Бид агаарын бохирдол л гэж ярьдаг. Гэтэл үнэндээ үүнээс дутахгүй аюул нь гэрийн дотор агаарын бохирдол юм. Үүнийг манайхан төдийлэн мэддэггүй байна.

Жишээ нь ханандаа маш гоёмсог чулуу шигтгэмэл, уналттай таазтай, тавилга, паркетан шал, хулдаас хэрэглэсэн айлууд, тэндээс нь юу ялгарч өдөр тутамдаа яаж эрүүл мэндээ хордож байгаагаа анзаардаггүй. Өнөөгийн байдлаар манайд импортоор хяналтгүй орж ирсэн эдгээр материалуудын ихэнх нь стандартын бус. Нөгөө л бидний ярьдаг хүний эрүүл мэндэд хортой бодисууд үүнд ихээр агуулж байна.

Үүний нэг нь дулаалгын материал болох асбест юм.  Асбестын молекул байнга ууршиж амьсгалын замын эд эсийг гэмтээдэг. Уушги нь маш хөвсгөр байх ёстой харин асбестийн нөлөөллөөс болж гэмтэн гуяны цул мах шиг зүйл болгодог байна.

Гэтэл манайхан асбестийг 100 айлын барилгын материалын захад өргөн хэмжээгээр зарж байна, ачигч нар нь нүцгэн шахуу ачиж байна. Дэлхийн 100 орчим оронд асбестийг хориглочихоод байгаа ч манайхан хэрэглэсээр буй.  Тухайлбал газар доорх дулааны шугамд хэрэглэдэг, гэр хороолол зуслангийн орчмын бараг бүх айл байшингаа барихдаа шилэн хөвөн буюу асбест агуулсан материал ашигладаг. 

МХЕГ-аас уг асуудлаар хуралдаж, сургалт зохион байгуулсан нь цаг үеэ олсон сэдэв байв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоотой хамтран  энэ сарын 24,25-нд ДЦС-3, ДЦС-4 дээр түшиглэн сургалт зохион байгууллаа. Сургалтад асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцан ажилладаг албан тушаалтан, засварын ажилтнууд, сүүлийн гурван жилийн хугацаанд их засварын ажлыг тендерээр зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Дэлхий дээр 125 сая хүн асбестийн нөлөөнд өртөж ажилладаг, жил бүр 107,000 хүн асбестаас шалтгаалсан уушигны хорт хавдрын улмаас нас бардаг гэсэн судалгааг ДЭМБ-аас 2010 онд гаргасан бөгөөд асбест хэрэглэхгүй, ашиглахгүй байх нь  урьдчилан сэргийлэх хамгийн гол, үр дүнтэй арга хэмжээ  гэж үзсэн. 

Улмаар асбестын хэрэглээг хориглох асуудалд анхаарлаа хандуулах, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг улс орнуудад зөвлөмж болгосон аж. Асбестын хэрэглээнээс шалтгаалан хүний эрүүл мэндэд учруулж байгаа аюул эрсдэл, өвчлөлийг судлан тогтоож, үйлдвэрлэх, ашиглах, импортлох үйл ажиллагааг цөөнгүй улс оронд хориглоод байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас

✔ асбестийн хэрэглээг бууруулах, 

✔хориглох  үндэсний бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллагуудын оролцоог сайжруулах, 

✔аюулгүй ажиллагааны заавар дүрмийг боловсруулах, хэрэгжүүлэх, 

✔эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагуудад асбест агуулсан бүтээгдэхүүнийг таних лабораторийн чадавх  бүрдүүлэх, 

✔хог хаягдлыг хүн ам, байгаль орчинд халгүйгүйгээр устгах ажлыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх  саналыг холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Асбесттай харьцах аюулгүй ажиллагааны зөвлөмж”-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2020.02.03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталжээ.