ гэсэн сэтгэлээр, өөрсдийн хүсэл санаачилгаар ирсэн залуусаа хараад маш их бахархсан.


Замд таарсан ахмад настнуудын нэг өвөө надаас “Хүүхдүүд хог түүхийн төлөө ийм жаргалтай байгаа юм уу?” гэж асууж билээ. Би “Харин тийм ээ, өвөө минь” гэхээс өөр хариулт өгч чадаагүй. Тийм л  үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авсан. Энэ бол хувь хүнийхээ хувьд, миний залуу насандаа мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж гэж боддог.


Clean up төслийг хэрэгжүүлэхдээ бид жил болгон нэг маршрутыг сонгон цэвэрлэдэг. Гэвч жил болгон гардаг хог хаягдлын хэмжээ яг л хэмжээ Бид жил болгон цэвэрлээд л байдаг. Ямар ч ахиц гарахгүй байсаар л байх уу? Тэгэхээр тарьсан хогийг биш, тархин дахь “хог”-ийг, цэвэрлэх, хандлагаа өөрчлөх нь чухал санагддаг.

Бичлэг үзэх:


Электрон хог хаягдлын хор хөнөөлийг олон нийтэд таниулна


Энэ жилийн хувьд зөвхөн нэг өдөр цэвэрлэгээ хийгээд л өнгөрөлгүйгээр, амьдралын хэв маяг, дадал болгох зорилгоор хоёр чухал уриалга гаргаж байна. 


Нэгдүгээрт, хогоо ангилан хаяж сурцгаая гэдэг уриалга гаргасан.

Энэ жилийн хувьд хуванцар савыг ангилахад онцгойлон анхаарч байна. Сүүлийн 40-50 жилд дэлхий нийт хуванцар савыг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулаад сурчихлаа шүү дээ.Харин манай улсад энэ асуудал цэгцрээгүй хэвээрээ.

Хүмүүс “Манайхан хогоо ангилж хаядаг, тэглээ ч хогийн машины ачигч нийлүүлээд  аччихдаг юм билээ, ангилсны нэмэр алга” гэдэг. Төрөөс бодлогоор хуванцар савыг дахин боловсруулах, ачиж ангилах нэгдсэн шийдэл гаргаагүй ч бид өөрсдийн чадахаараа эх дэлхийдээ ухамсартай хандах боломж байдаг.

Нэг үеэ бодоход хоёрдогч  түүхий эд авдаг цэгүүд зөндөө бий болчихсон. Тэдгээр цэгүүдэд ангилсан хуванцар хаягдлаа тушаахад л хүүхдийнхээ хоолны мөнгийг хангалттай олдог тогтолцоог бий болгоё гэж төлөвлөж байна.  Мөн хотын А цэгт хуванцар сав цуглуулах шийдлийг эрэлхийлсээр явна.


Хоёрдугаарт, электрон хог хаягдлын хор хөнөөлийг олон нийтэд танилцуулах уриалга гаргасан. 

Хог хаягдлын тухай хуульд батарей, цахилгаан тоног төхөөрөмжийн хаягдлууд нь удаан задардаг, органик бодис үүсгэх хуванцар хэсгүүдтэй байдаг учраас "Аюултай хог хаягдал"-д тооцдог.


Үүнд багтаж байгаа нь электрон хог хаягдал нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон зай, гар утас, зөөврийн компьютер, зурагт зэрэг сүлжээнд орж ажилладаг бүх төрлийн төхөөрөмжүүд юм.  


Хамгийн наад захын жишээ гар утасны хаягдлуудыг бид анзаардаггүй. Хамгийн сүүлийн загвар гарах тусам л эхний загварын гар утаснууд бараг л хог болж байна шүү дээ. Таны гэрийн аль нэгэн газар хадгалагдсан, хэзээ нэг өдөр хэрэг болно гээд хадгалж байгаа электрон хог хаягдал таны биед асар сөрөг нөлөөтэйгөөс гадна, хөрсөнд булагдахдаа маш хор хөнөөлтэй.

Тиймээс электрон хог хаягдлын талаар хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд сургалт,  мэдээлэл хүргэх чиглэлээр түлхүү ажиллана. 


Электрон хог хаягдлаас үүсдэг химийн хүнд элементүүд хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахаас гадна газрын хөрс, ус, агаарт бохирдол үүсгэснээр биологийн төрөл зүйлийн тоо толгой буурах, дэлхийн дулаарлыг идэвхжүүлэх хүчин зүйлийн нэг болсоор байна.


Нэг хүн жилд 1.5 тонн хог үйлдвэрлэдэг


Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх нь чухал гэж хүмүүс надаас асуудаг. Би хүүхэд байхдаа сагсан бөмбөг тоглох дуртай хүүхэд байлаа. Сагсны талбай орчимд маш тоос шороотой, шүлстэй шахуу бөмбөгөөр л тоглож өссөн.


Гэтэл ганц бөмбөг ч биш, тоглоомын талбайн тоглоомууд ч маш их бохир заваан байдаг. Одоо ч хэвээрээ. Тэр орчинд бидний жаахан дүү нар тоглож байгаа гэж бодохоор сэтгэл эмзэглэм санагддаг.


Энэ эмзэглэлээрээ тоглоомын талбайнуудыг цэвэрлэе, цэвэрхэн тоглоомын талбайд тоглож байгаа хүүхдүүдийн баяр баясал, инээд хөөрөөс аз жаргал баяр баяслыг мэдэрье гэж л энэ төслийг эхлүүлсэн юм.  Миний санааг найзууд, дүү нар маань дэмжин сэтгэл, итгэл нэгдэж Clean UB гэж цэвэрлэгээний өдөрлөг зохион байгуулсаар ирлээ.


Бид аяныхаа хүрээнд Багшийн дээдийн нүхэн гарцыг угааж байсан. Тэр ажил олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлж чадсан гэж боддог. Яг тэр үйл явдлаас хоёрхон хоногийн дараа Нийслэлийн Ерөнхий менежер хотын бүх тоглоомын талбайг угаалгах 14 хоногийн аян зарлаж амжилттай өрнөсөн.

Энэ дэлхийд хогийг тасралтгүй үйлдвэрлэгчид нь хүмүүс бид нар өөрсдөө юм. НҮБ-ын судалгаанаас үзэхэд нэг хүн өдөрт хоёр кг хатуу хог хаягдал, жилд 1.5 тонн хог хаягдал үүсгэдэг юм билээ.


Үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн бүхэн эцэстээ хог хаягдал л болдог. Хамгийн гол нь хог хаягдлаа байгаль, эх дэлхийдээ ээлтэй байдлаар, зөв ангилж хэвших нь хамгийн чухал. 


Есдүгээр сарын 21-ний өдөр та бүхнийг оршин буй эх дэлхийнхээ төлөө цэвэрлэгээний өдөрт нэгдэхийг уриалж байна. 

Холбоотой сэдвүүд

төсөл хог хаягдал ярилцлага

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.