Peak.mn
06 сарын 04, 2024
Пүрэвжавын Сайнзоригийг олон нийт эдүгээ сайн таних болжээ. 2023 оны аравдугаар сард Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсоноор тэрбээр өөрийн бүтээснээс тэс өөр дүрээр олны өмнө гарч ирсэн юм.
Хотын өмнө тулгамдсан олон хүндрэл бэрхшээл, цаг үеийн галтай асуудлуудыг тэр барьж авдаг. Ажлынх нь чиг үүрэг тийм учир өөр яах билээ.
Төрийн албанд 10 гаруй жил ажиллаж, Засгийн газраас санаачлан боловсруулж буй олон арван хуулийн анхны бичилтээс нь эхлээд боловсруулалтын шатны бүх ажлыг гардан хийж, ХЗДХЯ-ны гал тогоонд, хөшигний ард ажиллаж байсан хүн хотын дэд бүтэц, эдийн засаг, санхүү, аж ахуйн ажил ярьж, өдөр бүр хэвлэлийнхний дуран, камерын өмнө зогсох болсноор хагас жил гаруйн хугацааг үджээ. Энэ удаа түүнтэй албан ажил биш хувийн амьдралынх нь талаар ярилцах санал тавьсан юм.
Ингээд Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг биш хотын унаган хүүхэд, хуулийн сургуулийн оюутан, Австралид суралцсан мастер, айл гэрийн өрхийн тэргүүн, дугаар хорооны иргэн П.Сайнзоригтой танилцана уу.
-Хүн бүрийн мэргэжлээ сонгосон түүх надад сонирхолтой санагддаг юм. Нөгөө талаас сургамжтай ч байдаг. Таны хувьд хуульч болох сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-Есдүгээр ангидаа мэргэжлээ сонгосон. Ангийн маань хүүхдүүд цаашдаа яах вэ, ямар мэргэжилтэй, ямар хүн болох вэ гэж их ярилцдаг байсан. Надад нийгмийн ухааны хичээлүүд илүү ойр байсан. Тиймээс тэр чиглэлээр их сургуульд элсэнэ гэсэн бодолтой бэлдэж байлаа.
Гэтэл сургуулиа төгсөх үед би эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтээд, элсэлтийн шалгалтдаа чадаагүй. Тиймээс нэг жил өнжихөөс гэсэн бодолтой байж байтал Нацаг өвөө маань миний бодлыг өөрчилсөн.
“Өнжих хэрэггүй ээ. Шал дэмий байдаг юм. Манай нэг шавийн байгуулсан сургууль бий. Тэнд очоод элсэлтийн шалгалт өгөөд үз” гэж өвөө маань зөвлөсөн. Тэр сургууль нь Д.Оюунхорол гуайн байгуулсан “Отгонтэнгэр” их сургууль л даа. Тухайн үед би аравдугаар ангиа 16 настай төгссөн.
-Жаахан хүүхэд байж. Тав, зургаатай сургуульд орсон гэсэн үг үү?
-Биднийг дунд сургуульд суралцаж байхад их сонин цаг үе, нийгэм байлаа.
Бид нэг монгол бичиг үзээд л, нэг кирилл бичиг үзээд л. Мөн анги алгасаж үсрээд л. Нэгдүгээр хорооллын сургуулиуд “Ирээдүй” цогцолбор болж нэгдээд л. Ангиудыг хооронд нь нийлүүлж, салгаад л.
Эргээд бодоход хүүхдийн сэтгэл зүй талаас энэ бүхэн хүнд байдаг байсан. Одоо бодоход маш олон анги дамжсан, тэр хэрээрээ олон найз нөхөд, хамт олонтой болсон юм билээ. Энд тэнд явахад нэг ангид сурч байсан хүүхдүүд гээд их тааралддаг.
-Өвөөгийнхөө зөвлөснөөр “Отгонтэнгэр” сургуульд элссэн үү?
