И.Томоко: Монголчууд нэгнийхээ бизнесийг дуурайж хуйлрахгүйгээр зөв өрсөлдөж сураасай гэж боддог

Монголд зөгийн аж ахуй эрхэлдэг "Михачи" компанийн гүйцэтгэх захирал И.Томокотой ярилцлаа. Тэрбээр 20 жилийн өмнө манай улсад иржээ. Энэ хугацаанд Японоос машин оруулж ирсэн, ресторан ч ажиллуулж үзсэн гээд чамгүй олон бизнес хийж үзжээ. Зөгийн аж ахуйн хувьд дөрвөн жилийн өмнөөс эрхэлж эхэлсэн ч амжилттай ажиллаж эскпортод өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ гаргасан гээд түүнд ярих зүйл их.


-Та жиргээнд нэлээн идэвхтэй. Зарим жиргээнд тань монголчууд дайрч давшилж харагддаг. Үүнд та эмзэглэдэг үү?

-Миний эмзэглэх яах вэ. Харин тэгэж бичиж байгаа хүнийг эмзэглүүлсэндээ жаахан санаа зовдог. Дэндүү эмзэг сэдвийг нь хатгачихаж дээ гэж. Уг нь би зарим жиргээчдийн хаана нь ч хүрэхгүй бичдэг шүү дээ. Гадаад хүн гэдэг үүднээс миний бичсэнийг хараад хэт хүндээр хүлээж авдаг байх. Тийм төрлийн хүмүүс ховор л доо. Гэхдээ яахав. Би өөрөөр хоёр нүүр гаргаж чаддаггүй хүн. 


-Хоёулаа үндсэн ярилцлага руугаа орох уу. Анх зөгийтэй холбогдсон түүхээсээ бидэнд хуваалцаач?

-2012 онд зөгийчдийн тухай нэвтрүүлэг хийх хүсэлтэй байна гэж хүмүүс холбогдсон. Долоо хоног бүр л зөгийчидтэй уулзаж нэвтрүүлэг хийдэг байсан юм билээ. Ингээд би нэвтрүүлгийн хамт олонтой Хөвсгөл, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв аймгийн зөгийчидтэй уулзсан. Миний хувьд хэзээ нэг өдөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ борлуулах юмсан гэсэн хүсэлтэй явсан юм. Харин зөгийчидтэй уулзаад явж байх үедээ зөгийн аж ахуй эрхлэхэд их тохиромжтой, болмоор санагдсан. Ингээд 2012 оны намар 30 бүл зөгий авч Төв аймгийн Батсүмбэрт үржүүлж эхэлсэн.


-Одоо бол Япон руу экспорт хийгээд эхэлчихлээ. Бүтээгдэхүүний талаар эерэг сэтгэгдэл хэр сонсч байна вэ?

-Би зөрүүд талдаа хүн л дээ.(инээв) Надтай таарсан хүн “Танай зөгийн бал тааруу юм аа” гэж тэр бүр шууд хэлж зүрхлэхгүй байх. Магадгүй дотроо тийм бодол тээсэн ч зөгийн бал чинь гоё юм байна лээ л гэж хэлнэ. Ийм үгэнд би итгэж хөөрөөд байдаггүй.


-Тэгвэл та урагшлах урам зоригоо юунаас авдаг юм бэ?

-Худалдан авалтын дүн өндөр гарч байвал хэрэглэгч бидэнд өндөр оноо л өгч байна гэсэн үг. 


-Тэгвэл өөртөө хэр оноо өгөх вэ?

-Дажгүй шүү. Яагаад гэвэл хэрэглэгчдийнхээ хүссэн худалдан авалтыг хангалттай хэмжээнд хангаж дийлэхгүй байгаа. Бид балаа улам л чанаржуулж, их хэмжээгээр нь гаргах хэрэгтэй гэж боддог.


 Монгол улсаас 2018 оны I-IX сард хийсэн зөгийн балны экспортын дүн

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


-Энэ жилийн ургац арвин уу?

-Бид 10 тонн гаруй зөгийн бал хураалаа. Манай компанийн хувьд түүхэнд байгаагаа амжилтаа тогтоосон. 


-Хэдэн тонныг нь экспортод гаргахаар төлөвлөж байна вэ?

