Ч.Сумъяабазар
08 сарын 19, 2026
Монголын Байгалийн Өв Сан Голомт банк, ХААН Банктай байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслол COP17-ын хүрээнд зохион байгуулагдсан Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форумын үеэр болж, биологийн олон янз байдал, байгаль хамгаалалд банк, санхүүгийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө, санхүүжилтийг байгаль хамгааллын бодит үр дүнд чиглүүлэх зорилтыг талууд онцоллоо.

Санамж бичгийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг дэмжих, байгаль хамгааллын санхүүжилтийн шинэ механизм, бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Тухайлбал, тогтвортой бэлчээрийн менежменттэй уялдсан ногоон санхүүжилтийн загвар, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг судлах, банкны эрсдэлийн удирдлагад байгаль, биологийн олон янз байдалтай холбоотой эрсдэлийг тусгах зэрэг чиглэлийг хамруулжээ.
Энэхүү түншлэл нь байгаль хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, санхүүгийн салбарын оролцоог өргөжүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг бодит, хэмжигдэхүйц үр дүнд чиглүүлэх чухал алхам боллоо.