Бүсгүйчүүд “доод давхрынхаа” ариун цэврийг сахих талаар албан ёсны мэдээлэл тэр бүр авч чаддаггүй. Манайд бол ихэвчлэн туршлагаараа, эсвэл хэн нэгний амнаас сонссон үгээр л үг хийх нь олонтаа. Тиймээс ариун цэврээ сахиж, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхад тань туслах үр дүнтэй, эрүүл аргуудыг танилцуулъя. 

Юун түрүүнд та нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүний бэлгэ эрхтэн цэцэг, жимс шиг үнэртэй байдаггүй. Хүн болгон өөрийн гэсэн онцлог үнэртэй байдаг бөгөөд тэр нь гоё байх албатай биш. Гагцхүү тэр үнэр хэт хурц, хэт эвгүй болж ирвэл л санаа зовних хэрэгтэй. Түүнээс өмнө бага зэргийн үнэрнээс болж өөрөөсөө ичиж, бусдаас санаа зовох хэрэггүй юм шүү. 

1. Дотогш ургасан үс

Одоо цагт эмэгтэйчүүд бикини үсээ авах нь ихэсч, цаашид ч энэ хандлага дэлгэрэх хандлагатай байна. Ваксдах, хусах, гуужуулах гээд бикини үснээс салах арга олон. Гоо сайхны төвүүд ч энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх нь түгээмэл болсон билээ. Гол асуудал нь шинээр үс ургахад зарим нь арьсаа нэвтэлж чадалгүй дотогш ургаж, арьсыг үрэвсүүлдэг. Бас л толгойны өвчин шүү. 

Тэгвэл та дотогш ургасан үсээ авахдаа хэд хэдэн зүйлийг санах хэрэгтэй. Нэгдүгээрт, ургах гэж ядаж байгаа үсэнд ямар нэг даралт, шахалт бүү өг. Бариу дотоож, бариу ритуз, өмд өмсөх хэрэггүй гэсэн үг. Ингэснээ үсний чөлөөтэй ургах боломжийг хязгаарлаж, дотогш ургахад хүргэдэг. Хоёрдугаарт үсээ авахуулснаас хойш долоо хоногт 1-2 удаа бикини арьсаа гуужуул. Ингэхдээ байгалийн гаралтай, химийн хорт бодис агуулаагүй гуужуулагч хэрэглээрэй. Мөн зөвхөн давсаг хэсгийн зузаан арьсыг л гуужуулахад хангалттай. Та гэртээ элсэн чихрийн гуужуулагч хийж тавиад түүнийгээ ашигласан ч болно. 

2. Гадны нөлөөтэй чийгшлээс хамгаал

Спортын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, усан санд сэлэх, халуун өдөр гадуур явах гэх мэт үед хөлөрч, усанд норж, чийгтэй хэвээр удаан байх тохиолдол бий. Энэ таны ариун цэвэрт тийм ч таатай зүйл биш. Тиймээс дасгал хөдөлгөөний дараа хөлстэй дотоожоо даруй тайлах, чийгтэй дотоож өмсөхгүй байх, уснаас гараад купальникаа хурдан тайлахыг хичээгээрэй. 

Цэвэр даавуун дотоож бол таны үнэнч, хамгийн сайн найз юм шүү. Хэрэв та гоёлын, торгон дотоож өмсмөөр байгаа бол долоо хоногт нэгээс олон өдөр өмсөх хэрэггүй. Даавуугаас өөр материалтай дотоожнууд арьсанд амьсгалах боломж олгодоггүй тул хөлөргөж, нян үүсэх таатай нөхцөл бий болгодог. Гоёлын дотоож сонгохдоо торгон биш, торон материалтайг сонговор агаар нэвтрүүлэх чанар нь хавьгүй өндөр учир хуурай, эвгүй үнэргүй байлгана.


3. Агаар үзүүл

Бүсгүй таны арьс байгалиасаа амьсгалж байгаах бүтээгдсэн. Тиймээс хоногийн 24 цаг дотоожоор халхлах гэсний хэрэггүй. Ядахдаа шөнийн цагаар дотоожгүй унтаж, амьсгалуулж, амрааж байх хэрэгтэй. Тийм боломжгүй бол дотоожоо тайлаад оронд нь сул шорт, эсвэл унтлагын урт хувцас өмсөж болно шүү дээ. Энэ дашрамд дуулгахад та хөхөвч, оймсоо ч шөнөдөө тайлж байх хэрэгтэй. Хөхөвч эрүүл мэнд, гоо сайханд ер тустай эд биш. Олон давхар, бариу хувцастай унтах тусам л арьс амрах боломжоо алддаг.




