Л.Баяржаргал
01 сарын 06, 2018
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд гамшиг болоод буй утааны асуудлаар хэлэлцсэн. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ "УИХ утааны эсрэг дорвитой шийдэл гаргаад шууд хийгээд, хэрэгжүүл. Дагуул хотууд байгуулах ажлаа зоригтойгор эхлүүл. Хэрвээ чадахгүй бол УИХ татан буугдсан нь дээр" хэмээн хэлсэн.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дараах үгийг хэллээ.
Д.Хаянхярваа "Бид утааны асуудал хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхлаа. Гурван удаа УИХ-ыг тараах тухай ярилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал болгосноор мөн ийм саналаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр тараана гэж заасан байдаг.
Ерөнхийлөгч энэ хавраас эхлээд утаа арилахгүй байна гээд УИХ-ыг тараах тухай гудамжаар ярьж гүйх тухай ярилаа. Монгол төрийн тэргүүн ийм зүйл ярьж болохгүй. Дөргүй бух шиг явж байгаа төрийн зохион байгуулалтаас бид өнөөдөр салах цаг болсон. УИХ дээр орж ирээд шантааж маягийн зүйл яриад гараад явдаг.
Үндэсний үйлдвэрлэгчид утааг арилгах арга замын талаар үзэсгэлэн гаргасан байхад тэнд ашиг хонжоо хайсан луйварчид байна гэж хэлчихээд гараад явлаа. Ингэж болохгүй.
Ерөнхийлөгч та юм хийх гээд оролдож байгаа бизнес эрхлэгчдийг ямар нүдээр хараад байгаа юм бэ. Зөвхөн энэ хүнд хамааралтай, энэ хүнд таалагдсан хүмүүс л энэ төрлийн бизнесийг хийх ёстой болж байна уу. Эсвэл юу ч хийхгүй таг дуугүй сууж байх ёстой юм уу. Ингэж Төрийн тэргүүн хүн төрийн хутгуур байдлаар яваад байгаа нь монголын ард түмэнд сайнаар нөлөөлөхгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.