Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан өнөөдөр (2024.06.06) боллоо. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр хүсэлт гаргасан 102 хүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэв. Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 2-ны дотор 104 хүн баримт бичгээ дахин ирүүлснээс нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гарсан ч нэмэлт баримт бичиг ирүүлсэн хоёр иргэний асуудлыг хэлэлцээгүй.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар нийт 1,399 хүний баримт материалыг нягтлан шалгаж, нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу 16 нам, хоёр эвслээс 99 нэр дэвшигч, гурван бие даан нэр дэвшүүлэгч, нийт 102 хүн зөрчлөө арилгасан талаарх холбогдох баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу дээр дурдсан 102 хүний баримт бичгийг нягтлан шалгаад хуульд заасан шаардлага хангасан 92 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан зөрчлөө арилгаж, холбогдох баримтаа ирүүлсэн тул нэр дэвшигчийг бүртгэж шийдвэрлэв.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй, баримт бичиг дутуу 10 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Тодруулбал,

  • Баримт бичиг дутуу-3
  • Татварын өртэй-3
  • Өөр намын гишүүнчлэлтэй-3
  • Төрийн жинхэнэ албан хаагч албан тушаалаас чөлөөлөгдөөгүй-1 тул тус тус татгалзав.

Түүнчлэн иргэний гомдлын дагуу нягтлан шалгахад нэг нэр дэвшигч өөр намын гишүүнчлэлтэй нь тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1,336 хүнийг нийтэд мэдээлнэ.