-11 дүгээр сарын 1-нээс эхлээд ганц Япон гэлтгүй Солонгос, Тайвань, Хятад гээд хэд хэдэн орон руу зөгийн балынхаа дээжийг нь явуулна. Ингээд  11, 12 дугаар сарын дундуур наймаагаа ярьж эхэлнэ дээ. Чухам авна гэх нь үү, авсан ч ямар үнээр авах вэ гээд зөндөө яриа үүснэ.


-Монгол зөгийн балыг хэр сонирхох бол?

-Зарагдахгүйн зовлон байхгүй. Харин ямар үнээр хэдэн кг-ыг авах вэ гэдэг дээр тохиролцох л хэрэгтэй.

-Та Монголд бизнес хийгээд нэлээн хэдэн жилийг үдлээ. Монголын бизнесийн орчин ААН-үүдэд хэр ээлтэй бол?

-Би Монголд тийм ч олон бизнес хийж үзээгүй. Бүтээгдэхүүн гаргах тал дээр бол анхных нь энэ ажил минь. Бизнесийн орчны хувьд харин ч таатай нөхцөлүүд Монголд бий. Татварын хувьд хэт өндөр өндөр биш, экспорт хийхэд НӨАТ-гүй, сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүнээ зарахад хүнд суртал багатай. Ийм нөхцөлийг хэцүү гэж хэлж болохгүй байх. Хэцүү зүйл нь Монголд төрийн албанаас албан бичиг авах гэж урт удаан хугацаагаар хөөцөлдөх  явдал. Тухайн хариуцсан яам, тамгын газар нь хувийн хэвшилтэйгээ хамтраасай, нэг нэгнээ дэмжээсэй гэж боддог.


-Ойрын үеийн бизнесийн зорилгоосоо хуваалцаач?

-Экспорт хийж байгаа бол Монголд зарж байгаагаас хямдхан өгдөг. Энэ бол бизнесийн зарчим. Яагаад гэвэл дэлгүүрээс авч байгаа бүтээгдэхүүний үнэ бол жижиглэнгийн үнэ. Харин экспортлох бол том “пошиг”-оор гаргана шүү дээ.

Дан ялангуяа монголын зөгийн бал экспорлогч орнуудад танил бус, тэр байтугай Монголд зөгийн бал байдаг юм уу гэх түвшинд байна. Тийм учраас бид танигдахын тулд тэдгээр орнуудад буулт хийж аргадангуй хандаж хямдхан өгөхөөс аргагүй. Гэхдээ Монголын нэг брэнд болж чадахуйц бүтээгдэхүүн гэдэгт би эргэлзэхгүй байгаа. 

Ойрын зорилго гэвэл 2020 он гэхэд 5 орны тансаг хэрэглээний дэлгүүрт өөрсдийн нэрийн зөгийн балыг тавихаар ажиллаж байна. Түүндээ хүрэхийн тулд Монголын зөгийн бал үнэтэй юм байна гэсэн ойлголтыг суулгах ёстой. 

LHAMOUR брэнд гарч ирсэнээс хойш саван хийдэг хүмүүсийн тоо хэд дахин өссөн байх аа. Ялгаагүй сүүлийн үед зөгийн салбар руу орж ирж байгаа хүмүүсийн тоо ч эрс нэмэгдчихлээ. 

Аль нэгнийхээ бизнесийг дуурайж хуйлрах нь яахав. Гол нь бусдыг дагах биш шинэ бүтээгдэхүүн гаргамаар байна. Монголчууд нэгнийхээ бизнесийг дуурайж хуйлрахгүйгээр зөв өрсөлдөж сураасай.

Уг зөв өрсөлдөх хэрэгтэй. Жишээ нь тэр компанийн бараа тавьдаг бол бид бүтээгдэхүүнээ тавихгүй гэх ч юм уу. Энэ бол маш буруу хандлагатай өрсөлдөөн. 


 Монгол улсад 2018 оны I-IX сард оруулж ирсэн зөгийн балны импортын дүн

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо


-Зарим захирлууд хар ажилдаа төдийлэн гар оролцдоггүй шүү дээ. Таны хувьд хавар гараад намар л гэртээ ирдэг гэж дуулсан?

