Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10,11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсон билээ. Эхний ээлжинд хотын төвөөс холгүй орших бидний мэдэх 100 айлын орчмын барилгын материалын дэлгүүрүүд юм. 

Хэдийгээр хувиараа бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч энэ орчмыг нүүлгэх болсон хэд хэдэн шалтгаан байгааг НИТХ-ын гишүүд хэлж байна. Тухайлбал барилгын захын ойролцоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээс шинжилгээ авахад тэдний 60 хувьд нь хар тугалга илэрчээ. 

Хар тугалга нь хүний бараг бүх эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохир­дуулагч хортой бодис юм. Энэ нь мэдрэл, бөөр, цус бүтээх, нөхөн үржихүйн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа хүүхдийн өсөлтийг саатуулах сөрөг нөлөөтэй бөгөөд тархины хөгжлийг саатуулдаг ажээ. Иймээс энд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж , бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр  гурван үе шаттай ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байгаа юм байна.