Peak.mn
04 сарын 21, 2025
Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналын 2025 оны долоон ялагчийг зарласны дотор Монгол хүн багтсан баяртай үйл явдал тохиолоо. Энэхүү шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Байгаль орчны салбарын Нобель гэгддэг энэхүү шагналыг олгохдоо нэг тивээс ердөө нэг л идэвхтнийг сонгодог уламжлалтай. Дэлхийн нийтийг хүрээлэн буй орчноо хамгаалахад уриалсан амжилт, манлайллыг нь үнэлэн олгодог тус шагналыг Монгол Улсаас гурав дахь удаагаа хүртсэнээр Ази тивийн шилдгүүдийн тоонд багтаж байна.
Монголын нэрийг тив дэлхийд цуурайтуулсан эрхмийг Дорноговь аймгийн Хөвсгөл суманд уугуул, 80 настай Лувсандашийн Батмөнх гэдэг.
Тэрбээр тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумынхаа 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авахуулжээ.
Энэ талаар Л.Батмөнх “Би Дорноговь аймгийн уул уурхайн гурван үйлдвэрт ажиллаж байгаль орчинд үзүүлж буй хор хохирлыг нүдээр үзэж, биеэр туулсан хүн. Иймдээ ч нутгийнхаа онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуй, зэрлэг амьтан, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь хадгалахыг хүссэн. Ийм шагнал авна гэж харин бодсонгүй. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн нутгийн зон олондоо баярлалаа.
Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авахаа зарласан анхны улс. Хууль ёсны дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хүсэлтийг минь төр хүлээн авч, дэмжиж ажилласан нь энэ амлалтдаа үнэнч байгааг илтгэнэ. Миний хүсэл бол уул уурхайг хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох юм” гэлээ.
Уг нэр хүндтэй шагналыг анх 1989 онд Сан Францискод Рода болон Ричард Голдман нар санаачлан 36 жилийн хугацаанд 98 орны 233 идэвхтнийг (106 эмэгтэй) шагнажээ. Тэдний олонх нь манлайллаа үргэлжлүүлж төрийн өндөр албан тушаалтан, ТББ-ын удирдагч, Нобелийн шагналтнууд болсон аж.
Голдманы Байгаль орчны сангийн Дэд ерөнхийлөгч Женнифер Голдман Уоллис “Хүн төрөлхтөн болон дэлхий ертөнцөд хүндхэн жил тохиолоо. Гаргалгаа үгүй мэт санаа сэтгэл зовоосон олон асуудал бий ч байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлж буй энэ эгэл эрхмүүд болон тэднийг дэмжих ард олон тайтгарал, итгэл найдвар минь болж байна. Хэрэв бид гэр бүлээ нандигнан хамгаалдаг шигээ хүрээлэн буй орчноо хамгаалахад сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж чадвал ялалт ойрхой бий” хэмээлээ.
Долоон ялагчийн шагналыг маргааш буюу (4-р сарын 22-нд( Эх дэлхийн өдрийг тохиолдуулан Сан Франциско хотноо гардуулах аж.
Ёслолыг Goldman Prize-ийн YouTube сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.
Бусад тивийн шагналтнууд:
Зураг | Тайлбар |
![]() | Африк тивээс Семиа Гхарби (Тунис улс) хууль бусаар оруулсан 6,000 тонн ахуйн хог хаягдлыг эх орондоо буцаах кампанит ажлыг удирдаж, олон албан тушаалтныг хариуцлагад татуулахад хүргэжээ. |
![]() | Өмнөд ба Төв Америк Мари Луз Канакири Мураяри (Перу) Мараньон голыг хууль ёсны эрхтэй болгож, бохирдлоос хамгаалах түүхэн шийдвэрийг гаргуулжээ. |
![]() | Карлос Мало Молина (Канарын арлууд) Тенерифе арал дээрх томоохон боомтын төслийг зогсоож, далайн хамгаалалт, боловсролын төв байгуулах ажлыг эхлүүлжээ. |
![]() | Хойд Америкаас Лорен Аллен (АНУ) Нью-Хэмпшир мужид олон арван жилийн турш ундны усыг бохирдуулж байсан химийн үйлдвэрийг хаалгах кампанит ажлыг амжилттай удирджээ. |
![]() | Европ Бесьяна Гури, Олси Ника (Албани) Вьёса голыг усан цахилгаан станцын барилгаас хамгаалж, Европын анхны зэрлэг голын үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хувь нэмэр оруулжээ. |
Эдгээр шагналтнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Goldman Environmental Prize албан ёсны вэбсайтаас авах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.