Монголчууд хэдэн мянган жилийн турш үндэсний дээл хувцасаа эрхэмлэж, эдлэж хэрэглэж ирсэн ард түмэн билээ. Төрт ёсны их баяр наадмын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан үндэсний хувцасны “Уран гоёл урлан”-гийн захирал, СУИС-ийн докторант, соёл судлаач Ш.Должинсүрэнтэй ярилцлаа.


-Та ямар учир тохиолоор дээл оёж эхэлсэн бэ, энэ түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний ээж уран хүн байсан. Олон охидтой, тэдэндээ их зааж сургана. Тийм болохоор багаасаа оёдол үйлд сурсан. Залуудаа мөн ч олон хүнд дээл оёж өгсөн дөө. Гар  хурдан, дээр нь өөрөө түүндээ их дуртай байж. Ээж, эгч нараа харж байгаад л оёдол үйлийг суралцсан. 

Дараа нь үндэсний хувцасны урлангаа байгуулж, үндэсний хувцас судлалаар эрдмийн ажил хийж эхэлснээр үндэснийхээ хувцастай эргэж буцахын аргагүй амин холбоотой болсон. 


-Үндэсний дээл хувцас урладаг хүний хувьд монгол дээлийн үнэ цэнийг соёл талаас хэрхэн хардаг вэ?

-Зөвхөн дээлийн тухай яримааргүй байна. Малгай, дээл, бүс, гутал,  гадуур, дотуур өмсөх бүх хувцсаа нийлүүлээд монголчууд хувцас гэж нэрлэдэг уламжлалтай. Монгол үндэсний хувцас бол бид өөрийн гэсэн өвөрмөц соёлтой, тэр нь дахин давтагдашгүй шинжтэйг харуулж байгаа том баримт юм шүү дээ.

Манай үндэсний хувцас бол монголчууд өөрсдийн амьдралын хэв маяг, байгаль цаг уурын онцлог, төрт ёс, уламжлалдаа тохируулан олон мянган жилээр төгөлдөржүүлэн бий болгосон том соёл. Энэ утгаараа даяаршил дэлхийчлэлийн энэ цаг үед бидний дангааршлаа хадгалан үлдэх нэг том хүчин зүйл гэж боддог.


-Монгол үндэсний хээ угалз бүр өөр өөр илэрхийлэмжтэй, бэлгэдэлтэй байдаг. Дээл хувцас дээр чимэглэлд ашиглахдаа хэзээ орхигдуулж болохгүй, уламжилж ирсэн бэлгэдэлт зүйлсийн талаар та юу гэж боддог вэ?

-Монгол хувцасны хээ болгон их утга учиртай байсан. Одоо энэ уламжлал алдагдах гээд байгаад санаа зовдог. Цаг үе, технологийн хөгжлөө дагаад хувцасны материал улам сайжирч, олон төрөл болж, хувцасны өнгө үзэмж сайжирсаар ирсэн. Сүүлийн үед ямар ч хэцүү хээ чимэглэлийг хялбархан урладаг болсон нь сайн хэрэг. 

Гэхдээ утга бэлгэдлийг нь мэдэж хэрэглүүштэй байна. 


-Тухайлбал ямар хээ дээр бид алддаг вэ?

-Жишээ нь, ланз үсгэн хээ, ширээ тамган хээ хоёр харахад адилавтар. Нэг нь хятад, нөгөө нь монгол. Онги тамга, ширээ тамган хээ гэхэд алтан ургийнхны гол сүлд, тамга шүү дээ. Ийм хээтэй торгоор дээл хийж өмслөө гэхэд нөгөө хүндтэй сайхан хээгээ монгол хүн хормой хот, өгзгөн дор хүртэл орох болно. Бодууштай гээд байгаагийн учир энэ.