4. Амин дэм

Витаминууд зарим нэг зүйлээс хамгаалдаг ч үүнд ямар нэг баталгаа өгдөггүй. Гэхдээ та бэлгэ эрхтэн дэх сайн, муу нянгийн тэнцвэрийг хадгалахын тулд тэнцвэржүүлэгч хүнсний нэмэгдэл хэрэглэхэд илүүдэхгүй. Пробиотик гэхэд л тараг, дарсан өргөст хэмх, кимчи, Японы мисо шөл, зарим төрлийн бяслагт агуулагддаг. Мөн витамин хэлбэрээр ч худалдаанд гардаг. Пробиотик эмэгтэйчүүдийн эмзэг эрхтний тэнцвэрээс гадна эрүүл мэндийн өөр олон ашиг тустай юм. 



5. Угаалт 

Бүсгүй та бэлгэ эрхтнээ угаах, нойтон салфеткаар арчихдаа хэзээ ч, бүр хэзээ ч дотогш хуруугаа хийж болохгүй. Ер нь эмийн үйлчилгээтэй лаа тэргүүтэн биш л бол гэрийн нөхцөлд дотогшоо нь элдэв цэвэрлэгээний зүйл битгий хий. Үтрээ бол өөрийгөө цэвэрлэгч зуух л гэсэн үг. Өөрөөсөө ариутгагч бодис ялгаруулдаг тул таны оролцоо нэг их хэрэггүй. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн саван, салфетка зэрэг нь зөвхөн гадна хэсэгт л зориулагдсан. Гараа оруулж цэвэрлэх нь эсрэгээрээ хумсны завсөрх нян орж бохирдуулж, үрэвсүүлэх эрсдэлтэйг анхаар. 

Нойтон салфеткаар ганц хоёр удаа арчихад л хангалттай. Хамгийн тохиромжтой сонголт бол хүүхдэд зориулсан салфетка. Мөн өдөр бүр биш, өнжөөд нэг буцалсан бүлээн усаар булхаж, саван тэргүүтнийг долоо хоногт нэг удаа л хэрэглээрэй. 


6. Хооллолт

Эмэгтэйчүүдийн хооллолт бэлгэ эрхтний үнэр болон ялгарч буй шингэний амтанд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Жишээ нь ханборгоцойн нөлөө хамгийн бодитой нь. Хайртай хүндээ зориулж сайхан мэдрэмж төрүүлмээр байвал өдөр нь ханборгоцой идээд үзээрэй. Түүнчлэн өдөржин уснаас өөр зүйл уухгүй байвал бие, бэлгэ эрхтэн цэвэрлэгддэг. Тиймээс халуун ногоотой, хурц үнэртэй, чанаргүй хоол идэхээ ч багасгах хэрэгтэй. 



7. Бие засах

Та бие засахаасаа өмнө гар утас, хаалганы бариул, магадгүй компьютерийн гар, маус гээд нян, бактери наалдсан маш олон зүйлд хүрдэг л биз дээ. Тэр гараараа бие засаж дуусаад цаас аваад нугалаад тасалдаг шүү дээ. Тэр үед бэлгэ эрхтэнд нян наалдаж, таагүй нөхцөл үүсгэх эрсдэлтэй. Тиймээс түргэхэн шиг гараа зайлж, эсвэл ариутгагч Санитас шиг шингэнээр арчаад, дууссаныхаа дараа мөн л гараа угааж хэвшвэл санаандгүй бохирдлоос хамгаалах боломжтой. 




8. Хуурайшил

Энгийн үед үтрээнээс шингэн ялгарч байх учиртай. Бэлгэ эрхтэн өөрийн гэсэн чийгшилтэй байх ёстой учраас ийм тогтолцоотой байдаг. Харин тэр шингэн хурц үнэртэй, өнгөтэй болоод ирвэл санаа зовох нь зүй. Түүнээс наана бол өөртөө итгэлтэй байж болно. Жирэмснээс хамгаалах эм үтрээг хэт хуурайшуулдаг. Тиймээс та эмчид хандаж, өөрт таарсныг нь сонгоорой. Хэт хуурайшвал бэлгийн харилцааны үед зовиурлах, амархан үрэвсэж, загтнаж, маажвал гэмтэж, бохир орж дараа дараагийн асуудлын шалтгаан болдгийг санах хэрэгтэй.