Та цалингаа удирдаж чаддаг уу? Цалингаа оновчтой зарцуулахад туслах аргууд

Peak.mn
09 сарын 25, 2025

Энэхүү нийтлэлээс та:

 Цалингийн зөв менежмент гэж юу вэ?

 Яагаад орлого хүрэлцдэггүй мэт санагддаг вэ?

✔ Цалингаа оновчтой зарцуулахад тань туслах аргуудыг мэдэж авах болно.

Та өмнө нь цалин хүрэлцэхгүй байгаа нь цалин багадаа бус, харин зөв менежментгүйгээс шалтгаалдаг талаар бодож үзсэн үү? Ихэнхдээ бид “цалин нэмэгдвэл бүх зүйл дээрдэх байх” гэж найддаг шүү дээ. Гэвч бодит байдал дээр орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ ч дагаад өсдөг нь түгээмэл үзэгдэл юм. Үүнийг эдийн засагт “lifestyle inflation” буюу амьжиргааны түвшний өсөлт гэж нэрлэдэг байна. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ цалингаа хэрхэн оновчтой зарцуулах талаар мэдэж авцгаая!

Гэж юу вэ: Яагаад бидний орлого хүрэлцэхгүй мэт санагддаг вэ?


Цалингийн зөв менежмент гэдэг нь сарын орлогоо зөвхөн хэрэглээнд бус, хэрэгцээ, зорилго, урт хугацааны тогтвортой байдалд нийцүүлэн удирдах үйл явцыг хэлнэ. 

Энгийнээр хэлбэл, мөнгө таныг биш, та мөнгөө удирдаж чаддаг байх гэсэн үг юм. Ингэснээр өдөр тутмын жижиг шийдвэр бүрээрээ санхүүгийн ирээдүйгээ хамгаалж, эрх чөлөөгөө нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь таныг санхүүгийн стрессээс хамгаалж, мөрөөдөлдөө хөрөнгө оруулахад тань туслах болно. 

Учир нь том зорилго жижиг шийдвэрээс эхэлдэг шүү дээ. Монголбанкны Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох 2022 оны судалгаагаар иргэдийн 71.6% нь санхүүгээ төлөвлөдөг боловч 37.2% нь 1 сар хүртэлх хугацаагаар буюу цалингаас цалингийн хооронд төлөвлөдөг байна. Энэхүү судалгаанаас бид олон хүн маргаашаас илүү өнөөдөртөө төвлөрч байгааг харж болно.

Цалин хүрэлцэхгүй мэт санагдах нь амьдралын хэв маягийн инфляци, төлөвлөлт дутмаг байдал, нийгмийн дарамт, эдийн засгийн хүчин зүйлсээс үүдэлтэй. Тухайлбал, АНУ-ын LendingTree-ийн 2023 оны судалгаагаар орлого өссөн хүмүүсийн 65% нь зарлагаа дагаад нэмэгдүүлдэг тул хуримтлал үүсгэж чаддаггүй болохыг тогтоожээ. Тиймээс амьдралд цалин хүрэлцэхгүй байх нь зөвхөн бага орлоготой хүмүүсийн асуудал биш бөгөөд цалингийн зөв менежменттэй байх нь нэн чухал юм.

Одоо яах вэ: Цалингийн ухаалаг менежменттэй болоход туслах алхмууд


Gamification буюу санхүүгээ тоглоом шиг удирд: Gamification бол өөрийгөө урамшуулж, санхүүгээ хөгжилтэй удирдах арга юм. Тухайлбал, 7 хоног кофенд мөнгө зарцуулаагүй бол өөрийгөө киноны тасалбараар шагнах, эсвэл гадуур хооллоход мөнгө зарцуулаагүй өдрөө өөртөө жижиг бэлэг авах гэх мэт өөрийгөө урамшуулаарай. Ингэснээр зардлаа хянаж, хуримтлалаа нэмэх нь зугаатай даалгавар шиг мэдрэгдэх болно. Санхүүгээ төлөвлөнө гэдэг заавал уйтгартай байх албагүй шүү дээ.