-Сүүлийн үед залуус дээл өмсөх нь нэг үеэ бодвол ихсэж байна. Гэхдээ пүүзэн дээр өмслөө гэх мэтээр шүүмжлэл дагуулах нь ч байна. Дээл өмсөх соёлын талаар та ямар бодолтой байдаг вэ. Заавал дэг жаягийн дагуу өмсөх ёстой юу, эсвэл…?

- Загварын чиг хандлагын хувьд бүтээлч эрэлхийлэл хийж, үндэсний болон орчин үеийн хувцсыг хольж өмсөх, аль нэгэнд нь нөгөөгийнх нь элементийг ашиглах бол байдаг л зүйл. Залуусын хувьд саяхнаас ийм мода дэлгэрүүллээ. Байх л зүйл, цаг нь болохоор өөр нэг загвар, хэлбэр маяг түрээд л гараад ирнэ. Энэ бол загварын ертөнцийн нэг л үзэгдэл.

Харин төрт ёсны хүндэтгэлийн хувцаслалтад эсвэл бүрэн европ, эсвэл бүрэн монгол хувцсаа өмсөх нь зохимжтой. Тэр тусмаа хамгийн эртний төрт улсуудын нэг гэдэг утгаараа монгол төрийн зүтгэлтнүүд хувцсаа зөв өмсөх ёстой.

Монголын төрт ёс их өргөн агуулгатай. Шинэ айл гал голомтоо бадрааж буй хуримыг хүртэл төрийн үйл гэж үздэг учраас манай ахмад буурлууд малгайгаа төв сайхан өмсөж, дээлийнхээ товчийг бүрэн товчилж, ёс төртэй сууцгаадаг.

Айл өрх бол төр улсын анхдагч нэгж учраас тэгж хүндэтгэлтэй ханддаг байсан. Тэгэхээр төрийн аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд  оролцож байгаа төрийн хүмүүс маань монгол хувцсаа өмсөхдөө заавал бүрэн бүтэн сайхан хувцаслах хэрэгтэй. 


-Таны бүтээсэн дээл соёлын өв болохын зэрэгцээ дээл урлах эрдмийг өвлөж байгаа учраас та соёлын өв тээгч шүү дээ. Энэ эрдмээ цаашид сургаж, өвлүүлэн үлдээхээр ажиллаж байгаа юу?

-Манай “Уран гоёл урлан”-гийн маань дээл, хувцас болгон их олон хүний хүч, оюунаар бүтдэг хамтын бүтээл байдаг онцлогтой. 

Нэг хүн нэг дээл барьж аваад оёчихно гэдэг ойлголт байдаггүй. Шилбэчин товч, шилбээ хадна. Чимэглэлчин чимэглэлээ хийнэ. Хатгамалчин хатгамлаа хийнэ. Энэ мэтээр дор бүрийн үүрэгт ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг учраас манай дээл хувцас оёдол урлал сайтай, брэндийн түвшнийх байдаг.

Ийм нарийн ажлуудыг зохион байгуулж, удирдан зохион байгуулж байгаагийн хувьд миний хувь нэмэр байх нь мэдээж боловч хамтын бүтээл гэдэгтээ л гол онцлог нь бий. 

Бид эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг, зах зээлийн болон загварын ертөнцийн судалгааг хэр чадлаараа хийдэг, үндэсний хувцас үйлдвэрлэлийн уламжлалт технологио хадгалахын төлөө хичээдэг болохоор өв тээгч, бас үндэсний хувцасны соёлыг өвлүүлэн дамжуулагчид мөн л дөө. 

Энэ өвөрмөц хариуцлагаа бид сайн мэддэг учраас үйлчлүүлэгчдэдээ үндэсний хувцасны талаар аль их мэдээлэл өгөхийг хичээдэг. 

Манай хувцаснаас авахгүй ч гэсэн монгол хүнийхээ хувьд үндэсний хувцасны талаар нэг ч болов зүйл мэдээд гараасай гэж хүсдэг.

Уран Гоёл Урлангийн захиалгуудаас...

-Монгол хувцасны судалгаанд хэр анхаарал хандуулдаг вэ?

