Хүдэрчулууны Хулан
09 сарын 17, 2025
Peak.mn: Хүүхдийг гэмт хэрэг, золгүй явдлын золиос болохоос хамгаалахад эцэг, эхийнх нь зүгээс тэдэнд олгосон мэдлэг мэдээлэл, харилцан ойлголцол хамгийн чухал нь байдаг аж. Энэ талаар өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн ярьсныг “Уурлах уу, учирлах уу?” буландаа онцолж байна.
“Чи хамгийн үнэ цэнэтэй нь”
Одоогоос хэдэн жилийн өмнө нэгэн хүү гар утсаа алга болгочихож. Ээж нь хүүгээ зэмлэж, “Тэр гар утас яасан?” гээд л үглэж. Үүнийг нь тэсвэрлэхээ больсон хүү “Би ээждээ тэр гар утаснаас ч үнэ цэнэгүй юм байна” гэж бичээд амиа хорлочихсон…
Мэдээж, ямар ч хүн төрүүлсэн үр хүүхэддээ хайртай. Хүүхэд бол таны хамгийн үнэ цэнтэй дотны чинь хүн байгаа. Нөхрөөс, эсвэл эхнэрээс ч илүү. Үүнийгээ л хүүхэддээ аль болохоор ойлгуулж, нээлттэй харилцаж байх хэрэгтэй.
Хүүхдэд хуульд заасан эрхийг нь ойлгуулж өгөх нь чухал ач холбогдолтой. Юмаа алдчихлаа, булаалгачихлаа, дээрэмдүүлчихлээ, залилуулчихлаа гэж бодъё. Тэгвэл хэнд хандах вэ? Мэдээж, цагдаагийн 102 дугаарт хэлнэ. Эсвэл “Хүүхдийн 108” утсанд мэдэгдэж болно. Тэгэхгүй бол гар утсаа хүнд булаалгачхаад араас нь нэхэж очоод гэмт хэргийн золиос болсон харамсалтай хэрэг хэдэн жилийн өмнө гарч байсан шүү дээ.
Эцэг, эх нь хүүхэддээ итгэдэг бол хүүхэд бас ээж, аавдаа итгэнэ. Хүүхдүүдэд “Аав загнана, ээж уурлана. Одоо би яана аа” гэсэн айдас төрдөг. “Тэгэхээр одоо би өөрөө л асуудлаа шийдье. Эсвэл найз нөхөдтэйгөө ярилцъя” гэж боддог. Ийм биш, хамгийн дотны хүн чинь эцэг, эх, ах, эгч, эмээ, өвөө чинь юм шүү гэдэг ойлголт л хүүхдэд бүрэн суух учиртай.
Бид диваажинд амьдраагүй учраас…
Хэрэв хүүхэдтэйгээ ойлголцохгүй бол мэргэжлийн хуульчид, сэтгэл зүйчид хандаж болно. Бараг дүүрэг болгонд гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, хэлтсийн үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд бий.
Мэдээж, бид диваажинд амьдраагүй учраас энэ нийгэмд сайн муу янз бүрийн хүмүүс байдаг, хэнтэй нь харилцах вэ, биеэ хэрхэн авч явах, танихгүй хүн дээр очих нь зөв үү, буруу юу гэдгийг хүүхэддээ багаас нь хэлж, зааж өгч байх хэрэгтэй.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдийн хамгийн дотнын зөвлөгч нь хэн байна вэ гэхээр, үе тэнгийн найз нөхөд нь байна. Тэд мэдээж, өөрсдөө бас л амьдралын туршлагагүй, мэдлэггүй. Буруу зөвлөгөө өгөх хандлагатай. Тиймээс аль болохоор эцэг, эхчүүд минь хүүхэддээ цаг гаргаач ээ л гэж би хэлж байгаа юм.