-Нацаг өвөө маань “Нэгэнт чи нийгэм сууриар бэлдээд, элсэлтийн шалгалтдаа орж чадалгүй хоцорчихсон юм бол сургуульгүй өнжиж болохгүй. Хүн эрдэм номоос цаг хугацаа алдана гэдэг том гарз. Чи явах ёстой” гэж намайг ятгасан. Ингээд есдүгээр сарын нэгэн, хоёронд ч билүү нэмэлт элсэлт авч байхад нь очиж бүртгүүлээд “Отгонтэнгэр” их сургуульд элсэж байсан.
Хуульч мэргэжлийг сонгосон учир нь өвөө маань “Манайд эмч, инженерүүд байсан. Хуульч хүн л байгаагүй. Хүн ер нь хууль мэдэж байх хэрэгтэй юм билээ шүү” гэдэг байсан.
Бас нэг нөлөөлсөн зүйл нь манай аав хүнд их итгэмтгийгээсээ болж ОХУ, БНХАУ-ын хооронд хийдэг хуванцар бүтээгдэхүүний бизнесээ дампууруулахад хүрч байсан юм. Тухайн үед аав маань бизнесийн хувьд алдагдалд ороход бидэнд хүнд тусаж байсан. Аав байсхийгээд Хятадад очиж, цагдаа шүүхээр нь явна. Ирэхдээ ойлгомжтой, барайсан хүн л ирнэ. Аав бүх хөрөнгөө алдчихаж байгаа юм. Ингээд ээжийн цалингаар амьдардаг байлаа.
Тэгэхэд аав маань “Би хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод бүх зүйлээ алдчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед би хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна даа гэж бодсон.
-Хууль эрх зүйн цагаан толгойг ямар багш нараар заалгасан бэ. Оюутны он жилүүд ч цахилаад л өнгөрдөг дөө?
-Оюутан цаг ёстой хурдан. Оюутан цагт сурч мэдсэн зүйл өнөөдрийн ажил, амьдралын минь суурь болсон. “Отгонтэнгэр” сургууль иргэний эрх зүй, бизнес эрх зүйн чиглэлээр олон сайн багштай байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсан, хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн том эрдэмтэн Наранчимэг гуай, хөдөлмөрийн гэгддэг Баасан багш гээд олон сайн багш бидэнд хичээл заадаг байлаа.
Тэднээс эрдэм номын шим хүртсэндээ баярлаж явдаг.
Манай ангийнхан дандаа хуульчид учраас ихэнх нь өмгөөлөгч, шүүгчээр ажиллаж байна. Дотно сайхан найз нар маань бий. Тэдэнтэйгээ амьдралын ерөнхий зарчим нийлнэ. Тэд надад бас шүүмжлэлтэй хандана. Наад хууль чинь практик дээр ингээд байна, амьдралтай зөрчилдөөд байна гээд. Би болохоор аливааг зөвхөн өнөөдрөөр харж болохгүй, ирээдүйгээ харах ёстой гэдэг ч юм уу. Байнга ийм эрдмийн мэтгэлцээн болно. Цаг хугацаа үнэхээр хурдан юм. Нэг л мэдэхэд 19 жил өнгөрчээ.
-Та түрүүнд өвөөгийнхөө тухай цухас дурдлаа. Таны ирээдүйн ажил, мэргэжлийг үндсэнд нь зааж чиглүүлсэн хүн юм байна шүү дээ?
-Манай аав хоёр аавтай. Хойд аав нь Нацаг гэж Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, багш, сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Аав, ээжийг оюутан байхад Нацаг өвөө намайг гурван нас хүртэл өөр дээрээ авч өсгөсөн. Тиймээс их дотно байдаг байсан. Би өвөөгийнхөө захирлаар ажилладаг сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Насны хувьд бага, арай эрт сургуульд орж байгаа учир өвөө маань намайг дэргэдээ авъя гэж бодсон уу, “Над дээр өгчих” гэсэн юм билээ.
Нацаг өвөө Тосонцэнгэлийн сургуулийн захирал, Тосонгийн Засаг дарга байсан хүн. Намайг сургуулийн босго алхахаас эхлээд амьдралынхаа бүх гарааг хийхэд өвөө маань нөмөр нөөлөгт болж байсан даа.
