Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх 20-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. 

Сонгуулийн ерөнхий хороо нь Авлигатай тэмцэх газартай хамтран “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ТАНАА” гарын авлага гаргажээ.

 Уг гарын авлагад нам, эвслээс болон бие даан нэр дэвшигч бүрдүүлэх баримт бичгээ хаанаас хэрхэн авах талаарх зааварчилгааг оруулсан байна.  Түүнчлэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим системд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах, сонгуулийн зардлаа тайлагнах зааварчилгаа болон сонгуулийн сурталчилгаатай холбоотой хуулийн зохицуулалтыг тусгасан байна. 

Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой бөгөөд цахим системд нэр дэвшигч бүртгүүлэх зааварчилгааг гарын авлагад мөн тусгасан байна. 

Мөн бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан. Дэмжигч сонгогчдын бүртгэл, гарын үсэг цуглуулах ажиллагааг www.e-election.mn цахим системээр хийх, нэгтгэх талаарх зааварчилгааг гарын авлагаас харах боломжтой юм байна. 

Нэр дэвшигчдэд зориулсан “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ТАНАА” гарын авлагатай ЭНД ДАРЖ  танилцана уу.