Хүдэрчулууны Хулан
07 сарын 09, 2025
“Мобиком” корпорацийнхан тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн гол ажлуудаа нийгэмд хоёр жил тутамдаа таниулахыг зорьж байна. Тэд байгаль орчныг хамгаалах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хүүхэд, залуусын чанартай боловсрол, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэхээр 2015 оноос НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжин ажиллаж байгаа аж.
Энэ талаар “Мобиком” корпорацийн Маркетингийн газрын Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал С.Батзаяагийн ярьсныг хүргэж байна.
Боловсролын тэгш байдал бидний гол зорилт
“Мобиком” бол технологийн компани. Тэр ч утгаараа технологийн тусламжтайгаар бид нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдэгт илүү анхаарал хандуулсан. Ингээд боловсролын тэгш байдлыг хангах ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээндээ хийх, үүнийг тогтвортой хөгжлийн гол зорилтоо болгон тодорхойлсон.
“Мобиком” групп 2023-2024 онд тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэвшүүлсэн. Үүнээс дөрөвдүгээр зорилт болох “Чанартай боловсролыг дэмжих”, есдүгээр зорилт буюу “Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх”, аравдугаар зорилт буюу “Тэгш бус байдлыг бууруулах”, 13 дугаар зорилт дахь “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” ажлын хүрээнд багагүй ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ.
“Дижитал танхим” санаачлага сайнаар “халдварлаж” байна
Байршил, дэд бүтцийн ялгаанаас шалтгаалсан боловсролын тэгш бус байдлыг “Дижитал танхим”-ын шийдлээр бууруулахаар “Smart Education” төслийг 2021 оноос эхлүүлсэн нь өдгөө “Дижитал анги тохижуулах” чиглэлээр өргөжөөд байна.
Ингэснээр 14 сургуулийн 27000 гаруй сурагч дижитал танхим ашиглах боломжтой болсон.

Төслийн үр дүнд хичээлийн ирц найман хувиар, олимпиадын оролцоо дөрвөн хувиар, хичээлийн дүн зургаан хувиар, олимпиадын амжилт гурван хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Бид “Дижитал танхим”-ыг бий болгосон ч тэдгээрийг зүгээр л музей шиг байлгаад, хүүхдүүд бүрэн ашиглахгүй байх юм бол энэ төслийн зорилго оршихгүй байсан юм. Төслийн нээлтийн үеэр болон явц дунд бид сургуулиудтайгаа уулзаад явж байхдаа санамсаргүйгээр ангиуд руу ороход тэнд дүүрэн хүүхэд суугаад хичээлээ үзэж, төхөөрөмжөө ашиглаад, багш нар шинэ технологиудыг хүүхдүүддээ зааж өгч байсан нь энэ төсөл нийгэмд чухал үр дүн авчирч байгаа юм байна гэдгийг бидэнд ойлгуулсан.
Зарим сургуулийн захирал “Мобиком” нэг ангийг нь бүрдүүлээд өгчихсөн юм чинь бид үүнээс үндэслээд өөрсдийнхөө төсвөөр 3-4 анги бий болголоо хэмээн ярьж байхад нь маш их баярласан.
Тэгэхээр санаачилга нэмэгдэж байгаа юм. Түүнээс гадна бизнесийн бусад байгууллагаас бидэнд шууд болон шууд бусаар хандаад үүнийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь зүйлийг бид энэ асуудлыг нийгмийн анхааралд оруулж чадсан юм байна гэдэг дүгнэлтэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, “Дижитал танхим” санаачлага сайнаар “халдварлаж” байна.
Нөгөө талаар технологийг ашиглаад хүүхдүүд нэг нэгийгээ дээрэлхэх гэх мэт сөрөг зүйлүүд нийгэмд бий болж байгаа учраас “Үг үлддэг” гэсэн нөлөөллийн аяныг бид төслийнхөө хүрээнд дунд сургуулийн хүүхдүүдэд зохион байгуулж байна.
Хэрэглэгч бол манай нийгмийн хариуцлагын төслийн
гол санхүүжүүлэгч
Хэрэглэгч бол манай нийгмийн хариуцлагын төслийг санхүүжүүлж байгаа гол хүн. Тиймээс бид нийгмийн хариуцлагын аливаа төсөл үйл ажиллагаагааныхаа эцэст энэ төслийг санаачлагч нь мобикомын хэрэглэж байгаа ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭН юм гэдгийг үргэлж тааламжтайгаар илэрхийлдэг. Хүн амынхаа насны бүтцийг харвал бид их залуу орон. Хүүхэд насандаа боловсролын чиг хандлага, суурь хүмүүжлийн ухаанаа олж авбал илүү бүтээлч нийгмийг бүтээнэ гэж итгэж байгаа. “Мобиком” хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар, үйл ажиллагааныхаа бүхий л үнэ цэнийг хүүхдийн боловсролын төлөө тасралтгүй зориулсаар байх болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.