Хүний амьдрал баялаг. Аавынхаа төрсөн аав Хуягийн Сайжрах өвөөтэйгөө хожуу 1993, 1994 оны үед танилцаж байлаа. Надад аав ер хэлж байгаагүй. Нэг өдөр гэртээ ороод ирсэн чинь аав нэг их хөгширчихсөн ч юм шиг гэмээр, тийм адилхан хүн сууж байсан. Лавлаад харсан арай ч аав биш. Тэгсэн төрсөн эцэг нь ирчихсэн байсан.
Увсынхан манай өвөөг нефтийн Сайжрах гэдгээр нь мэднэ. Бас багш, сурган хүмүүжүүлэгч хүн. Орон нутагтаа нефть хангамжийн баазын дарга байсан. Хожим бид сайхан дотно харилцаатай болсон. Миний хүмүүжил төлөвшилд аль ч талаас өвөө нарын нөлөө байгаа. Тэд надад нэг л зүйлийг зөвлөж байсан. Сайжрах өвөө бас манай удамд хуульч хүн байдаггүй юм билээ шүү гэж хэлж байлаа.
-Завханд өвөөтэйгөө гурван нас хүртлээ амьдарсан гэлээ. Та тэнд төрсөн үү?
-Би Улаанбаатар хотод 1984 онд төрсөн. Улаанбаатар хотод өссөн. Аав, ээжийнхээ нутаг усаар бол аав маань Увс аймгийн Сагил сумын гаралтай. Ээж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын гаралтай. Аав, ээж хоёр маань тэр үеийн ЗХУ-д суралцаж байхдаа танилцаж, гэр бүл болсон. Хоёулаа барилгын технологийн мэргэжилтэй.
Хойно төгсөж ирээд III, IV хорооллоос эхлээд Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад оролцож явсан хүмүүс. Би хоёрдугаар амаржих газар төрсөн. Нэгдүгээр ангид 4-р сургуульд орсон. Дараа нь Сансарт 33-р сургуульд сурч байлаа. 1993 онд манайх нэгдүгээр хороололд нүүж очсон. 2008 онд гадаадад сурахаар явтлаа тэнд амьдарсан.
-Айлын том уу?
-Тийм. Би нэг эрэгтэй дүүтэй. Бага байхад айлын том гэдэг үүрэг хариуцлага байсан. Ээжийн дүү нар оюутан болж хөдөөнөөс ирээд, манайд амьдардаг байсан. Гэхдээ би нэлээд бие даасан хүүхэд байж. Гэрээ цэвэрлэнэ. Хэрэглээнээс гарсан яс, шилийг тушаана. Дүү “Хобби” сургуульд сурдаг байлаа. Нэгдүгээр хорооллоос 26 номерын автобусанд суун МУИС дээр буугаад цаашаа алхаж дүүгээ сургуульд нь хүргэж өгнө. Манай байрныхан гудамжинд их тоглоно. Баавгайн чихдээд л. Бас сагс тоглоно.
“Ирээдүй” цогцолборын 81,82,83-р сургуульд сурсан. Математикт дуртай байгаад сүүлдээ нийгмийн талын хичээлдээ сонирхолтой болсон доо.
-Та Австралид суралцаж, мэргэжил дээшлүүлсэн юм билээ. Сүүлийн үед Австралид хууль эрх зүйн боловсрол эзэмшсэн хуульчид нэлээд олон болж байх шиг санагддаг?
-“Отгонтэнгэр” их сургууль аж ахуйн эрх зүйч буюу бизнесийн суурьтай эрх зүйч бэлтгэдэг. Би Австралид ч гэсэн энэ чиглэлээрээ мэргэшиж ирсэн. Хууль зүйн магистр хийхдээ байгаль орчны эрх зүй, банкны эрх зүйг голлон судалсан. Австрали нэгдүгээрт аялал жуулчлал, хоёрдугаарт уул уурхай, гуравдугаарт боловсролын салбараараа тэргүүлж байна.
Австрали маш аюулгүй орон. Амьдрах орчин сайн. Намайг очиход 500 хүрэхгүй монголчууд байгаа гэдэг, аливаа уулзалт дээр 300-400 хүн ирдэг байсан. Миний очсоны дараа жилээс монголчуудын тоо нэлээд нэмэгдсэн. Одоо бүр олон болсон байх.
