Хүний эрхийн үндэсний комиссын референт, багш Г.Золзаяатай охидын нөхөн үржихүйн асуудлаар ярилцлаа.

-Нөхөн үржихүйн эрх гэхээр хол сонсогддог. Үүнд ер нь ямар эрх хамаарах вэ?

-Энд маш олон зүйл яригдана. Тухайлбал хэдэн хүүхэдтэй болох вэ, хэзээ төрөх вэ гэдгийг гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан шийдэх эрхтэй. Яагаад энэ тухай ярьж байна вэ гэхээр амьдрал дээр нөхрийн эсвэл аав ээжийн хүслээр шийдэгддэг тохиолдол ч цөөнгүй бий. Хоёр охинтой байлаа гэхэд 3 дахиа төр, яаж ийж байгаад хүү төрүүл гэдэг. Үнэндээ энэ бол шууд хүний нөхөн үржихүйн эрхэд халдаж байгаа хэрэг юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээр ярихад гэр бүлийн хүмүүс нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр  шууд үр тогтоох боломжгүй болгочихсон тохиолдол гарсан удаатай. Энэ бол тухайн эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд шууд халдаж байгаа бүдүүлэг хэрэг юм.

Хүнтэй суугаагүй нэгнийгээ найз нөхөд, гэр бүл нь хүнтэй суугаач, хүүхэд гаргаач гэдэг. Гэтэл энэ чинь тухайн хүний гэр бүл, нөхөн үржихүйн асуудал шүү дээ. Нийгмийн тогтсон энэ сэтгэлгээ нь эргээд тухайн хүнийг дарамт шахалтад оруулдаг гэдгийг тэр бүр анзаардаггүй.

Эмч нар ч бас энэ тал дээр маш их алдаа гаргадаг. Жишээ нь 30 гаруй насны анхны төрөгч эмэгтэй эмнэлэгийн хяналтад орох гээд очихоор “Одоо болтол төрөөгүй юм уу. Хаана юу хийж явсан юм” гэдэг хандлага байна. Гэтэл тухайн хүн өөрөө төлөвлөөд эсвэл ямар нэгэн шалтгаанаар, хувь заяаны эрхээр жирэмсэлсэн байж болно. Санаандгүй хэлсэн эдгээр үгс тэрхүү хөл хүнд эмэгтэйн сэтгэлзүйд яаж сөргөөр нөлөөлж болохыг эмч хүн анзаарах ёстой. Хүний эрхийн соёл төлөвшчихсөн орнуудад бүх шатандаа үүнийг мэддэг учраас хувь хүний асуудлыг сөхдөггүй.

-Энэ асуудал охидын хувьд хамгийн эмзэг асуудал. Манай улсад охидын нөхөн үржихүйн боловсрол хэр түвшинд байна вэ?

-Охидод бэлгийн боловсрол туйлын хангалтгүй байна. Мэдлэг мэдээлэл хангалтгүй байгааг өсвөр насны охидын дунд төрөлт эрс нэмэгдсэнээс харагдана. ДЭМБ-ын тодорхойлсоноор 19 хүртэлх насны жирэмсэн, хүүхэд төрүүлсэн, жирэмсний 12 долоо хоногтойгоос дээш хугацаанд үр зулбасан, эсвэл үр хөндүүлсэн, хүүхдээ төрүүлсэн ч хүүхэд нь эндсэн эсхүл бусдад үрчлүүлсэн ээжийг өсвөр насны ээж гэж үздэг. Судалгаагаар сүүлийн жилүүдэд хамгийн их төрөлттэй нь 2016 он. Энэ онд 3839 охин төрсөн. Нийт төрөлтийн 4,8 хувийг эзэлсэн гэсэн үг.

-Өсвөр насны охидын жирэмслэлт амьжиргааны ямар бүлгийнхэнд түлхүү тохиолддог вэ?

-Судалгаагаар ихэвчлэн амьжиргааны түвшин доогуур айлын охид өртөх нь их байна. Мөн хөдөө орон нутагт түлхүү тохиолддог. Эндээс үзэхэд мэдлэг мэдээлэл багатай газрууд түлхүү гарсан.

Хөдөө орон нутагт охидын төрөлт өндөр гардаг. Харьцуулалтыг харна уу.

-Мэдээлэл дутуу байна гэлээ. Гэтэл өсвөр насныханд элдэв мэдээлэл өгөх нь хүүхэд буруу сэдэл төрүүлдэг гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Энэ бол маш буруу ойлголт. Ийм ойлголтоос болоод ээж аав нь хэзээ ч энэ талаар ярилцдаггүй. Өнөөдөр нийгэмд гараад байгаа хүчирхийлэл зэрэг асуудлын суурь шалтгаан нь ч энэ. Үүнийг бүх нийтийн боловсрол болгож нас насанд нь тохирсон мэдээлэл өгмөөр байна.