-Үндэсний хувцас урлаж байгаа хүн судалгаагүйгээр хол явахгүй. Би олон сайхан судлаачдын гаргасан зам мөрөөр өөрийнхөө хэмжээнд эрэлхийлэл хийх аядаж яваа нэгэн. Г.Бадрах, Х.Нямбуу, Ү.Ядамсүрэн, С.Бадамхатан, Б.Мөнхцэцэг, Г.Эрдэнэбат, Б.Дунгаамаа, Б.Сувд, Ж.Ганбат нарын мундаг сайхан хүмүүсийн араас яваа гэхээр айдас, бахархлын аль алинд автдаг. 

СУИС-ийн магистраа “Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, шинэчлэлийн асуудалд” сэдвээр VIII Богдын төрт ёсны хувцасны жишээн дээр хамгаалснаар монгол хувцасны судлал руу албан ёсоор хөл тавиад байна.

Богд хаант Монгол улсын нэг онцлог нь хаан, хатан хоёрын ёслол хүндэтгэлийн хувцсыг дандаа хосоор нь урладаг байсан. Урлалын хувьд хосгүй. Монголын нутаг нутгийн уран үйлчдийг авчирч үнэхээр урлагийн төгс бүтээл хийлгэж байж.


-Сүүлийн үед хамгийн их яригдаж байгаа сэдэв шүү дээ, яагаад анхаарал хандуулах ёстой вэ?

-Одоо СУИС-ийн докторантурт өмнөх сэдвээ илүү гүнзгийрүүлэн, эртнээс эдүгээг хүртэлх Монгол төрийн тэргүүнүүдийн төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны түүхэн уламжлал, утга бэлгэдлийн асуудлыг судалж байна. 

Төрийн тэргүүний ёслол, хүндэтгэлийн хувцас бол монголчуудын төрт ёсны үзэл баримтлалтай холбоотой маш чухал асуудал байсаар ирсэн уламжлалтай.

Төрийн тэргүүний ёслолын хувцас нь төрийн туг сүлд, өргөөтэй хамтад нь авч үздэг цогц асуудал байсан. Бид тэр энэ хаан, тэр энэ Ерөнхийлөгчийн өмссөн хувцас гэж хувь хүнтэй нь холбон яриад төрт ёсны утга бэлгэдэлтэй холбоотой асуудлыг нь орхичхоод байна.


-Тэр тусмаа төрийн тэргүүн, УИХ-ын гишүүд төрийн ёслолын үйл ажиллагаанд оролцохдоо өмсөх дээл хувцсандаа хэрхэн анхаарах ёстой вэ, та дээл урлаачийн хувьд харж анзаарч явдаг байх…

-Бид монгол, европ хосолмол соёлтой болоод цөөнгүй жил болжээ. Тийм болохоор УИХ-ын гишүүд төрийн ёслол хүндэтгэлийн үед заавал үндэсний хувцастай байх албагүй. Монгол, европ хувцас аль хүссэнээ өмсөж болно шүү дээ. Гагцхүү төв түвшин, албан ёсны байх нь л чухал. Түүнээс биш загварын шоу үзүүлбэр шиг хандаж болохгүй байх. Мөн нэгэнт үндэсний хувцсаа өмссөн бол бүтэн сайхан хувцаслах учиртай.

Монгол төрийн тэргүүний хувьд яалтгүй үндэсний өв соёл, төрт ёсны уламжлалын дээдийн дээд  илэрхийлэл болох ёстой цорын ганц монгол хүнийхээ хувьд, төрийн тэргүүнийхээ хувьд төрийн ёслол хүндэтгэлийн тусгай хувцастай байх ёстой.

Малгай гэхэд л 200 гаруй төрөл, загвар байдаг хувцасны мөн ч баян өв соёлтой ард түмэн юм шүү дээ, монголчууд.


