Үр удмаа үлдээх гэдэг хариулт бол нэг талаар амьтанлаг. Энэ хариултад буруу зөв гэж үгүй. Та хэзээ нэгэн цагт, “Намайг яах гэж дэлхий дээр авч ирсэн юм бэ?” гэдэг асуултад хариулах шаардлага үүсэх байх. Та энэ асуултад хариулж чаддаг болчихоод хэн нэгнийг дэлхий дээр авч ирвэл тун үүрэг хариуцлагатай хэрэг болох биш үү? Эцэг, эхийн хайр сэтгэлийн үргэлжлэл гэх мэтээр хэлж болох ч илүү мөрөөдөлтэй, учиртай байвал зүгээр юм уу?

Бид бүхний дэлхий дээр ирсэн хамгийн суурь зорилго нь танин мэдэх гэж би боддог, мөн энэ номон дээр тэгж тодорхойлъё. Бид хүүхэд наснаасаа эхлэн өдөр тутам ямар нэгэн зүйлтэй учирч түүнийг танин мэдсээр байдаг. Дэлхий ертөнц, газар шороо, хоол унд, унадаг дугуй, машин техник, хүн чанар зэргийг танин мэдсээр. Сургууль нь энэ танин мэдэх үйлийг системчилсэн газар юм. Уг нь учрыг ойлгож, мөн чанарыг нь ухамсарлавал сургуульд заах зүйлс тун олон танин мэдэхүйн суурийг тавьж өгдөг. Харамсалтай нь ихэнх хүмүүс үүний мөн чанарыг ойлгохгүй, тогтсон хэв маяг, цаг нөгцөөх газар мэтээр төсөөлж, танин мэдэх процесс нь хэцүү санагдвал багшаас эхлээд хэн нэгэнд бурууг өгдөг. Энэ танин мэдэх үйл нь бидний дэлхий дээр ирсний хамгийн гол суурь зорилгын нэг юм. Мэдээж үр удам, ДНХ удамшлын мэдээллийг тээх үүрэг, зорилгоос гадна шүү дээ.

Хүүхдээс эхлээд насанд хүрсэн, хөгшин хүн хүртэл ямар нэгэн зүйлийн учгийг тайлж, танин мэдэх, хийж чаддаг болох тэр агшиндаа үргэлж баяртай байдаг. Бид энэ зорилгоо харамсалтай нь мартаад өнөө маргаашийн хоол, өмсөж зүүх, бусдад гоё харагдах гэсэн амьтанлаг хэрэгцээгээ хангахад анхаарал хандуулдаг болжээ.

БИ ОРШИН БАЙНА УУ? 

Бид бүхний дийлэнх маань оршин байх, оршин үргэлжлэхээ мэдрэхийн “өвчтэй” төрсөн. Хөгшин хүмүүс ач, гучаа нэг харчихвал боллоо гэж хэлэхтэй та цөөнгүй удаа таарсан байх. Юу, юугүй өвөө, эмээ болсноо саймширч ярилцах хүнийг ч та харсан байх. Өөрийгөө юутай ч оршин үргэлжлэх юм байна гэдгийг хараад далд “өвчнийхөө” бахыг хангадаг. Яагаад ийм болсныг би мэдэхгүй.

Хүмүүсийн энэ сэтгэлгээ, кодлогдсон онцлогийг бизнесийн байгууллага маш чадмаг ашигладаг. Жишээ нь, та яагаад фэйсбүүк сайт лайк /like/ товчлуур, сийн /seen/ функцыг бий болгосон гэж бодож байна? Энэ та бидний оршин байгаагаа мэдрэх шунал дээр үндэслэсэн. Хэн нэгэн сийндсэн байвал, лайк дарсан байвал цаанаа кайфтай биздээ?! Та оршиж байгаа, бусад хүн таны оршин байгааг танд мэдрүүлж өгч байгаа хэрэг юм.

Хүн оршин байх талаар янз бүрийн философичид тодорхойлсон байдаг.

Сонгодог нэг жишээ нь, “Би бодож байна, тийм болохоор би оршиж байна” гэсэн байдаг. Гэхдээ үүнээс илүү суурь нь би оршин байгаа нь бусад юмс, хүмүүс оршин байгаа болохоор би оршин байгаагаа илүү мэдэрдэг. Тэгэхээр та бид эргэн тойрны хүмүүс байгаа болохоор оршиж, тэдгээр хүмүүс, юмсын нөлөөгөөр үүсэх янз бүрийн зүйлс, жишээ нь, баяр хөөр, уйтгар гуниг, гомдол, харууслын мэдрэмжээр оршин байгаагаа мэдэрдэг. Эдгээр мэдрэмжүүд үүсч байгаа болохоор би оршин байгаагаа илүү их мэдэрдэг.

Бид эргэн тойрны хүмүүсийн нөлөөгөөр оршин байгаагаа илүү мэдэрдэг талаар ярилаа. Тэгвэл бидний эргэн тойронд хамгийн их хугацаагаар байх хүмүүс бол гэр бүлээс гадна найз нөхөд. Тэгвэл найз нөхөд гэж ямар хүмүүс вэ? Зөвхөн таныг оршин байгааг мэдрүүлэх зорилгоор байдаг хүмүүс үү? Тэр хэмжээнд бол танд хүн хангалттай олдоно.