Танд мэдээж ажил чинь хэрэгтэй. Албан тушаал, мөнгө төгрөг хэрэгтэй. Гэхдээ хүүхэд чинь л түүнээс ч илүү хожим хойно өөрт чинь хамгийн дотно хүн байх ёстой шүү. Тийм учраас яг одоо л та цаг гаргаарай. Таван минут хүүхэдтэйгээ ярилцаарай. Арван минут ярилцаарай. Магадгүй, хамт спортоор хичээллэх, уул хаданд явах, үзвэр үйлчилгээнд цаг гаргаж, тэр хүүхдийн сонирхож байгаа зүйлийг адилхан сонирхоод үз. Тэгэхээр хүүхэд их баярладаг юм.
Найз нөхрийх нь талаар сайн асуух хэрэгтэй. “За миний хүү, миний охион, чи хэнтэй найзлаад байна вэ. Танай тэр найз хаана байдаг юм. Эцэг, эх нь байна уу. Юу хийдэг хүн бэ?” гээд хүүхдээсээ асууж байх хэрэгтэй. Хүүхэд хэлж болно, хэлэхгүй ч байж болно. Үүний хажуугаар та өөрөө бас жаахан ажиглалт тавиад үзээрэй.
“Хүүхдэд маань ямар өөрчлөлт гарч байна вэ, зан төлөв нь яаж байна вэ. Бие бялдар нь юу болж байна вэ. Энд, тэндээ шарх сорви олсон байна уу. Хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй байна уу?” гэдгийг эцэг, эх маш сайн анхаарч байх хэрэгтэй.
Нэг удаа хэрэглэхэд л 90 хувийн хамааралтай болгодог мансууруулах бодис ч бий
Мансууруулах бодис өсвөр насныхны хувьд хамгийн том аюул нь. Тэдгээр бодис зөвхөн цагаан нунтаг хэлбэрээр биш, уусмалаар, шахмалаар, бүр арьсан дээрээ наадаг төрөл хүртэл байдаг болчихож. Нэг удаа хэрэглээд л 90 хэдэн хувийн хамаарал үүсгэж байна гэдэг тэгээд дуусаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт, эцэг, эхчүүд өөрсдөө энэ талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ өөрөө асар хор хөнөөлтэй гэдгийг ойлгуулна.
Монголд сүүлийн үед мяраалаг охид, хөвгүүд цөөнгүй байна. Тэдэнд “Чи үүнийг хэрэглэвэл юм идэхээ болиод гоё турна” гэж хэлээд мансууруулах бодисын хамааралтай болгочихсон жишээ ч байна.
“Туранхай л бол гоё” гэсэн тэр ойлголтыг хүүхдийнхээ тархинаас авч хаях хэрэгтэй. Тухайн хүн өөртөө л зовиургүй байвал болоо шүү дээ. Эхлээд өөртөө таалагдах ёстой. Хүмүүст биш. Хүүхдийг өөрийгөө хайрлах хүмүүжилтэй, тийм сэтгэл зүйтэй болгох нь чухал.
Хүүхдэд ч эрх зүйн боловролыг олгож болно
Хүүхдийг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх, нөгөө талаар хүүхдийг өөрөө гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхийн тулд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хууль эрх зүйн мэдлэг олгох хичээлийг цөөхөн цагаар ч хамаагүй бүр бага ангид нь оруулах хэрэгцээ байна.
“Энд чиний найзын эд зүйл байна. Чи түүнийг нь зөвшөөрөлгүй авлаа. Энэ ерөөсөө болохгүй зүйл. Яагаад гэхээр хүний юм учраас”. “Хүний биед хамаагүй шүргээд хүрээд байна аа. Тэр хүн тэр биедээ хүргэхийг хүсээгүй байж болно шүү дээ. Хэрэв энэ даамжрах юм бол хүний биед гэмтэл учруулдаг. Ингээд гэмт хэрэг болчихдог юм аа” гэдгийг маш хөнгөн аргаар, хүүхдийн өөрийнх нь ой ухаанд үлдэхүйцээр, тодорхой, ойлгомжтой зааж өгөх хэрэгтэй.
Тэгэхгүйгээр зүгээр нэг хуулийн параграф уншаад байвал хүүхдэд сонирхолгүй шүү дээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.