Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотноо өнөөдөр “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ - 2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. 

Чуулганы гол зорилго нь 2018 оны “Тогтвортой хөгжлийн зорилго: ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэж, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлж, зөвлөмж боловсруулах юм. 

“Улаанбаатар тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн гурван дэд чиглэлээр 21 зорилт дэвшүүлсэн. Жендэрийн Үндэсний Хороо нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдгээр зорилтыг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө (2017-2021)-нд тусган хэрэгжүүлж ирлээ. 

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг АХБ-ны дэмжлэгтэйгээр 2017-2019 онд “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”, 2019-2021 онд “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслүүдээр дамжуулан үндэсний хэмжээнд хангаж ажиллав.

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр


Үр дүнд нь Монгол Улсын нийт 14 салбар яамд, нийслэл болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн захиргааны байгууллагууд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болж, үндэсний хэмжээнд жендэрийн тэгш эрхийг хангах тогтолцоо бэхжээд байна. 


Мөн төслүүдийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, эдийн засаг, соёлын харилцаан дахь жендэрийн тэгш эрхийг хангахад сөргөөр нөлөөлж буй жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс сэргийлэхэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилтот үйл ажиллагаа өндөр үр дүнтэй хэрэгжив. Эдгээр цогц үйл ажиллагаанд олон улсын байгууллагууд, иргэний нийгэм, ТББ-ууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцсоноор үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт өргөн цар хүрээг хамарч, 2011 оноос хойш тасралтгүй үргэлжилж буй жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явцад томоохон ахиц дэвшлийг бий болгоод байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа


Төр болон хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд хүлээсэн дүр, үүргийн тухай хэвшмэл ойлголт, хандлагад нөлөөлснөөр Монгол Улс Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр танилцуулдаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 орноос 69-рт жагссан амжилт үзүүлээд байна.

Гурван жилд нэг удаа болдог энэхүү чуулганаар “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого төлөвлөлт, төслийн ололт амжилт, алдаа оноо, сургамжийг тодорхойлох юм. 


Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, эдийн засгийн тэгш оролцоог хангахад олон талын оролцоог идэвхжүүлэх үүднээс зөвлөмж боловсруулж Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлын хэтийг тодорхойлох ач холбогдолтой.

Чуулганы үеэр “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт”, “Хөдөөгийн хөгжил ба жендэр”, “Жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа” гэсэн гурван салбар хуралдаан зэрэг явагдаж, панел хэлэлцүүлэг, илтгэлүүд тавих юм. Сэдэвчилсэн илтгэл, хэлэлцүүлгүүд нь салбар хоорондын үр дүнтэй хамтран ажиллах арга замыг тодорхойлоход чиглэж байна. 

Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч  Павит Рамачандран


Чуулганы нээлтэнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч  Павит Рамачандран, Монгол Улсын Их Хурлын даргын Зөвлөх Ц.Цогзолмаа Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шигэрү Кикүма, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар оролцож үг хэллээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

"Жендэрийн тухай яриа бол зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал биш. Нийгмийн оролцоо дахь хүйсийн эрх тэгш байдлын тухай ойлголт гэдгийг хүмүүс мэддэг, ойлгодог болсон. Үүний цаана хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанар, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, улс төр, манлайлал гээд нийгмийн бүхий л салбарыг хамарсан өргөн агуулга бий. Тиймээс жендэрийн тухай бид илүү сайн ярих ёстой. 

Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомж, хөтөлбөр зэрэг цаасан дээр буусан бодлого чамлахааргүй бий. Харин хэрэгжилт нь ямар байна, цаашид юунд анхаарах шаардлагатай вэ гэдгийг асуултын тэмдэгтэй авч үзэх нь өнөөдрийн чуулганы болон цаашдын үйл ажиллагааны зорилго.

Жендэрийн асуудалд ахиц гаргахад олон талын хамтын ажиллагаа чухал. Төрийн бодлогоос гадна олон нийтийн оролцоо, иргэдийн хандлага багагүй нөлөөтэй.

Энэ чиглэлд анхаарч ажилласаар ирсэн Олон улсын байгууллагуудын оролцоо, дэмжлэгийг мөн дурдахгүй байхын аргагүй. Та бүхэнд талархал илэрхийлье" гэлээ.

 

Чуулганы онцлох илтгэлийг “Монгол Улс дахь жендэрийн хөгжлийн асуудал” сэдвээр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр тавьсан юм. 

Т.Энхбаяр:

 “Жендэр ба хөгжил” гэсэн агуулгыг баримталдаг учир Монгол Улс хүйсээр заагласан бодлогын баримт бичиг гаргахгүй. Харин бид эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд нэн тулгамдаж, статистик тоо баримтаар нотлогдож байгаа асуудлуудыг жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого хөтөлбөрөөрөө шийдээд явна" гэлээ.

Чуулганы гол зорилго нь: 2018 оны Тогтвортой хөгжлийн зорилго болох ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэх, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлох, зөвлөмж боловсруулах явдал юм.

“Улаанбаатарын тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн гурван дэд чиглэлээр 21 зорилтыг дэвшүүлсэн. 

Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн Үндэсний Хороо нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө (2017-2021)-нд тусган амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд, үүнд АХБ-тай хамтран Японы Засгийн газрын санхүүжилтээр 2017-2019 онд “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”, 2019-2021 онд “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслүүд ихээхэн дэмжлэг үзүүлэв.