Найз гэдэг таныг ямар “хэлбэр”-тэй оршин байх уу гэдэгт маш их нөлөө үзүүлдэг хүн юм. Та аз жаргалтай байх эсэх, ухаантай амьдрах эсэхэд нөлөө үзүүлнэ. Нэг талаас биш хоёр талаасаа нэгнийгээ ямар хэлбэртэй байхад нөлөө үзүүлнэ. Найзууд ойр болох тусам нэгнийгээ улам ойлгож, хүндэтгэж чаддаг, нэгнийхээ байгаа байдал, хэлбэрийг хүндэлж, улам төгөлдөр болоход шударгаар ярилцаж, шаардлага тавьж чаддаг хүнийг жинхэнэ найз гэнэ. Бусдаар цагийг хамт өнгөрөөх хүн таны амьдралд бас л хангалттай олдоно.

АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫН СУУРЬ НЬ ЮУ ВЭ? 

Хүүхдүүдийг томчуул “Баярлалаа” гэж хэл гээд ядаргаатаад байдаг даа?! Ер нь яагаад “Баярлалаа” гэж хэлэх ёстой юм бол оо? Хүнээс юм авч байгаа болохоор уг хүнд сайхан сэтгэгдэл үлдээх зорилготой байж болох юм. Гэхдээ л үүний тулд яагаад заавал “Баярлалаа” гэж?

Хүний хандлагыг хоёр үндсэн аргаар өөрчилж болдог гэдэг судалгаа бий. Нэгдүгээрт, дотроос нь өөрчлөх буюу ямар нэгэн ухуулах яриа хийх эсвэл тухайн хүн өөрөө бясалгаж бодож ойлгох замаар. Ийм төрлийн нэг жишээ бол шашин юм. Ид шид шиг зүйл тохиолдонгуут түүнээс улбаалаад тэр шашины номлолд итгэж, өөрчлөгдөх жишээтэй. Хоёрдугаарт, үйл хөдлөлөөр дамжуулж хандлагыг өөрчлөх. Учир шалтгааныг нь хэлж тайлбарлах гэхээс илүү тухайн үйл хөдлөлийг хэвшүүлэх замаар хандлагыг өөрчилнө гэсэн үг юм. Жишээ нь, хүнтэй мэндлэх, өглөө эрт босох, ямар ч зүйлд хоцордоггүй болох, эсвэл баярлалаа гэж тогтмол хэлдэг болох зэргээр. Үйлийг хийсний үр дүнгүүд нь тухайн хүний хандлагад нөлөөлдөг байна.

Та өнөөдрийг хүртэл тулгамдсан хэцүү зүйлээ эргэн нэг маш бодитоор санана уу! Аль болох бодитоор.

Хэцүү зүйл гэхээр толгойд буухгүй байх хүн бас байж магадгүй. Тэгвэл жишээ нь, 00-ийн өрөөнд цаасгүй болсон байтал найз тань ирж аминд орсон ч юм уу, мөнгөгүй маш их өлсөж байхад хэн нэгэн таныг хоолонд даасан хэмжээний зүйл ч байж болох юм. Мэдээж үүнээс хэцүү зүйлтэй тулгарсан хүмүүс бол хялбархан тухайн үеэ санах биз. Тэр хэцүү үеийг маш бодитоор санаад төсөөлөн бодсоны дараа, тэр хэцүү үеийг даван туулахад тусалсан хэн нэгнийг мөн эргэн санаад үзээрэй. 

Тэр хүний тухай бодоход таны зүрх сэтгэл физиологийн хувьд ямар төлөвт шилжиж байна вэ? Нэг тийм гоё, тайван сайхан, уйлмаар мэдрэмж биш гэж үү?! Хэрэв хүн амар тайван, аз жаргалтай амьдаръя гэвэл бие, физиологийн хувьд яг ийм төлөвт байхыг хүсэхгүй гэж үү? Хичнээн баян тансаг, эд зүйлтэй боллоо гэхэд дээрх зүрх, сэтгэлийн тайван байдлыг эдлэхгүй, байнга санаа зовсон байдалтай байвал аз жаргалтай болж чадах уу?! Сайхан залуу, хүүхэн хоёр эхнэр нөхөр боллоо гэж бодоход нөгөө хүндээ итгэхгүй байнгын сэтгэлдээ эргэлзээтэй, хардалттай бол ямар байх вэ?

Өөрөөр хэлбэл хүн аз жаргалтай байх хамгийн гол төлөв нь бие физиологи, зүрх сэтгэлийн хувьд тайван байх гэж үзвэл ийм төлөвт байлгах хамгийн суурь функц нь “талархах” сэтгэл юм. 

Талархах сэтгэл үгүй бол та хэзээ ч тайван, зүрх сэтгэлийн хувьд амар амгалан байхгүй. Ийм болохоор янз бүрийн шашин, эцэг эх, яагаад гэдэг нарийн учрыг тайлбарладаггүй ч бидэнд талархах сэтгэлийн чухлыг номлож сургадаг. Энэ сэтгэл, хандлагыг суулгахын тулд дээр дурдсан “Баярлалаа” гэж хэлүүлэх шаардлага гарч ирдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг аливаа үйлдлээр нь дамжуулан талархах сэтгэлтэй болгох зорилго цаана нь агуулагдаж байгаа хэрэг. Гэхдээ энэ мөн чанарыг хүн бүр ойлгож, энэ үйлийг хийлгэдэг, хийдэг гэвэл харамсалтай нь тийм биш юм.

Явж, явж талархах гэдэг бол хүний өөрийнх нь төлөөх үйл, аз жаргалтай байхын суурь функц юм. Өмнөх сэдэвт дурдсан намайг оршин байгааг мэдрүүлдэг эргэн тойрныхоо хүн, юмсыг талархах сэтгэлээр нэг хараад үзээрэй.