Австралид би боловсролоо дээшлүүлэх гэж явсан. Тэр зорилгодоо хүрсэн. Мөн өөрийн итгэл үнэмшлээ олж авсан. Аливаа юманд цоожлогдоод байх биш хайрцгаас гарч сэтгэх, олон талын байр суурийг харах, нэг хүний үгэнд итгээд байх биш өөрийнхөөрөө бодож сэтгэх тэр чадварыг олж авсан.
Тухайн үед Төрийн сургалтын сан гэж байв. Төрийн сургалтын сан төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор яам яаманд хоёр хуваарь өгдөг байсан.
Манай БОАЖЯ 60-аад ажилтантай, үнэхээр чадварлаг, боловсролтой албан хаагчид олон. Тэдэнтэй өрсөлдөөд хуваарь авсан.
Би 2012 оны тавдугаар сард төгсөж ирээд БОАЖЯ-ндаа буцаж орсон. Яамныхаа удирдлагуудтайгаа зөвшилцөөд мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн. Тухайн үед ХЗДХЯ-нд шалгалт авч байна гэсэн зар сонссон юм. Х.Тэмүүжин сайд эрх зүйн шинэчлэл хийх залуучуудыг шалгаруулж авч байна гэхээр нь шалгалт өгөөд тэнцсэн дээ.
-Хувийн хэвшилд ажиллах боломж байсан уу?
-Байлгүй яах вэ. Австралиас буцаж ирж байхад л холбогдож эхэлж байсан. “М Си Эс”, МАК гээд нэлээд хэдэн том компанийн хүний нөөцийн албатай уулзаж шалгалт өгч байсан. Бүгдээс нь ажлын санал авсан. Тухайн үед цалин хөлсөө бодохоор тэр урилгыг хүлээж авмаар санагдаж л байв. Гэр бүлийн хүн маань ч бас тэгж зөвлөж байлаа.
Гэхдээ би Төрийн сургалтын сангийн хөрөнгөөр суралцаад ирсэн учраас яг энэ зээлийнхээ гэрээний дагуу төрдөө зүтгэх ёстой, үр бүтээлтэй ажиллах ёстой, гэрээгээ биелүүлнэ гээд төрийн албанд орсон. Одоо 12 дахь жилдээ ажиллаж байна даа.
-Хуульчийн сонгон шалгаруулалтад өндөр оноо авч байсан гэсэн?
-2005 онд хуульчийн сонгон шалгаруулалт хоёр дахь удаагаа болсон юм. Нийт 3200 хүн өгч шалгалт өгч байсан санагдаж байна. Миний хувийн дугаар 247 байсан. Удирдлагын академийн зааланд шалгалт өгч байсныг сайн санаж байна.
Тэндээсээ нэгээр гарч, 3200 хүнээс эхний тав дотор шалгараад, тухайн үед бас маш олон байгууллагаас санал ирж байсан. Тэд Хуульчдын холбооноос мэдээлэл авчихдаг юм билээ.
Ихэнх нь хөдөө орон нутгаас, уул уурхайгаас санал ирж байсан. Би уул уурхайд ажиллах сонирхол байгаагүй. Тэгээд л намар нь өмгөөлөгчийн шалгалт өгч байлаа.
Өмгөөлөгч болох туйлын хүсэлтэй.
Тэгээд байж байтал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гуай УИХ-ын дарга болоод явчихсан. Өмгөөлөгчийн тусгай зөвшөөрлүүд гарахгүй хүлээгдээд л.
Тэр хугацаанд Төрийн албаны шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Яг тэр үед Байгаль орчны яамны ТЗУГ дээр орон тоо гарсан. Тэнд очиж ажилд орохын даваан дээр Засгийн газар солигдоод бас сар гаруй хүлээдэг юм. ТЗУГ-ын дарга А.Болат гуай нэг өдөр дуудсан. Чи нэг хэсэг сайдын туслах хийж байгаад ТЗУГ-т орж ирээрэй гэлээ. Ингээд ажилд орсон. Тухайн үед БОЯ-нд Хуулийн баг ажилладаг байсан. Яамны дотоод зохион байгуулалт юм даа. Сайнбаяр гэж эмэгтэй ахалдаг, БОЯ-ны ТЗУГ-ын мэргэжилтнүүд гээд гурав дөрвөн залуу бүрэлдэхүүнд нь багтсан тэр багийн гишүүн болж ажлын гараагаа эхэлсэн.
