Ж.Баясгалан: Хүн амьдралынхаа маш бага хугацааг буюу 8.9 жилийг л гэр бүлдээ зарцуулдаг

Б.Болормаа
01 сарын 26, 2021

Гэр бүл судлаач Ж.Баясгалангийн зөвлөмжийг хүргэж байна. Тэрбээр гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа сайхан дурсамж бүтээх нь амьдралд ямар чухал болохыг зөвлөлөө.


Яагаад гэр бүлдээ цаг гаргах ёстой гэж….?

Дундаж наслалтаар дэлхийд хамгийн өндөрт тооцогддог Япончууд 78 насладаг. Харин Монголчуудынх 69.5 байна. 

Хүн дунджаар 78 жил амьдарна гэж үзвэл:

  • 28.3 жил буюу амьдралынхаа гуравны нэгийг унтаж, 
  • 10.5 жилийг ажиллаж, 
  • 9 жилийг нийгмийн сүлжээнд, 
  • 6 жилийг гэрийн ажилд, 
  • 4 жилийг идэж, ууж, 
  • 3.5 жилийг боловсролд, 
  • 2.5 жилийг бие засахад, 
  • 1.3 жилийг зам дээр, 
  • 1.5 жилийг хүүхэд өсгөхөд /зөвхөн нэг хүүхдэд/, 
  • 2.5 жилийг дэлгүүрт өнгөрөөдөг байна. 


Амьдрах 78 жилээсээ дээрх хугацааг хасахад бидэнд гэр бүлдээ зарцуулах цаг маш бага буюу ердөө 8.9 жил үлддэг. Харин та гэр бүлдээ энэ цаг хугацаагаа хангалттай зарцуулж чаддаг уу. 

Завгүй гэсэн шалтгаанаар бяцхан үрийнхээ зурсан зургийг харж, өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах цагаа хойш тавьсаар, тэмдэглэлт өдрийг нь хамт өнгөрүүлж чадахгүй яваа юм биш биз. 

Зорилгын төлөө, амьдралынхаа төлөө гэсээр…

Гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах, гэр бүлийн халуун дулаан дурсамж бүтээх цаг хүн бүрт харилцан адилгүй ч их, бага ногддог. 

Бүх зүйл төгс төгөлдөр болсны дараа гэр бүлдээ цаг зав гаргана гэж байдаггүй. Хүүхдийн зүрх сэтгэлд дурсамж үлдээхийн тулд цаг хугацааг хамтдаа өнгөрүүлээрэй. Эдгээр өдрүүд, энэ хугацаа урт байх тусам гэр бүлийн харилцаанд ч эерэгээр нөлөөлдөг.

Хамтдаа байх цагийг чухалчилдаг гэр бүл бат бөх байдаг. 


Гэр бүлээрээ төлөвлөхийн ач тус


Гэр бүлийн дурсамжийг бүтээхийн тулд анхаарах нэг чухал зүйл нь гэр бүлийн хамтын төлөвлөгөө болон зорилго юм. Зорилго, төлөвлөгөө гэдэг нь эргээд өнгөрсөн цаг хугацаагаа дүгнэх, ирээдүйд хаана, юунд хүрэх, юу бүтээх вэ гэдгийг урьдчилан харах хамгийн том боломж болдог. 

Тухайлбал, та болон танайхан он солигдох өдөр буюу 12 дугаар сарын 31-нд юу хийдэг вэ. Зарим гэр бүл энэ өдөр шинэ оноо угтахаас гадна ирэх жилийнхээ зорилго, төлөвлөгөөг гаргаж, хаагуур аялах, аль саруудад гэр бүлдээ, хэзээ нь ажил хөдөлмөртөө илүү анхаарах зэргийг хамтдаа ярилцаж төлөвлөдөг байна. Ингэснээр гэр бүлийн харилцаа сайжрах, гэр бүлийн аз жаргал дээшлэх суурь тавигддаг байх нь. 

Хүүхэд насны дурсамж нь тухайн хүний ирээдүйд ихээхэн нөлөөлж, ирээдүйг нь тодорхойлдог. Хүүхэд байхдаа тоглодог байсан тоглоом, аялсан газар, ээж аавтайгаа өнгөрүүлсэн цаг хугацааг хүүхэд хэзээ ч мартдагггүй. 


Хүүхдэд үлдэх хамгийн үнэт өв хөрөнгө бол тэдэнд үлдэх сайхан дурсамж юм


Хүний амьдрах арга барил 4-5 насанд бүрэлдэн тогтдог гэдгийг судлаачид олж тогтоожээ. Ямар зан чанартай, сэтгэл зүйн ямар онцлогтой, амьдарлын ямар хэв маягтай хүн болох вэ гэдгийнх нь 70-80 хувь нь энэ насанд төлөвшин тогтдог. 

Гэр бүлүүдэд байдаг нэг буруу ойлголт нь хүүхдээ ухаан орсны дараа буюу том болохоор нь илүү ойр дотно харилцана гэж боддог. Гэтэл 4-5 нас нь хүүхдийн хөгжлийн суурь юм. Хүүхдээ энэ насанд байхад нь хамт сайхан дурсамж бүтээх, сэтгэл зүйд нь эерэгээр нөлөөлөх хандлагуудыг үзүүлэх нь хүүхдийн ирээдүйн хөгжилд маш чухал байдаг. 

Хүүхдэд үлдээх хамгийн үнэт өв хөрөнгө бол тэдэнд үлдэх сайхан дурсамжууд юм. Хүн эцэстээ дурсамжаараа л тэтгэгдэн амьдардаг. Дурсамж эерэг байна гэдэг нь гэр бүлийн хоорондын харилцаа эрүүл байх нэгэн чухал зүйл. Өөрөөр хэлбэл, сайхан дурсамжуудыг хамт бүтээсэн хүмүүсийн харилцаа эрүүл, тогтвортой, аз жаргалтай байдаг.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.