-Миний мэдэх захирлууд өөрсдөө бизнесийнхээ олон дамжлагад гар бие оролцож анхаарал хандуулж байна. Энэ нь ч сайн хэрэг. Манай компанийн хамгийн гол зүйл бол зөгийн балны чанар. Үүнийг би хариуцаж байгаа учраас гардан ажиллахаас өөр аргагүй. Би 4 дүгээр сарын 1 гэхэд хөдөө явдаг. Бараг 10 дугаар сарын 15-аас нааш хотод орж ирдэггүй. Тухайн жил хаана цэцэгтэй байна тэр газар руу л нүүж явдаг. Энэ жил Сэлэнгийн Хушаат, Сүхбаатар, Алтанбулаг сумаар явлаа. 6 дугаар сард гандуухан байснаа 7 дугаар сараас балаа сайн хурааж авсан. 


-Экспортод гаргах гэхээр зарим ААН-үүд тухайн компанидаа нийлүүлж чадахаас ч илүү их бүтээгдэхүүний эрэлд гарчихдаг юм билээ…?

-Зах зээлийг нь эхнээсээ судалж байж л гарахгүй бол ийм асуудалд орно. Хэдэн мянган салбартай дэлгүүрийн хэрэгцээг хангах боломж бидэнд байхгүй. Харин 2-3 салбартай бол боломжоороо хангачихна. Би зөгийчдэд сургалт явуулдаг учраас манай балыг гаргаад өгөөч гэж хандсан хүмүүс цөөнгүй. Мэдээж чанартай сайтай, стандарт шаардлага хангасан бал байвал хамт гаргаад зараад өгч болно. Гэхдээ тухайн бал нь ОХУ, БНХАУ-аас оруулаад ирсэн бал байвал яах вэ. Тэгэхээр энэ тал дээр хянамгай хандахаас аргагүй. Тиймээс би ийм шаардлага тавина гээд хэлчихээр сураггүй болчихдог юм. Эсвэл хэтэрхий өндөр шаардлага тавьчихдаг учраас залхуу нь хүрчихдэг ч байж мэднэ. 

Хэрвээ шаардлага сонсоод л залхуу нь хүрч байгаа бол гадагшаа гаргая гэж мөрөөдөх ч хэрэггүй л байхгүй юу.

Зарим хүнээс би яагаад заавал экспортод гаргах гэж зориод байгааг нь лавлахаар Монголд зарагдахгүй байна гэдэг. Энэ чинь юу гэсэн үг вэ? Японд зарагдахгүй байгааг цагаан будааг гадаад хүн авна гэж үү. Үүнтэй л ижилхэн сонсогдож байгаа биз дээ. Хэн ч гэсэн бусдын тоохгүй барааг авна гэж бодохгүй шүү дээ.

-Япончууд эрүүл мэндэдээ анхаарал хандуулдаг улс шүү дээ. Зөгийн балыг хэр их хэрэглэдэг вэ?

-Япончууд зөгийн балыг хор багатай сахар гэж ойлгодог учраас өдөр тутамдаа хоол хүнсэндээ сахарын оронд хэрэглэж заншсан. Монголчуудын хувьд бараг эм гэж үздэг учраас хэрэглээ нь маш бага. Өглөө л өлөн элгэн дээрээ ганц халбагыг усан дээр хийж уухыг хараад халбагадаад идээрэй гэж хэлмээр санагддаг шүү. Уг нь эмчилгээний үр дүн сайтай бүтээгдэхүүн яах аргагүй зөгийн бал. Цээж хорсдог хүн сар идэхэд эм шиг үйлчилж зовиургүй болдог гэж ярьдаг юм билээ.


-Зөгийчид яг л малчин хүн шиг л цаг агаарын мэдээ хардаг юм билээ. Таны ажлын хэцүү бэрх нь юу вэ?

-Тухайн жил яг хаана их цэцэг гарахыг урьдчилж мэдэхгүй учраас цаг агаарын мэдээг байнга хардаг. Хэцүү нь гэвэл ажиллах хүчин. Манай компани 3 зөгийчинтэй, дахиад 2-3 хүн дутагдаж байна. Энэ ажил өөрөө онцлог учраас зараар хүнээ авах боломжгүй, заавал өөрөө сургаж авдаг. Магадгүй уурхайд, үйлдвэрт ажилласан хүмүүс таарах ч зөгийн аж ахуйн талаар мэдлэг, туршлагатай хүн ховор. Энэ мэргэжлийг хүн болгон эзэмшээд байдаггүй учраас, сурах гэж хамгийн багадаа 3 жилийг зарцуулдаг. Тийм учраас би сургах хүнээсээ цаашид тууштай ажиллаж чадах эсэх талаар асууж байж энэ зам руу оруулдаг. 


