Р.Ж.Паласиогийн “Гайхамшиг” номын тойм

Хүмүүс харахыг хүссэн зүйлээ харж, сонсохыг хүссэн зүйлээ л сонсдог байх. Заримдаа бидний тоомжиргүй гаргасан жижиг алдаанаас болж хэн нэгэн маш хүндээр шархалдаг байж мэднэ. Бидний сайхан гэж шүтдэг, муухай гэж гоочилдог тэр хийсвэр, өнгөц үзэл бодлыг чухам юу бий болгодог юм бол? Энэ бүх зүйлийн нарийн учир шалтгааныг уншигч та “Гайхамшиг” номоос олж чадна. Дунд болон ахлах ангийн сурагчдын заавал унших ёстой номын жагсаалтад багтсан, дэлхий даяар таван сая гаруй хувь борлогдсон, "New York Times"-ийн бестселлер бүтээлийн тухай хүргэж байна.


Зохиогчийн тухай

Түүний жинхэнэ нэр Ракуэл Жарамилло бөгөөд Паласио гэдэг нь ээжийнх нь нэр юм. Эцэг, эх нь Колумбиас гаралтай цагаач гэр бүл. Тэрээр Манхаттанд урлаг дизайнерийн чиглэлээр төгсөж, 20 гаруй жил тус мэргэжлээрээ ажилласан байна. 


Гайхамшиг номынхоо санааг хэрхэн олсон тухай өөрийн сайтдаа “Нэг өдөр би хоёр хүүтэйгээ зайрмагны мухлагийн урд зогсож байтал бидний хажууд бусдаас өвөрмөц царайтай бас нэгэн жаалхүү байв. Гэтэл бага хүү минь гэнэт уйлж эхэллээ. Тэр айсан байсан. Би шууд л хүүхдүүдээ хөтлөөд хурдхан шиг тэндээс холдсон. Харин дараа нь би нөхцөл байдлыг буруугаар эргүүлснээ ойлгосон юм. Хүүхдүүддээ түүнээс айх хэрэггүй, бидэнтэй л адил гэдгийг хэлж ойлгуулах ёстой байсан. Тиймээс энэ бүхнийг залруулахын тулд, мөн хүмүүст бусдыг хайрлах, энэрэнгүй хандах, нийгүүлсэнгүй байх нь ямар энгийн зүйлээс эхэлж болдгийг ойлгуулахыг хүссэн” хэмээн бичжээ.


Номын тухай

Энэхүү номд Август болон түний гэр бүл, найзуудын талаар тус тусын өнцгөөс харуулан дүрслэнэ. Зөвхөн нэг хүний үзэл бодлоос үйл явдлыг дүрслэх бус олон хүний санааг тусгасан нь үнэхээр зөв шийдвэр болсон гэж би дүгнэсэн. Август бол генийн өөрчлөлтөөс болж төрөлхийн эрүү нүүрний гажигтай төрсөн 10 настай хүү юм. Өмнө нь огт сургуульд явж үзээгүй тэрээр Бийчер дунд сургуулийн тавдугаар ангид элсэн орно. Сургууль түүний бодсоноос арай дээр байсан ч түүнтэй хэн ч нөхөрлөхийг, бүр ойртохыг ч хүсдэггүй байв. Олон хүүхэд түүнийг тахал тараагч гэж бодлог байлаа. Гэхдээ хүн бүр адилгүй шиг тэрээр Жэк, Саммер гэдэг сайн найзуудтай нөхөрлөж эхэлнэ. Ийнхүү хамтдаа өсвөр насны хүнд хэцүүг даван туулж, хэрхэн асуудлаас гарах гээд олон зүйлийг ойлгоно. 

Хэлбэрийн хувьд зузаан ч агуулгын хувьд энгийн, уншихад хялбар ойлгомжтой. Бусад номоос ялгаатай нь олон хэсэг дээр уншихаа түр зогсоож эргэцүүлэхэд хүргэнэ. Гуниглуулж бас инээлгэнэ. Ер нь амьдрах ухааны том хичээлийг танд зааж чадах гайхалтай бүтээл.


Номоос онцлох эшлэлүүд


- Заримдаа би өөрийгөө хэтэрхий том толгойтой гэж бодох юм. Учир нь толгойгоор минь дүүрэн мөрөөдөл байдаг.

- Намайг жирийн биш болгодог ганцхан шалтгаан нь намайг хэн ч жирийн гэж хардаггүйд л оршино.

- Нөхөрсөг байна гэдэг хангалтгүй юм. Харин жинхэнэ найз байх хэрэгтэй.

- Дэлхий даяар амьдарч буй хүн бүр ядаж амьдралдаа ганц удаа бусдыг суудлаас нь босгож алга ташуулж чадна. Учир нь бид бүгдээрээ хорвоод төрсөн шүү дээ.


   Эх сурвалж: Wonderthebook