Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын холбооны санхүүжилттэй Зохистой хөдөлмөр ба худалдаа төслийн хүрээнд “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г хийж гүйцэтгэжээ.

Судалгаагаар төрийн алба болон хувийн хэвшилд, нийслэл болон орон нутагт хөдөлмөр эрхэлж буй 3300 хүнийг хамруулан ажлын байрны дарамт/АБД/, хүчирхийллийн тархалт, АБД-ын талаарх мэдлэг ойлголт, хандлага, нөхцөл байдал, болон ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтын илрэх бүх төрлийн хэлбэр, АБД хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлж буй байдалд дүн шинжилгээг хийсэн байна.

ХЭҮК-ын гишүүн, судалгааны багийн ахлагч Д.Сүнжид судалгааны дүнг танилцуулах үеэрээ "Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн орчин дахь дарамт хүчирхийлэл ямар байгаад хэсэгчилсэн судалгааг хийхэд “байгаа” гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс үндэсний хэмжээнд ажлын байран дээрх дарамт, хүчирхийллийн дүр зургийг харахаар хийсэн" гэдгийг онцлов.

Төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголт, хандлага өртөж буй байдал (KAP), өөрийн эрхээ хангаж хамгаалуулах мэдлэг, мэдээлэлтэй байдлыг судлахдаа нийгмийн судалгааны тоон судалгааны арга зүйн дагуу явуулжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд, 

  • Судалгаанд оролцсон гурван төрийн албан хаагч тутмын нэг нь бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргахыг бэлгийн дарамт биш гэж үзжээ.
  • Дөрвөн хүний нэг нь өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил эсвэл чадавхын тухай дүрслэн ярихыг бэлгийн дарамт биш гэж хариулжээ.
  • Таван хүний нэг нь хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлахыг, таван хүний нэг нь таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэхийг бэлгийн дарамт биш гэж хариулсан байна. 
  • Харин нийт судалгаанд оролцогчдын 14-15 хувь нь дээрх үйлдлүүдийг бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэл гэж огт мэдэхгүй гэсэн байна. Энэ нь төрийн албан хаагчдын дундах ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг харуулж байна.
  • Судалгаанд оролцсон төрийн захиргааны албан хаагчдын 77.6 хувь ажлын байрны бэлгийн дарамт хүчирхийллийг хүний эрхийн зөрчил мөн гэсэн хариулт өгсөн байна. 
  • Захиргааны албан хаагчдын дунд 92 эмэгтэй ажлын байрны бэлгийн дарамтын улмаас хүчингийн гэмт хэргийн золиос болж, 3 эмэгтэй тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн байна. Энэ нь төрийн захиргааны байгууллага дахь ажлын байрны бэлгийн дарамтын тархалтыг илэрхийлж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл нь жендэрт суурилсан дарамт хүчирхийллийн нэг хэлбэр. 

Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн зөвхөн төрийн захиргааны албан хаагчдын дунд “ажлын байрны бэлгийн дарамт”-ын талаар хийгдсэн судалгаа тул үндэсний хэмжээний ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт, мэдээлэлтэй байх, түүний хандлага, тархалтыг тодруулахад учир дутагдалтай юм.

Эдгээр судалгаанаас үзэхэд ажлын байрны бэлгийн дарамт төдийгүй ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, дутмаг байгаа нь ажиглагдсан гэдгийг судлаачид хэлж байлаа. 

Манай улсад хөдөлмөрийн харилцааны талаарх судалгааг цөөнгүй зохион байгуулсан ч ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаар тусгайлан хийсэн нь харьцангуй цөөн ихэвчлэн нэг салбар, бүлгийн дунд хийсэн байдаг.