Уулын моддыг хайр найргүйгээр нийслэл рүү зөөн тарьж суулгасан нэрээр улсын төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа талаарх мэдээлэл багагүй шуугиан тариад байгаа билээ. Энэ талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Цэцэгдэлгэртэй ярилцлаа.

Сөүлийн гудамж дахь хатсан нарс мод 

-Уулнаас мод шилжүүлэн суулгахыг  хэдэн оноос эхлүүлсэн байдаг вэ?

-Анх уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг 2007 онд хэсэг залуус хамтран эхлүүлсэн. Тэд нарын хувьд өмнө нь БНСУ-д ийм ажил эрхэлж байсан туршлагатай байсан. Тухайн үед өвөл зунгүй зөөж эхэлсэн юм. Би тэдэнд  Монгол орон Солонгостой адилгүй эрс тэс уур амьсгалтай, зөвхөн заасан хугацаанд ойгоос шилжүүлэн суулгалт хийдэг гэж сануулсан удаатай. Миний мэдэхээр 6 дүүрэгт маш их хэмжээний мод тарьсан, харамсалтай нь бараг бүгд үхсэн. 


-Нарсыг суулгахад өөрийнхөө энерцээр хэдэн жил амьдрах вэ?

-Сайндаа л 2-3 жил болно. Бүр сайн тордож арчиллаа гэхэд 4 жил болоод үхдэг. 


-Нарсыг зөв тарих технологи гэж байдаг уу?

-Уулнаас авахдаа л технологийн горим маш сайн мөрдөх ёстой. Тэр олон жил нэг хөрсөндөө ургасан модны үндэс маш нарийн. Үүнийг хүний тархитай зүйрлэвэл олон тооны нарийн судас судлуудтай гэсэн үг. Тэр бүгдийг таслаад авч байгаа хэрэг. 

Ойн тухай хуулинд уулнаас модыг зөвхөн 5 болон 10 дугаар сард авна гэж заасан байдаг. Гэтэл 2007 оноос хойш “Тод газар” гэх мэт 2-3 компани уулнаас өвөл зунгүй мод бэлтгэн тээвэрлэж үхүүлсээр байна. Үүний жишээ бол Нийслэлийн 6 дүүрэг дэх Нийслэлийн хөрөнгө оруулалтаар таригдсан моднууд юм. Энэ моднууд бүгд үхсэн. Баруун 4 замаас Гандан хүртэл 100 гаруй мод тарьсан. Тухайн үед тэр хавийнхан модтой боллоо гээд баярлаж байлаа. Гэтэл одоо хожуул болчихсон ТҮК-ийн ажилтнууд ачиж тээвэрлээд явж байна. Ардчилсан намын байрны урд талд гэхэд тарьсан моднууд нь бас л ийм байдалтай болчихсон. Яг одоо бидний ярилцаж байгаа энэ орчмын мод ч бас үхээд эхэлчихсэн байна.

Сөүлийн гудамж дахь хатсан нарс мод 

-Нарсыг Улаанбаатарын хөрсөнд ургуулах арга зам байна уу?

-Нарсыг тусгай үржүүлгийн талбайд үрээр нь тарьж болно. Би мэргэжлийнхээ хоббигоор янз бүрийн мод тарьж үзсэн. Нарсыг үрээр нь ч суулгацаар нь ч суулгаж үзлээ. Аль аль нь ургаж байна. Хамгийн гол нь нарс мод улиас шиг огцом хурдан ургадаггүй. Жилдээ ердөө 20 см л ургадаг.


-Та модоор бизнес хийж байгаа энэ асуудлыг гаргаж тавьж байсан уу?