-Дээлийг бид зөвхөн хувцас талаас нь хардаг. Өмсөж эдлэх уламжлалт дэг жаяг, зан үйл, түүгээр илэрхийлэх утга бэлгэдэл, нэршил гээд олон зүйл хадгалагдаж байгаа. Залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэдээж. Утга бэлгэдлээс гадна түүхээ хүртэл хадгалсан байдаг. Жишээ нь, урианханууд цагаан дээл өмсдөг байж байгаад түүхэн их хядлагад өртсөний дараа үр хойчис минь үүнийг бүү март гэж сануулахын тулд дээлэндээ хар хажлага оруулах болсон гэдэг. Түүхэн ой санамж явж байгаа биз.

Дээлийг төв сайхан өмсөж, бүсээ жавхайтал сайхан ороодог байж. Бүсэлхийгээр чанга ороох нь хүн гоолиг сайхан харагдахаас гадна бөөр, бүсэлхий орчмоо хамгаалах зориулалттай байсан. Этгээд бүхэн чамин харагддаг нь жам юм хойно өргөн бүслэх, бүсээ цавиараа ороох зэргээр чамирхаж, тэр нь сүүлдээ соёл мэт болсон тал бий. Тиймээс уг язгуурыг нь олж судалж ярих ёстой.

Сүүлийн үед бүсийг арьс шир, торго, сүлжмэл зэрэг янз бүрийн материал дээр зурж, хэвлэж, хатгах зэргээр их гоё хийж байна. Бүснийхээ толин дээр зүйл бүрийн хээ чимэг дүрсэлж байна. Гэтэл гашуун үнэнийг хэлэхэд манай эрчүүдийн ихэнх нь гүзээ ихтэй болсноос бүс биш, давсагны даруулга шиг болчихоод байна. Тийм болохоор цээжнээс доош хэрэглэдэггүй хээнүүдийг бүсний толинд хиймээргүй байна.

Уран Гоёл Урлангийн захиалгуудаас...

-Сүүлийн үед ямар загвартай дээл голдуу хийлгэж байна вэ?

-Дээлийн загвар харьцангуй чөлөөтэй байгаа. Энгийн загвар голлож байна. Эд мэддэг хүмүүс материалын чанар, оёдол хийцэнд нь илүү анхаардаг болжээ. Мөн өнгөнд их ач холбогдол өгдөг болсон. Монгол дээлийн нэг онцлог нь хэр уран оёсонд байдгийг, хөдөлмөр ордог гэдгийг маш сайн мэддэг болсон нь олзуурхууштай_.


-Дээлийн буян гэж байдаг, дээл оёдог хүн муу явдаггүй гэдэг. Та энэ үгийг юу гэж боддог вэ?

- “Хүн хооллож, хувцаслаж байгаа хүн сайн  явдаг ерөөлтэй юм гэнэ лээ” гэж ээж минь захидаг байсан. Оёдолчны үйл гэдэг хүн баярлуулж, өөрсдөө бас  түүнээсээ таашаал авч байдаг гэгээн үйл л дээ. 

Шинэ хувцсыг зүгээр ч нэг оёж шидэхгүй, ерөөл хэлж, эзэнд нь ээл ивээл дуудаж хийдэг уламжлалтай. Тэр ёсоо ч мөрдөхийг хичээдэг.


-Наадам нь нэг талаасаа монголчуудын баяр цэнгэл. Нөгөө талаасаа соёлын үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүн, цогц үйлчилгээ. Цар тахалтай холбоотойгоор энэ үйлдвэрлэл хэр хүнд цохилт амссан бэ?

-Төрийн хэмжээний том баяр наадам хийх ёс монголчуудын дунд эртнээс байсаар ирсэн. Төрт ёсны их том соёл. Нөгөө талаасаа ийм том наадмуудад дээд зэргийн хүндэтгэлтэй хандаж, хамгийн сайхан хувцсаа бүтэн сайхан өмсдөг нь тогтсон соёл. 

