Засгийн газрын хуралдаанаар гаргасан холбогдох шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд заасан 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих Зорчих эрхийг хязгаарлах талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар өнөөдөр баталлаа. 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь үндсэн гурван агуулгатай.

Нэгдүгээрт, тухайн ялтан цахим бугуйвч болон хөлийн бугуйвчийн аль нэгийг зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад ордог.

Хоёрдугаарт, зорчих тодорхой маршрутыг нь баталгаажуулна. Тухайн маршрутаасаа гарахгүй.

Гуравдугаарт, тодорхой хэн нэгэнтэй уулзахгүй хязгаарлалтыг тогтооно. 

Энэ ялыг 2015 онд баталсан ч техник, тоног төхөөрөмжийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэгжиж эхлэх хугацааг хоёр удаа хойшлуулсан. Үүнийг ирэх нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэхээр хуульчилсан. Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам өнгөрсөн 7 дугаар сараас судалгаа хийж, холбогдох тооцоо, бусад материалуудыг Засгийн газрын хуралдаанд оруулснаар, ирэх нэгдүгээр сарын 01-нээс энэ ялыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас тогтоол баталлаа.

Энэ ял хэрэгжсэнээр нэгдүгээрт хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлийнхэйгээ байж, тодорхой хуулийн хязгаарлалтад орж ялаа эдлэх боломж бүрдэж байна. Хөнгөн, болгоомжгүйгээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Өөрөөр хэлбэл, хүн амины, хүчингийн зэрэг бусад хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй. 

2021 онд шүүхээр 1080 орчим хүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах статистик тооцоолол дээр үндэслэн яам энэ ялын бэлтгэл ажлыг хангаж байна. 

Их, дээд сургуульд сурч буй оюутнууд болгоомжгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд сурч, боловсрох эрхээ алдахгүйгээр энэ ялыг эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гэр, ажил, сургуулийнх нь хооронд зорчих маршрут тогтооно. 

Энэ бугуйвч нь харахад "iwatch" шиг, дотороо ган тросстой учир таслах боломжгүй. Тасалсан болон тогтоосон маршрутаас гарсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ял болгоно. Цахим бугуйвчин гавыг хөл, гарынхаа алинд ч зүүж болно" хэмээлээ.

Зорчих эрхийг хязгаарлах энэ ял нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй хамт хоригдсоноор буруу зан үйлд суралцах, дахин гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй болох зэргээс сэргийлнэ. Мөн хорих ангид бусдын дарамтад орох нөлөөллөөс ангижрах давуу талтай гэдгийг сайд Х.Нямбаатар онцлов.