-2008 онд би Ойн газрын даргад энэ асуудлыг тавьж байлаа. Цаашид энэ модыг булшлаад баймааргүй байна гэж хандсан. Тухайн үед ажлыг хэсэг гарч эдгээр моднуудыг тоолж эхэлсэн. Гэхдээ дорвитой арга хэмжээ аваагүйгээр барахгүй уулнаас авчирсан нарсны тоо тоо нь улам нэмэгдсэн. Дараа нь тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ асуудлаар хандсан. Надад хариу ирээгүй, арга хэмжээ ч аваагүй. Би өнгөрсөн 2 дугаар сард мөн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгад, БОАЖ-ын сайд мөн л иргэний хувьд албан хүсэлтээ илгээсэн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт ч бас хэлж байсан удаатай. Энэ модыг ганц би ч ургахгүй гээд байгаа юм биш, эрдэмтэд хэдийнэ батлаад өөрсдийнхөө байр суурийг хэлчихсэн. 

Хэдийнэ хатаж хуурай болсон нарс

-Өмнө нь нийслэлд нарсыг ч гацуурыг амжилттай суулгаж байсан түүх байдаг.  Одоо ургахгүй байгаагийн гол шалтгаан нь юу бол?

-Ойгоос модыг авахдаа бас суулгахдаа шинжлэх ухааны үндэстэй хандах ёстой. Тухайлбал яг тухайн хөрсийг нь судлаад таарах эсэхийг нь мэдэж байж суулгах нь чухал. Гэтэл ийм дүгнэлтгүйгээр шууд суулгаад байна.Өнөөдөр тухайн орон нутгийн засаг даргын захирамжаар л модыг сугалж аван тээвэрлэлт хийдэг.  Хамгийн гол нь уулын ард, цэвдэгтэй газар ургадаг нарс модыг Улаанбаатарын хөрсөнд авчираад шууд суулгачихаар үхчихээд байгаа юм. Нийслэлийн хөрс гэхэд чулуулаг талдаа шүү дээ. Бусад модноос Улаанбаатарт хар мод, гацуур сайн ургадаг. Үүнд л эргэлзээ байгаа юм. Үүний цаана нарсны модны үнэлгээ өндөр байгаа нь, мөнхийн ногоон мод гэдэг нь нөлөөлж байна. 


-Модны үнэлгээ нэлээн өндөр юм билээ?

-Булган Сэлэнгээс нарсыг их хэмжээгээр авчирдаг. Зарим модыг үнэгүй авчирдаг гэсэн яриа бий. Энэ модыг 380-500 мянган төгрөгөөр тендер нэрээр уулнаас ургаа модыг авчирч булшилж байна. Шилмүүст мод хатаад эхлэхээрээ дахиж ургадаггүй мод.


-Урдаас мод оруулж ирдэг юм билээ. Үүнийг хуулиараа зөвшөөрдөг үү?

-Нэг хэсэг Улаанбаатарт урд зүгээс баахан мод авчирч тарьсан ч бас л бүгд үхсэн. Өнөөдөр ч ААН-үүд мод оруулж ирсээр байгаа. Гэтэл хуулиараа өнөөдөр экспортын модыг хориглочихсон. Энэ нь ч бас учиртай. Тэр харь ургамлыг дагаад янз бүрийн хорхой шавьж орж ирдэг, хөрсөндөө маш их хөнөөлтэй.Ингэж хэдэн мянгаар нь ойгоос авчираад үхүүлж байгааг хараад сэтгэл өвддөг. 

-Уулнаас авчирсан мод нь ургахгүй байлаа гэхэд тухайн суулгасан ААН-үүдэд тооцох хариуцлага гэж бий юу?

-Уг нь ямар тендерийн ард хариуцлага гэж байдаг. Тухайн модыг 380 мянган төгрөгөөр авлаа гэхэд тухайн модыг хариуцах арга хэлбэр байдаг болов уу. Гэтэл өнөөдөр тарьсан мод нь үхээд л байдаг, тендерт өнөө компани нь ялаад л явж байна. Энэ бол хариуцлага гэдэг зүйл байхгүйн жишээ.

Оройноосоо хугарч эхэлсэн нарс мод