Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 12, 2023
НҮБ-ын Хүн Амын Сангаас Монгол орон даяар жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг билээ.
Энэхүү ажлынхаа хүрээнд Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр Хамгаалах байруудад 17 сая төгрөг бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой номуудыг гардуулан өглөө.
Хүүхдийн, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хувь хүний хөгжил, танин мэдэхүйн зэрэг чухал хэрэгцээт агуулгатай эдгээр номуудыг тус төвд хандан үйлчлүүлэх эмэгтэйчүүд, хүүхдүүдэд уншуулж амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх зорилготой юм.
Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа "Хөдөө орон нутаг, дүүргийн түр хамгаалах байруудад очиж ажиллахдаа мэргэжилтнүүд нь аль болох олон хүнд тус дэм болохын төлөө чин сэтгэлээсээ хичээж ажилладаг нь анзаарагдсан.
Тэдэнд хөрөнгө, санхүүгийн тусламжаас гадна багахан хэмжээний хөшүүрэг, дэм тус ч бас хэрэгтэйг анзаарсан. Иймээс түр хамгаалах байраар үйлчлүүлж буй хүмүүсийн сэтгэл зүйд дэм болохуйц номуудыг сонгож, хүлээлгэн өгч байна. Өнөөдрийн үйл ажиллагаа эхлэл нь болж цаашид оюуны хөрөнгө оруулалт хэрэгцээтэй газруудад, хүрэх ёстой хүмүүстээ хүрэх болтугай" гэж онцлон хэлэв.
Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудын нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хохирогчид түр хамгаалах байранд дунджаар 5 хоног байрлахаар тооцсон байдаг аж. Гэвч сар үүнээс ч илүү хугацаагаар саатдаг хүмүүс цөөнгүй ирдэг гэнэ.
Тиймээс энэ хугацаа нь тэдний сэтгэл зүйг анхаарч, амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг түгээх чухал үе байдаг гэсэн юм.
Энэ талаар НЦУГ-ын Түр хамгаалах байрны дарга, дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ "Хүчирхийллийг даван туулагчид хэсэг зуур ч болтугай сэтгэл зүйн хувьд өөрийгөө чөлөөлөх гарц шийдэл нь ном унших юм. Бүх асуудлаа шийдэхгүй ч номоос шийдэл бийг олж харна гэдэгт итгэж байна" хэмээгээд талархлаа илэрхийллээ.
Мөн БЗД-ийн Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн захирал Т.Ариунтуяа "Манай Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдаад 5 жил болж байна. Яг үнэнийг хэлэхэд хангалттай том зай талбайтай байргүй. Тийм болохоор сургалтын өрөө, номын санг тусгайлан тохижуулж чадаагүй.
Гэсэн ч үйлчлүүлэгчдийн өрөөнд номын тавиур суурилуулж ажилтан, мэргэжилтнүүд хувиасаа ном, сэтгүүлүүд цуглуулчихсан. Түр хамгаалах байрны санхүүжилт дүүргийн ИТХ-аас шийдэгддэг учраас нэг ч ном худалдаж авч чадаагүй явсан юм. Зан үйлийн эрсдэлтэй, стресстэй хүмүүс ном зохиол уншаад хэсэг хугацаанд тайтгарч, шинийг олж авна гэж итгэж найдаж байна" гэв.
Сонирхуулахад Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сангаас 2017 онд хийсэн хамтарсан судалгааны дүнгээс харахад одоо болон өмнө нь хамтран амьдрагчтай байсан эмэгтэйчүүдийн талаас илүү хувь (57.9%) нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн тооцоо гарсан байдаг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.