Тийм болохоор энэ цагийн монголчууд маань Улсын наадам, Цагаан сар хоёроор л  үндэсний хувцсаа хамгийн ихээр захиалж хийлгэдэг. 

Харамсалтай нь цар тахал эдгээр уламжлалыг хоёр жил саарууллаа. Гэхдээ манай салоны байнгын үйлчлүүлэгчид маань харьцангуй тогтвортой, эргэх холбоо сайтай байгаад нь баярлаж явдгаа дашрамд хэлье.


-Жил жилийн өдийд баярлаж бужигнаж байдаг бол өдийд нам гүмхэн. Ямар мэдрэмж төрж байна вэ?

-Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг дээ. Цар тахлын эрсдэл ихтэй болохоор төрийн наадам болохгүй гэж шийдсэн болохоор өнөөдөр нам гүмдүүхэн байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойг журмаа нарийн гаргаад, хоорондын зайг нь хатуу мөрдүүлээд цомхон тэмдэглэчихгүй дээ гэж бодогдсон шүү

Мань мэт гэрээсээ зурагтаар үзчихдэг хүмүүс олон бий. Дээр нь ийм эрсдэлтэй үед хэн л олон хүнтэй газраар яваад байя гэх вэ дээ.


-Сүүлд ямар бүтэн жил тойрон ажилласан хантаазыг тань харсан, гайхалтай бүтээл болжээ. Яагаад энэ бүтээлийг онцлон урлав?

-Дондогдулам хатан дэргэдээ монголын нутаг нутгаас дуудаж авчирсан уран хатгамалч, үйлчин, уран дархан зэрэг 120 хүн ажиллуулж, бурхад бүтээх, хувцас үйл урлах зэрэг ажлыг хийлгэж байсан. Монголын урчуудыг нэг дор ингэж бөөгнүүлж, тодорхой зорилготойгоор бүтээл урлуулж байсан нь соёлын үнэт өв санг бүрдүүлсэн. Энэ үеэр Богд хаан, Эх дагина хоёр ижил хийцийн ёслолын хантааз өмсөх болсон. Өмнө үеүдийн монгол хаад ийм хантааз өмсдөггүй байсан болохоор энэ нь шинэлэг үзэгдэл байсан.

Өнөөдөр Богд хааны их биений 8, захны 5 дугуй хээнд нь 70690 ширхэг сувд орсон шар пийсүү хантааз музейд нь байж л байна. 

Манай урлан Эх дагины хантаазнаас санаа авч ганц хувь хантааз бүтээсэн. Арав гаруй хүн хүч хөдөлмөрөө шингээн бүтэн жилийн турш урласан энэ хантаазаа он жил өнгөрөх тусам үнэ цэнэ нь нэмэгдэх  урлагийн бүтээл гэж бид ам бардам хэлнэ. 


-Маш нарийн ажиллагаа орсон байх нь ээ?

-Уламжлалт аргаар 6  дугуй хээнд 4300 гаруй  ширхэг хорхой сувд, 2600 орчим улаан шүр орсон. 

Шүр нь хиймэл шүр. Утастай зүү орохооргүй нүхтэй сувдны ширхэг тус бүрийг нарийн мяндсан утсаар тогтооход маш их цаг орсон. 

Хээ болгоныг алтан утсаар гараар хатгаж хүрээлсэн. Хантаазны энгэр хөвөөг  уламжлалт монгол аргаар алтан утсаар дарж оёсон. Цаг өнгөрөх тусам үнэд орох урлагийн бүтээл учраас худалдан авагчид нь сертификат олгож баталгаажуулна гэж бодож байгаа.


-Үндэсний их баярын өдрөөр цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Танай сайтын хамт олонд бас их баярлалаа. Үндэсний өв соёлоо сурталчлах, үндэсний ой санамжийг сэрээх талаар санаачлагатай ажиллаж, энэ түүхт өдрөөр үндэсний хувцасны талаар ярилцлага хийж байгаад тань талархал илэрхийлье.

Бичлэг үзэх: