Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
01 сарын 23, 2026
Ерөнхийлөгч Доналд Трампын Гринланд арлыг АНУ-д нэгтэнэ гэсэн санаатай холбоотойгоор Дани улсаас сонгогдсон Европын парламентын гишүүн Андерс Вистисен түүний үйлдлийг эрс шүүмжилжээ.
Тодруулбал, тэрбээр энэ 7 хоногт болсон Европын парламентын нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ, “Ноён ерөнхийлөгч өө, таны ойлгож магадгүй үгээр хэлье… *** зайл” хэмээн мэдэгдсэн байна.
Үүний дараа хуралдааны дарга түүний яриаг тасалдуулж, парламентын ёс зүй, дотоод дүрэмд нийцэхгүй болохыг анхааруулжээ.
Европын холбооны орнууд аль хэдийнээ АНУ-ын ерөнхийлөгчийн санаачилгыг эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн бөгөөд үүний хариуд Дональд Трамп Дани, Норвеги, Швед, Франц, Их Британи, Нидерланд, Финланд зэрэг орнуудад хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 10 хувийн гаалийн тариф ногдуулна хэмээн мэдэгдсэн байна. Мөн Гринландыг АНУ-ын хяналтад шилжүүлэх тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд тарифыг 25 хувь хүртэл нэмэгдүүлэхийг анхааруулжээ.
Энэхүү анхааруулгыг Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен эрс шүүмжилж, “олон жил холбоотон байсан улсуудын хооронд байж болохгүй зохимжгүй үйлдэл" гэсэн байна.
Тэрбээр Швейцарын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр үг хэлэхдээ, өнгөрсөн жил АНУ Европын Холбоонд нэмэлт тариф ногдуулахгүй гэж тохиролцсон атлаа дахин ийм мэдэгдэл хийж буй нь АНУ-ын Ерөнхийлөгчийн амлалтад итгэж болохгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байгааг онцолжээ.
“Европын Холбоо, АНУ хоёр өнгөрсөн долдугаар сард худалдааны хэлэлцээр байгуулсан. Улс төр, бизнесийн аль аль нь тохиролцоо бол тохиролцоо. Найзууд гар барилцсан бол тэр хэлсэн үгэндээ байх ёстой” хэмээн Урсула фон дер Ляйен мэдэгдээд, Европын Холбоо “тууштай, нэгдмэл, зохистой” байх болно гэдгийг анхааруулжээ.
Харин Дональд Трамп Гринландыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Тэрбээр Давост үг хэлэхдээ Хятад, Оросоос ирж болзошгүй аюул заналыг сөрөн зогсоохын тулд Гринландыг АНУ-д нэгтгэх ёстой хэмээгээд Европын орнууд тус арлыг хамгаалж чадахгүй гэж үздэгээ ч мөн илэрхийлжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.