Сонирхолтой л байсан. Тухайн үед шалгалтад тэнцсэн гээд А.Болат гуай дуудаад, ярилцлага авч байхад Сайнбаяр эгч орж ирээд “Үгүй одоо энэ хүүхдүүд хэзээ, юу хийж сурна даа” гэж байсан. Би ч бас ам дуугүй байдаггүй. Өөрийгөө илэрхийлээд авсан.
Тэгсэн чинь “Чи чинь сэргэлэн хүүхэд байна. За болно доо. Бид олон хуулийн төсөл хийх гэж байгаа” гэж байсан юм. Тухайн үед Байгаль орчны мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байсан. Тэр хуулийн төсөл дээр сургууль төгссөн шинэ хүүхэд шууд татагдан орж байсан.
-Би ер нь төрийн албанд, тэр тусмаа хууль боловсруулах шатанд ажиллах хүн юм байна гэсэн итгэл үнэмшлийг яваандаа олж авсан уу?
-Австралид суралцаж байхдаа би юмыг өөрөөр бодож эхэлсэн. Хүний ярьсныг караоке шиг дагаж, давтаж дуулдаг байх биш өөрөөр сэтгэх чухал. Мэдээж зөв зүйлийг нийгэмд хүргэх ёстой бол дуу хоолой болоод давтах ёстой. Мянга давтаж болно.
Австралид очиход боловсролын системийн ялгаа их гарсан. Багшид дүгнэлт өгдөг, сэтгэж дүгнэлт өгдөг, өөрийнхөө аргументыг дэмжиж нотолгоо гаргаж чаддаг хүмүүс илүү дэмжигддэг юм байна аа гэж би бодсон. Австралиас буцаж ирэхдээ хууль боловсруулах чиглэлээр ажиллана гэж бодож, өөрийн зорилго, төлөвлөгөөтэйгөөр ХЗДХЯ-нд шалгалт өгч байлаа.
Тэгэхэд төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг надаас Үндсэн хуулийн чиглэлээр хэр ойлголттой байдаг вэ гэж асууж байсан. Би залуухан хүүхэд байж “Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон. Шилжилтийн зарим зохицуулалтыг нь өөрчлөх цаг болсон” гэж хэлээд дарга нарын нүдийг орой дээр нь гаргаж байлаа.
Австралид олон орны залуучуудтай хамт суралцсан. Семинарын хичээлээр хоорондоо улс орнуудынхаа онцлогын талаар тухайлан сэдвээр ярьдаг байлаа. Тухайлбал хууль батлах квотын асуудлыг ярина. Улс орон болгоны жишээг ярина шүү дээ. Европын жишээ гэдэг ч юм уу. Гэтэл Монголд тэр чиглэлийн ойлголт Үндсэн хуульд хүртэл байхгүй. Энэ тухай гадаадын оюутнууд “Та нар яаж энэ хууль эрх зүйн реформоо тогтвортой байлгаж чадаж байна аа. Хууль ёсны хамгийн суурь зарчим танайд ерөнхий байдлаар байгаа юм биш үү. Тэрийгээ тодруулах ёстой юм биш үү” гэх мэтээр ярилцана. Үнэхээр бид одоо болтол тэрийгээ тодруулж чадаагүй.
Сая 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ саналыг би хэлж байсан. Зарим хууль, тухайлбал органик гээд байгаа хуулиудыг парламентад сонгогдсон гишүүдийн 66 хувийн саналаар баталж байх юм бол илүү их хүлээн зөвшөөрөгдсөн, зөвшилцөл явагдсан хууль гарна. Тэр том босгыг давахын тулд боловсруулалт ч гэсэн сайжирна. Хоёрдугаарт маш олон зүйлийг Австралид байхдаа сурч, мэдэрсэн.