Өдөр тутмын жижиг зардлаа системжүүл: Өглөөний кофе, өдрийн хоол, хүргэлт, такси зэрэг жижиг зардлууд нийлсээр сарын эцэст том дүн болж хувирдаг. Жишээлбэл, ажлын өдрүүдэд өдөр бүр гадуур хооллоход 20,000₮ зарцуулдаг бол сарын эцэст 400,000₮, улиралд 1,200,000₮, жилд 4,800,000₮ зөвхөн өдрийн хоолонд зарцуулдаг гэсэн үг юм. Иймээс хэрэглээний данс нээж зөвхөн тодорхой хэмжээний мөнгө хийх нь илүү удирдаж болохуйц төдийгүй санхүүгийн аюулгүй дадлыг бий болгох эхний алхам болно.


Дахин боловсруулсан дебит картыг ашиглаарай: Өдөр тутмын зардлаа хянаж, урамшуулал цуглуулан, ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулахад тань ХААН Банкны дахин боловсруулсан дебит карт тусална. Байгальд ээлтэй 93 хувь дахин боловсруулсан материалтай энэхүү картаа сонгогдсон дэлгүүр, үйлчилгээний байгууллагын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр уншуулан, оноо цуглуулаарай. Welcome оноо, худалдан авалтаас оноо цуглуулах болон зарцуулах дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авч, карт ашиглан ухаалаг хэмнэлт хийгээрэй!

“1 хүсэл 1 хэрэгцээ” дүрэм: Энэхүү арга нь ямар нэгэн зүйл худалдаж авах хүсэл төрсөн үедээ шууд зарцуулахын оронд эхлээд нэг чухал хэрэгцээт зардлаа шийдэх дүрэм юм. Жишээлбэл, шинэ гутал авахыг хүсэж байвал эхлээд түрээсээ төлөх, хадгаламждаа мөнгө нэмэх аль эсвэл сургалтын төлбөрөө төлөх гэх мэт хамгийн чухал нэг хэрэгцээгээ хангаарай. Хүсэл, хэрэгцээг ингэж тэнцвэржүүлснээр нөхцөл байдлыг бодитоор үнэлж, санхүүгийн шийдвэрээ илүү тайван, ухаалгаар гаргаж сурдаг.

Цалингаа гурван хэсэгт хуваарилах: Цалин буусан даруйд бүх мөнгөө нэг дор зарцуулах нь ихэнхдээ сарын эцэс гэхэд “мөнгөгүй” болдог гол шалтгаан. Тиймээс сарын зардлыг хянах хамгийн энгийн арга бол цалингаа эхний 10 хоног, дунд 10 хоног, сүүлийн 10 хоног гэсэн 3 хэсэгт хувааж төлөвлөх. Жишээлбэл, 600,000 төгрөгийн цалинг 200,000₮ / 200,000₮ / 200,000₮ гэх байдлаар хуваарилалт хийгээрэй. Ингэснээр сарыг 3 хэсэгт тэнцвэртэй хувааж, хүнсний мөнгө дуусах эрсдэлийг багасгана.

Орлогоо өсгөх жижиг зорилт тавиарай: Цалингийн менежмент гэдэг зөвхөн хэмнэх тухай ойлголт биш бөгөөд мөнгөөрөө бүтээмжтэй алхам хийж, орлогоо өсгөх боломжийг эрэлхийлэх нь чухал юм. Тиймээс өөртөө жижиг сорилт тавьж, тодорхой зорилгоор орлогоо нэмэгдүүлэх дадлыг төлөвшүүлээрэй. Жишээлбэл, энэ сард 100,000₮-ийн нэмэлт орлого олох зорилт тавьсан бол өөрийн сонирхол, ур чадвараа ашиглаад үзээрэй. Гар урлал хийх, бэйкери туршиж үзэх, эсвэл онлайн сургалтын үйлчилгээ үзүүлэх зэрэг арга замууд нь нэмэлт орлого болох боломжтойгоос гадна таны туршлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд тань туслах болно.

Эцэст нь хэлэхэд, цалин хүрэлцэхгүй мэт санагдах нь цалингийн буруу менежменттэй холбоотой гэдгийг ойлгоорой. Өдөр бүр бага ч болов ухаалаг алхмуудыг хийх нь таны санхүүгийн ирээдүйг өөрчилж, хүссэн зүйлдээ хөрөнгө оруулах боломжийг нээх болно. Амжилт хүсье!

Холбоотой сэдвүүд

хаанбанк хаанбанк2025

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.