Шим тэжээл бага түргэн болцтой байх тусмаа л эрүүл мэндэд хөнөөлтэйг эрдэмтэд хэдийн баталсан. Ялангуяа хорт хавдрын эрсдэлийн дийлэнх шалтгааныг бидний өдөр тутамдаа иддэг хоол хүнснээс улбаатайг та мэдэх үү. 

Завгүй байсан ч эдгээр хүнснээс татгалз

Зайдас, хиам, гахайн мах болон бусад төрлийн дахин боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд ээлгүйг нь хүн бүр мэдэх байх. Гэвч бид шууд л хэрэглээнээсээ хасаж чаддаггүй, нэг мэдэхэд л дэлгүүрээс базаасан хүнсний дунд нэг төрөл нь багтчихсан л явдаг.

Энэ талаар “Мемориал Слоан Кеттеринг”-ийн хорт хавдрын төвийн доктор Дайан Рейди-Лагунес “Дахин боловсруулсан мах махан бүтээгдэхүүн нь нитрат, нитрит зэрэг нөөшилж хадгалах бодис ихээр агуулдаг. Энэ хэрээрээ зүрхний өвчлөл, чихрийн шижин цаашлаад төрөл бүрийн хавдрын өвчлөлийн гол шалтгааны нэг болж байна” хэмээн онцлон хэлж судалгааны бүтээлүүддээ дурджээ.

ДЭМБ-аас эдгээр бүтээгдэхүүнийг 1 дүгээр бүлгийн хорт хавдар үүсгэгч хэмээн ангилдаг. Мэргэжилтнүүд зайдас, хиамыг тахиа, загас, шош, самар зэрэг уургийн агууламж өндөртэй хүнсээр орлуулан хэрэглэхийг зөвлөж байна.


Хүүхдэдээ хайртай л бол хэт боловсруулсан хүнсийг хэрэглээнээсээ хас 

Өглөө идэхэд хамгийн тохиромжтой хоол хүнсний нэгээр овъёос болон будааны төрлүүд нэрлэгддэг. Гэвч  хэт боловсруулсан, чихэрлэг ихтэй байх тусмаа эрүүл мэндэд эрсдэлтэй тул сонголтоо эргээд нэг хараарай.

Ялангуяа чанадаг биш өглөө сүүнд шууд дэвтээж амтархан иддэг төрөл бүрийн Cereal-ийг хүүхдэдээ бүү өгөөрэй. Учир нь хэт их чихэрлэг учраас хорт хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнээр дурдагджээ. Судалгаанд энэ төрлийн хэт их боловсруулсан хоол хүнс урт хугацаандаа хавдар тэр дундаа тархины хавдрын өвчлөлийн шалтгааны нэг болж байгаа аж.

Боловсруулсан хоол хүнс нь их хэмжээний далд элсэн чихэр агуулдаг. Тэр хэрээрээ идэх дуршлыг нэмэгдүүлж, таргалалтаас гадна зүрх судасны өвчний шалтгаан болж байгааг ч бас дурдсан байна.


Цаашдаа хасагдах хүнс цагаан талх

Бүр мөсөн татгалзах шаардлагагүй ч аль болох зайлсхийж байх хүнсний нэг бол цагаан талх. Учир нь бүхэл үрийн гурилаас авч болох тэжээллэг чанар цагаан талханд агуулагддаггүй. Тиймээс чихэр, сереалтай адил таргалалт, чихрийн шижин зэрэг хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг. 


Сод болон бусад чихэрлэг ундаа буюу таргалалуулагч шидтэнгүүд

Чихэрлэг ундаа нь илчлэг өндөр, нүүрс ус ихээр агуулдаг. Орц жоронд нь хүний биед хэрэгцээт ямар ч төрлийн тэжээллэг чанартай зүйл багтаагүй. 

500 мл-ийн савлагаатай ундаанд ойролцоогоор 12 цайны халбага элсэн чихэр агуулагддаг учраас таргалалтын шалтгаан болдог. Энэ хэрээрээ хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг байна.

 

Шарсан хоол сайхан ч…

 Шарж, хуурсан хоол хэдий амттай  ч хоол боловсруулах эрхтэн хамгийн халгаатай.

Яагаад вэ гэж үү. Хоол хүнсийг шарах явцад бензопирен хэмээх хорт хавдар үүсгэгч бодис ялгардаг. Амьтны, ургамлын гаралтай тосыг дахин халаан давтан ашиглах үед ч уг бодис ялгардаг байна. 

Бензопирен нь хоол боловсруулах замаар хүний биед орж хүний дархлалын тогтолцоог дарангуйлдаг төдийгүй улмаар хорт хавдар үүсгэх эрсдэлтэй юм. Тиймээс шарсан хүнсний хэрэглээгээ аль болох багасгахын сацуу хэрэглэсэн ургамлын тосоо ахин ашиглахгүй байхыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Huffpost