Суурь зарчим, агуулгаараа хэлэхэд хүн бол сэтгэх ёстой. Сэтгэж байж л цааш явна.
Тэрнээс биш 1+1=2 гэдгийг хэн ч хэлнэ. Тэгэхээр 1+1=3 гэж хэлж сурах ёстой. Гэхдээ нэгэнт баримт, нотолгоо байвал хоёр гэдгийг хүлээн зөвшөөрч сурах ёстой. Харин гурав болгох гэж байгаа бол тэрийг судалж, чамд ямар аргумент нотолгоо байна, түүнийгээ батлах хэрэгтэй.
Шинжлэх ухаан бол заримдаа тийм тогтсон статик зүйл биш юм билээ. Энэ дээр хэн илүү сэтгэж, эсвэл хэн илүү хөдөлмөрлөж байна, тэр нотолгоо гаргаж ирж чадна. Нийгмийн шинжлэх ухаан ч ялгаагүй. Тэр чиглэл рүү би өөрийгөө эвдэж, бас бодож төлөвлөсөн олон зүйлээ хууль болгож бичих гэж их оролдсон доо.
-Тэр бодож байсан зүйлүүдээ хийж чадсан уу. Хэдэн хувьтай биелүүлэв?
-Яахав би боддог юм. Сүүлийн хоёр парламентын үед батлагдсан хуулиуд гэвэл Сангийн яамны татварын реформ, ХНХЯ-ны Хөдөлмөрийн хууль, нийгмийн багц хууль, Зам, тээврийн хөгжлийн яамны цөөн хэдэн хууль байдаг. Цөөн хэдэн салбарт сүүлийн найман жил том том реформ хийлээ шүү дээ. Бусад хуулиудыг бүгдийг нь манай ХЗДХЯ дээр боловсруулж байлаа.
Өөрөөр хэлэх юм бол сүүлийн хоёр парламентын боловсруулж, хэлэлцэж баталсан хуулиудын 80 орчим хувь дээр нь манай яам оролцсон байдаг.
-Хэд орчим хууль гэсэн үг вэ?
-Бие даасан үзэл баримтлалтай 100-гаад хууль боловсруулж, батлуулсан байдаг. Тэдгээрийг дагасан хуулиуд гээд яривал асар их тоо гарна. Гэхдээ хуулийн тоо чухал биш.
Яг энэ хуулиар нийгэмд эерэг зүйлийг авчирч чадсан уу гэдгийг хамгийн түрүүнд боддог.
Хамгийн сүүлд бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, хоёр жилийн өмнө батлууллаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьчихсан байна. Сая л гэхэд Аялал жуулчлалын тухай хуулийг боловсруулж батлуулсан. Засгийн газар аялал жуулчлалын бодлогод маш их анхаарч байгаа. Ерөнхий сайд Х.Нямбаатар сайдад өөрөөр хэлбэл манай баг хамт олонд итгээд аялал жуулчлалын хуулийг яаралтай боловсруулж, аялал жуулчлалын салбарыг дэмжих хэрэгтэй байна аа гэсэн чиглэл өгсөн. Бид уг хуулийн төслийг БОАЖЯ-тай хамтран боловсруулсан.
Хуулийн төсөл боловсруулж байгаа хүмүүс төслөө яг өөрийн үр хүүхэд мэт боддог.
Яг үнэнээ хэлэхэд би ХЗДХЯ-наас явахдаа хуулийн төсөлдөө хоргодсон. Нийслэл рүү шилжих үү, яах вэ гээд бодоход хамгийн түрүүнд гэр бүлтэйгээ мэдээж зөвлөлдөхөөс гадна эргээд бодоход, бичсэн хуулийн төслүүддээ үр хүүхэд шигээ санаа зовж байгаа юм. За энэ маань ингээд хаягдах вий дээ гээд л. Тэр хуулийн төсөл батлагдвал ийм эерэг зүйл авчирна аа гэж төсөөлж бодоод итгэл үнэмшилтэй ажиллаж байгаа юм чинь түүнийгээ төрийн бодлого болгочихъё. Багийн маань залуучууд ингэж хичээсэн байхад ширээн дээр тоос даруулаад үлдээж болохгүй.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.