Хавар хаяанд иржээ. Нэгдүгээр сарын дунд үе атал хаврын тухай юунд эрт ярина вэ гэж та бодож магад. Энэ бол Хөх хотын хаврын тухай яриа юм. Хөх хотынхон өөрсдөө цагаан сарын дараагаас л хавартай золгоно доо гэцгээж байгаа ч бидэн шиг дунджаар -30 хэмийн хүйтэнд амьдардаг улсад бараг хавар ирснээс ялгаа алга.

Ес эхлэхийн өмнөх өдөр агаарын температур +1 байсан гэхээр эл газар уртхан намрын араас сунжруухан хавар мөрлөөд хүлээж байдаг шиг санагдана. Эндхийн хүмүүс өвлөөрөө ч малгай бээлий өмсч, ороолт зүүхгүй юм. Үйлдвэрлэлээс гарч байгаа тэр олон малгай бээлий, ороолтыг хэн ч худалдаж авдаг юм, бүү мэд. Малгай бээлий, ороолт тийм борлуулалт муутай бараа юм уу гэхээр бараг бүх дэлгүүр хоршоо бүрт малгай ороолтны тасаг байх юм. Хөгшчүүл нь бэгнээд, залуус нь толгой тархиа хайруулууд гоёлж явна уу гэхээр тийм биш. Бүгд л шахам нүцгэн толгойтнууд. Энэ газрын улс ялангуяа залуучууд нь голдуу нэг размер томдсон юм уу гэмээр хүлхийсэн пальто, куртка өмсөнө. Өглөө үдшийн сэрүүн цагаар тэрхүү залуус хүзүүгээ байдгаар нь нугдайлган өнөөх том куртканыхаа зааманд хошуугаа шургуулчихсан, ханцуйгаа сул тавьчихсан явж байх нь бий.

Өвөрлөгчдийн нийслэлээр энэ өвөл цас орсонгүй. Он солигдох мөчид тэнгэр хангай болгоож жаал бударсан юм байх, даанч орсон даруйдаа хайлчихаж. Далан харын нуруугаар алаг тарлан цастай ч төв хавиараа таг хараараа байсаар хавартай золгож байна. Хаврын хавсаргатай хамт хэд гурван юм унадаг юм болов уу, яадаг юм бол. Их л хуурайшил өндөртэй өдрүүд айсуй яваа бололтой. Жил жилийн хаварт ялангуяа хөдөөгүүр шуурна гэдгийг үзүүлдэг сурагтай. Хөх хотоор хавиар харин харьцангуй гайгүй гэнэ шүү. Учир нь сүүлийн жилүүдэд хот дотор гэлтгүй, зах хавиараа ч ялгаагүй ургаа мод олныг тарьсан нь ийн нэмэртэй байх болжээ. 

Хаврын салхи ер нь их хорон. Хөх хотынх ч ялгаагүй, нэвт жиндүүлэм янзтай. Өвөлдөө хур тунадас унаагүй газар салхи шуурга дэгдэхээр юу болохыг төсөөлж л байна л даа. Говьд хавсарга хэрхэн тавьдгийг над шиг дорнын говьд төрж, өсч өндийсөн хүн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Урьдах замаа ч олж харахааргүй, яая даа гэмээр шуурсан хавсаргатай өдрүүд хавар цагт манай говьд цөөн бус удаа тохиолдоно. Ийм үед машины гэрэл ёлтойж харагдахаас машин нь харагдахгүй шүү дээ. Тэрхүү гэрлээр нь л “За энд машин яваа юм байна шүү” гэж баримжаалах төдий. Ингэж шуурахыг манай говийнхон “Манай программ” хэмээх. Бага зэргийн шороон шуурга бол байдаг л үзэгдэл. Угаас ингэдэг юм, хойшид ч ийм л байх болно гэсэн аятай үл оошооно. 

Угалз бол өөр шүү. Байгалийн энэ ховор үзэгдэл ч бас өршөөлгүй шүү дээ. Айл гэрийг түйвээж, мал сүргийг сүйд хийж орхино. За даа тэгээд говьд ямар шороон шуургагүй хавар цаг гэж байх биш дээ. Ямар байхгүйн зовлон байх юм биш гэсэн шиг хэсэгтээ л нүүр нүдгүй шуурах. Шуурганы үеэр гадуур явбал ам хамраар шороо чигжээд, уруулын нимгэн арьсан дээр элс товхойгоод наалдчихсан, царай зүс гэж авах юмгүй, газрын гаваас босоод ирчихсэн аятай зэгэл саарал юм болчихдогсон. Үс гэзэг ч гэж юу гэхэв, толгой хүзүүгээ сүрхий гэгч нь дарж боолоо ч хэдэн өдөр самнаагүй аятай ширэлдээд даахирчихна. Гэр балбаж, яндан хонгиносон тэр хэсэгхэн өдрүүд ертөнцийн төгсгөл гэж байдаг. Тэр нь салхи шороогоор дамжин хүн төрөлхтөн рүү чиглэвэл хүн гэдэг амьтан байгаль дэлхийн өмнө ямар хариугүй жижиг, даван туулах хүч чадалгүй гэдгийг ойлгуулах шиг болдогсон. 

Хавар ирсний өөр нэг дохио бол өдөр уртсах. Манай ажил 17:30 минутад тардаг. Сар гаруйн өмнө ажлаас тарахад гудамжны гэрэлтүүлгийг хэдийнэ тавьж, түгжээнд зогсоо унаа тэрэг гэрлээ асаачихсан байдаг байв. Одоо харин лавтайяа 30 минутаар өдөр урагшилжээ. Харанхуйгаар ажлаас гарсаар сурчихаж. Цагаан гэгээнээр ажлаас буухад хэсэгтээ сонин. Ажлаасаа арай эрт гарчихсан аятай сэтгэгдэл төрнө. Сэтгэлийн мухарт бол баяр хөөр төрөөд, ирж яваа цаг сайн сайхныг зөгнөх шиг цэлмүүн. Энэ үед сэтгэл санаа, бие хаа, алхаа гишгээ хөнгөрөх ч хувцас хүнддэх болжээ. Зун цагт салхи шиг хүсүүштэй зүйл үгүй билээ. Гэнэ гэнэ хүчтэй шуурдаг, дээр нь хүний нутагт ханиад томуунд өртөх вий гэж бодохоор гадуур хувцсаа яаран нимгэлсэнгүй. Харин үүний оронд малгай ороолт, бээлий болон бас бус хувцсаа нимгэлэв. Хувцсандаа түүртэх нь арай багасав. 

Улаанбаатарт хавар ирэхэд гудамжны модод нэгхэн шөнийн дотор ногоорчихсон байдаг сан. Хөх хотын модод өнөөдөө арайхан ч гөлөглөөгүй байна. Гэсэн хэдий ч мөнх ногоон модод олонтой учир бүх мод нь өвлийн турш сээрийж харагддаггүй талтай. Хөх хотыг хүмүүс Өвөрмонголын алтан гурвалжингийн нэг, сүүний хот гэхчлэн янз янзаар нэрлэх нь бий. Миний хувьд нарны хот гэж нэмж нэрлэмээр санагддаг. Замын-Үүдийн цаг агаартай эндхийн цаг уур адил төстэй шиг байгаа юм. Ер нь бол бидний Монголчууд шиг хуурай, нарлаг, цэнхэр тэнгэр дор амьдарч ирсэн улсад эл хотын цаг агаар дасан зохицох гэж сүйд болоод байх зүйлгүй дээ.