Нас насандаа тохирсон мэдээлэл аваагүйгээс болж хүүхдүүд өөрсдөө интернэтээс мэдээллээ хайдаг. Харамсалтай нь ихэвчлэн баталгаагүй буруу мэдээлэл авдаг нь бүр ч муугаар нөлөөлөх магадлалтай. Гэр бүлийн төлөвлөх болон нөхөн үржихүйн ойлголт, боловсролгүй учраас нарийн ширийн зүйлсээ ярьдаггүй. Тохиолдлоор жирэмсэн болчихлоо гэхэд яах ёстойгоо мэдэхгүйгээс болоод дур мэдэн баталгаагүй эм хэрэглэж амь нас, эрүүл мэндээрээ хохирох ч тохиолдол гарч байна.


-Жирэмслэлтэд ганц охидыг буруутгах сөрөг хандлага байдгаас үүдэлтэй хүний эрхийн зөрчил хэр гардаг вэ?

-Дан ганц охидыг буруутгах сөрөг хандлага нийгэмд байгаад эмзэглэдэг. Үүнээс гадна эцэг, эхийн хараа хяналт сул, бэлгийн боловсрол, мэдлэг ойлголт сул, биеэ хамгаалах боломж бага зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр цагаасаа эрт ээж болох, хүчингийн гэмт хэргийн золиос болох магадлатай.

Мөн хөвгүүд, эрчүүдэд ч хамааралтай асуудал гэдгийг ойлгож мэдрэмжтэй ажиллах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Мөн төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, бодлогоор зохицуулж өгөх ёстой.

ХЭҮК-ийн зүгээс охидын үзлэг дээр эсрэг байр суурьтай байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд үүний ачаар тэмбүү, БЗХӨ-ийг бүртгэж илрүүлж байна гэж тайлбарладаг. Тийм байж болно. Гол нь арга хэрэгсэл болгоноо зөв тодорхойлох ёстой.

Бодит байдал дээр охидыг бүгдийг нь албадаж оруулаад дараа нь эмнэлэгийн шинжилгээний хариуг нэр устай нь сургуулийн захиргаанд өгчихдөг. Мэдээж захиргаа нь багшид өгнө. Багшийн мэдрэмжээс л хамаараад яах эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг.

Хэрэв хүний эрхийг мэдрэмжгүй багш бол шууд нэрийг зарлаад эвгүй байдалд оруулж таарна. Энэ нөхцөл байдал өөрөө хүний эрхийг зөрчих шалтгаан болоод байгаа юм. 

-Охидын нөхөн үржихүйн эрх гээд ярихаар зарим нь энэ сэдвийг дэвэргэлээ, сурталчиллаа гэдэг. Энэ тал дээр мэргэжилтний хувьд юу хэлэх вэ?

-Насанд хүрээгүй, бие махбодийн хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүй үед хүүхэд төрүүлэх нь мэдээж эрсдэлтэй. Тухайн эх болж байгаа хүүхдийн төдийгүй төрөх хүүхдэд ч эрсдэлтэй. Үүнийг бууруулахын тулд л жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаарх зөв мэдлэг ойлголт бодлого хэрэгтэй байна. Эцэг эхчүүдийн хувьд үүнийг анхаарч энэ тал дээрх мэдээ мэдээллийг хүүхдэдээ зөв хүргэх үүрэгтэй. Орчин үед мэдээлэл авах боломж бүрэн нээлттэй байна шүү дээ.

-Ээж болсон охид дунд сургуулиа төгсч чаддаг уу?

-Өсвөр насны хүүхэд, хүүхэд төрүүлчихсэн учраас гэр бүлийн, нийгмийн, орчны зүгээс анхаарал хэрэгтэй болдог. Жишээ нь өсвөр насны ээж эргээд сурахад янз бүрийн дарамттай учирдаг. Зарим нь сургуулиа төгсдөг ч ихэнх тохиолдолд сургууль завсарддаг.

Ер нь энэ тал дээр манай улс бодлогын хувьд сайжирсан, засаж залруулах ч зүйл бий. Энэ бол нийгмийн асуудал. Тийм учраас тухайн улс орон иргэдийнхээ бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг анхаарч үзэх ёстой. Манай улсад нөхөн үржихүй гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн төрөлтийн асуудал гэж үздэг. Ингэж явцуу хүрээнд авч үзэхгүй, хөгжлийн бодлогогүй орхисноос болж улс орнуудад маш олон хүндрэл бэрхшээл гардаг. Хамгийн наад зах нь ядуурлын суурь шалтгаан болж байна. .