-Танайх олон цэцгийн, гангийн гээд маш олон төрлийн зөгийн бал хийдэг юм байна. Өмнө нь  зөгийн бал гэж сонссоноос тусдаа байдаг тухай төдийлэн сонсч байсангүй...?

-Энэ бол дэлхийн стандарт. Аль ч орны зөгийн балны дэлгүүрт ороход хүн өөрийнхөө дуртай төрлийг авахад тэр нь тодорхой байх ёстой.  Би гэхэд ганганы бас сакура цэцгийн баланд дуртай. Харин ингэж тусдаа ялгаж хураана гэдэг төвөгтэй ажил. Бэлтгэл, анхаарал шаардана. Хугацааг нь огт өнгөрүүлж болдоггүй.

-Нэгэнт зөгийн аж ахуй эрхэлдэг хүнтэй уулзсаных асууя, ер нь сайн муу зөгийн балыг хэрхэн таних вэ?

-Надаас хүмүүс хамгийн их асуудаг асуулт л даа. Уг нь шалгахад амархан амсч үзэхэд шууд мэдэгдэнэ. Гэхдээ зарим хүмүүс мэдэхгүй болов уу.

Ерөнхийдөө бол зөгийн бал 80 хувь нь сахартай 20 хувь нь чийглэг байх ёстой. Цэцгийн шүүс өөрөө сахароз ихтэй буюу элсэн чихэртэй оролцоо бүтэцтэй. Зөгий үүнийг идэж энзим гэж бодис гаргаад сахарозыг задалдаг. Ингэж хуваасны дараа нэг нь фруктоз, нөгөө нь глюкоз болдог. Ингэхээр фруктоз ихтэй нь зөгийн бал байх магадлал өндөр гэсэн үг. Сахароз ихтэй бол зөгийн бал биш, дуураймал нь болж таарна. 

Зарим хүмүүс элсэн чихэр шиг ширхэгтэй байна хуурамч юм уу гэдэг. Үнэндээ зөгийн бал царцахаараа талст үүсээд элсэн чихэр шиг ширхэгтэй болчихдог. Үүнийг зарим хүмүүс хольцтой, хуурамч зөгийн бал гэж андуурдаг. Бас нэг таних арга нь үнэрлэх. Жишээ манай ганга өвснөөс хураасан зөгийн балаас өвөрмөц үнэртэй байдаг. Гэхдээ ганга шиг биш. Зөгийн бал цаанаа нэг тийм өвөрмөц үнэртэй байдаг.


-Экспорт хийх гэж зорьж байгаа залууст юу зөвлөх вэ?

-Ялангуяа Япон руу экспорт хийх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгч болох юм. 

Манай Япончууд тухайн бүтээгдэхүүнийг авахаасаа өмнө мэйл явуулах болгонд жижиг гэлтгүй зүйлийг засах гэж хичээдэг. 2-3 сар тэр байтугай нэг жил ч бараа авахгүй хэрнээ мэйлээр харилцаж мэднэ. Ерөнхийдөө маш их шаардлага тавьдаг гэсэн үг. 

Япончуудын энэ занг гадныхан тэр бүр ойлгодоггүй учраас “Энэ компани бараа авах дургүйгээ илэрхийлж байна” гэж эндүүрдэгээс дундаас нь хаячихдаг. Гэтэл япончуудын хувьд энэ нь авах гэж сонирхож байгаа хэлбэр шүү дээ. Харин ч асуугаад, сайжруул гэх тусам манай бараа гарах найдвар байна гэж бодоорой. Тэр даалгаврыг нь л хурдан биелүүлчих, ингэх тусам бараа бүтээгдэхүүн чинь хурдан экспортод гарна гэж ойлгоорой. Би ч гэсэн бараг жил орчмыг ийм ажилд зарцуулсан. Япон хүн учраас тэр занг нь баримжаалах учраас шантрахгүй бичээд л байгаа юм. 

Энэ оны I-IX сар оруулж ирсэн зөгийн балны импортын дүн


Холбоотой сэдвүүд

бизнес эрхлэгч зөгийн бал

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.