Хайрлаж дурлана гэдэг амьдралаас мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг билээ. Гэвч хосын харилцаа болсон хойно гомдмоор, сэтгэл өвдмөөр, шантармаар үе ч бас бий. Тиймээс энэхүү нийтлэлээрээ эрүүл бөгөөд хортой харилцааны ялгаа заагийг хайрын шинжлэх ухаанд хэрхэн тайлбарладгийг сонирхуулъя. 


Ямар харилцааг эрүүл хосын харилцаа гэж ойлгох вэ?

Антропологич Хелен Фишер ямар хүмүүс хамтдаа урт удаан амьдарч байна вэ гэдгийг 1100 гаруй гэрлэсэн хосыг хамруулан судалжээ. Ингэхэд ижил үнэт зүйлтэй, зарим тохиолдолд хоорондоо ижил төстэй зан чанар олонтой хүмүүс элбэг тааралдсан байна. 

Хоорондын зан чанар, итгэл үнэмшил хэдий чинээ ижил байна хамтын амьдрал зохиоход төдий хэмжээгээр хялбар байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл, юуг зөв юуг буруу гэж боддог, мөнгөө хэрхэн зарцуулах, үр хүүхдээ хэрхэн өсгөх зэрэг хүний амьдралын хамгийн энгийн зүйлүүдэд санал нийлдэггүй бол тэр харилцаа ирээдүйгүй байна гэсэн үг юм. 



Харилцаагаа эрүүл бөгөөд эерэг байлгахын тулд мөрдөх хэд хэдэн дүрэм байдаг. Тухайлбал

  1. Итгэлцэл бий болгох. Ингэснээр хосууд бие биедээ сэтгэлээ нээж, мэдрэмжээ хуваалцахад аюулгүй гэсэн мэдрэмж төрдөг байна.

  2. Шударга байх. Юу бодож, мэдэрч байгаагаа шударгаар хэлэх нь хосын дунд үл ойлголцол бий болохоос сэргийлдэг.

  3. Асуудалтайгаа нүүр тул. Хэрвээ харилцаа тань асуудалтай байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, хэрхэн шийдэж болох гарцаа хамтдаа эрэлхийлэх хэрэгтэй. Тойрч зугтаад байвал асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.

  4. Ойлголцлыг нэн тэргүүнд тавь. Бие биетэйгээ ярилцдаг, ойлголцдог байх нь чухал. Дундын ойлголцол бий болгож чадахгүй бол хэчнээн таны зөв байгаад яах билээ.

  5. Санал зөрөлдөх нь хэвийн үзэгдэлГагцхүү өөр санаа бодолтой байгаа шүү гэдгээ маш хүндэтгэлтэй байдлаар хосдоо ойлгуулах нь зөв. Хэзээ ч хүний үнэт зүйл рүү халдаж болохгүй.



Хүн дурлахад тархинд юу болдог вэ?

Хүнд дурлахад тархи хамгийн их үүрэгтэй оролцдог эрхтэн гэдгийг мэдэх үү?

Тухайлбал хосын харилцаа эхлээд удаагүй байхад хэн хэндээ маш их татагдах, тэмүүлэх мэдрэмж авдаг нь тархины дунд хэсэгт байрлах “VTA” хэсэгтэй холбоотой. 

Хүсэл тэмүүлэл, шагнал урамшуулал, урам зоригийг хариуцдаг энэ хэсэг идэвхэжсэнээр допамин ялгарч, хайртай хүнээ харах бүртээ л аз жаргалд умбах мэдрэмж төрдөг байна. Харамсалтай нь  “VTA” тархи идэвхтэй ажиллах тусам логик сэтгэлгээ, шийдвэр гаргалт хариуцдаг тархины урд хэсэг “ажил хаялт” зарладаг аж. 

Ингээд л галзуу солиотой мэт дурласан хүн аливаа зүйлийг тунгаан бодох, төлөвлөх, логиктой шийдвэр гаргах чадвараа алддаг байх нь.

Хайр дурлалын эхэн үед хайртай хүнээ өдөр шөнөгүй бодох, санах, дахин уулзахыг хүсэх зэрэг мэдрэмж төрдөг нь зарим тохиолдолд донтолтын шинж тэмдэг ч байж болдог ажээ. 

Допамин өндөр байх тусам донтох магадлал өндөр шүү дээ. 

Тиймээс сэтгэл судлалын ухаанд хайрын эхэн үеийг солонгон бүрхүүлтэй зүйрлэн тайлбарладаг.

6 сараас 2 жил хүртэлх энэ хугацааг давсны дараа хосууд илүү буурьтай, нухацтай, нөхцөл байдлыг бодитоор харж эхэлдэг байх нь.   

Иймд, сэтгэл судлаачид хайртай хүнтэйгээ урт удаан, аз жаргалтай амьдрал эхлүүлье хэмээн зорьж байгаа бол гэрлэх гэж яарах хэрэггүй гэдгийг зөвлөж байна. Хайр дурлалын эхний үе шат дуустал болзож, хамт амьдарч, сонирхолтой зүйлс туршиж, бие биеэ мэдэхэд цаг хугацаагаа зарцуулах нь ухаалаг алхам болно гэжээ. 


Тэгвэл хосын харилцаа токсик буюу эрүүл бус болж байгааг хэрхэн мэдэх вэ?


  1. Чамайг бэлэн болоогүй байхад харилцаагаа шинэ шатанд гаргах гэж хэт яараад байвал; 

  2. Чиний гэр бүл, найз нөхөд, дуртай зүйлдээ зарцуулах цагаас чинь хумсалж байвал;

  3. Хаана, хэнтэй, юу хийж байгааг тань цаг тутамд асууж, хардаж байвал;

  4. Таныг сэтгэл зүйн тогтворгүй байдалд оруулж байвал;

  5. Үг үйлдлээрээ таныг бусдын дэргэд тухгүй байдалд оруулж, таагүй мэдрэмж төрүүлж байвал энэ харилцаа хэдийн токсик хэмжээнд хүрчээ гэж ойлгоорой.



Эх сурвалж: The Well, Big Think, TEDx talk