Циркийн урлагтай 30-аад жил амьдралаа холбосон түүнийг Сугарын Туяацэцэг гэдэг. Спортын гимнастикаар хичээллэдэг байсан тэрээр 15-хан насандаа циркийн багш нарын анхааралд өртөж цирк хэмээх их айлын хаалга татжээ. Тухайн үед морины талаар ямар ч ойлголтгүй байсан гэдэг. 

Гол дүрийн жүжигчин, багш, дасгалжуулагч хийж байсан тэрбээр өдгөө ӨМӨЗО-нд морин шоуны найруулагч, “Wild horse” компанийн захирлаар ажилладаг. Хэдхэн хоногийн өмнө төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн түүнтэй ярилцлаа. Түүнийг циркийн урлагийнхан тохоштой адууны хамгийн анхны эмэгтэй жүжигчин гэдгээр нь андахгүй.


-Таныг Солонгосын шоу ертөнцөд ажиллаж түүхэн кино багийн ард ажиллаж байсан гэж сонссон. Анх хэрхэн шоунд оролцох санал авч байв?

-1997 онд уран бүтээлчдийнхээ хамтаар морьтны гайхамшиг гээд үзүүлбэрийг наадмын нээлтэд үзүүлж байлаа. Ингээд жилийн дараа Солонгос руу хамгийн анхны гараагаа хийхээр Чэжү арлыг зорьсон. Би эхэндээ ч морь малын ажилд биш голдуу тайзны хувцас хэрэглэлээ оёж шиддэг байлаа. Тэнд бид хэд анхны гэрээгээ хийсэн. 

Тэр гэрээнийхээ дагуу долуулаа 30 минутын 5 тоглолтод гардаг байлаа. Мөн Солонгосын кино од, уран бүтээлчдэд морь унахыг зааж сургах ажил дээр гэрээлэн ажилласан.


-Чежүгийн “Морьтны гайхамшиг” тоглолт алдартай шүү дээ, та нар үүсгэн байгуулсан байх нь ээ?

-Монголчууд, тэр дундаа 5-6-хан хүний хөдөлмөрөөр энэ шоу нэр төртэй алдар хүндтэй болсон. Үүнийгээ дагаад Солонгосын кино урлагт ажиллах боломж ч олдсон. 

Тэр шоу маань өргөжиж 60 хүний бүрэлдэхүүнтэй болж Монголын морин циркийг сурталчилсаар яваа. Шоунд дайн тулаан, хайр сэтгэл гээд бүх сэдвийг харуулдаг юм.

-Солонгосын ямар кино бүтээлүүд дээр ажиллаж байв?

-Баримтат болон уран сайхны олон киноны зураг авалтад ард ажилласан. Тухайн кинонд тоглох жүжигчин продакшнтайгаа гэрээгээ хийчихвэл ихэнх хугацаагаа буюу 3 сарыг морь унаж сурахад зарцуулдаг юм. Бас бид жүжигчдийнхээ орлон тоглогчоор ажиллана, олны хэсгийн нүүрэнд тоглоно, зураг авалтын талбайд морь малыг нь бэлдэнэ. 

Бараг 20-иод том жижиг киноны ард гарсан. Тухайлбал Монголчуудын хамгийн сайн мэдэх “Тэ жу ён” телевизийн олон ангит киноны багт орон ажилласан.


-Монгол бол адууны орон. Гэхдээ Чэжүд болдог шиг үзүүлбэр шоу байдаггүй шүү дээ…?

-Бид монгол мориороо бахархдаг. Гэтэл одоохондоо энэ төрлийн урлагийг дэмжсэн зүйл алга, энэ салбарт ажиллаж яваа бид ч дэмж тусла гээд хандаагүй л яваа. ӨМӨЗО-ны Эрээн хот гэхэд Засгийн газар нь бодлогоор анхаарч аялал жуулчлалын бүс болгохын тулд морин циркийн тойруулга байгуулж Монголын уран бүтээлчдийг ажиллуулж байна. Чежү арал дээр монгол морьтны циркийг үзэх гэж олон мянган жуулчин зорин ирдэг. Энэ бүхнийг хараад атаархал төрдөг шүү.

Ирээдүйд энэ чиглэлд анхаарч хөрөнгө оруулалт хийж морины талбайтай болчихвол хэд хэдэн шоуг ээлжээр хийх чадвартай уран бүтээлчид нь хангалттай бий. Тэд маань жилээс жилд ч сайжирч байна. Тэр чинээгээрээ аялал жуулчлалын урсгал ч эрс нэмэгдэнэ гэж хардаг.


-Гадны хүмүүстэй харьцуулахад монголчууд бидний адуутай харилцах онцлог, давуу тал хэр олон бэ? 

-Ерөөсөө ямар ч монгол хүн цаанаасаа моринд эв дүйтэй бас зоригтой юм билээ. Зарим гадныхан спортоор хичээллэж морь унах эв дүйтэй болсон ч зориг гэж зүйл байдаггүй.

Түүнийг нь ч морь мэдэрдэг. Морь их ухаантай амьтан шүү дээ. Адуу мордсон хүнийхээ морь унаж чаддаг эсэхийг шууд мэднэ. Чадахгүй нэгнээр нь бас тоглож чадна. 


-Адууг сургах амаргүй байж таарна. Ямар аргаар морьдыг сургадаг вэ?

-Эцэг эх үр хүүхдээ хэдий чинээгээр хайрлаж өсгөнө, тэр чинээгээрээ зөв хүн болж төлөвшдөг. Адуу сургах ч бас адилхан. Хайрлаж эрхлүүлэхийг мэднэ, тэр хэрээр эзэндээ үнэнч нөхөр болж чадна. Харин зодож цохиод байвал ааш муутай болдог.  Би гэхэд Чежүд унаж байсан шарга адуундаа жигтэйхэн хайртай.

Ер нь адуу сургана гэдэг нарийн мэдрэмж шаардсан чимхлүүр ажил.


-Монголдоо ирээд морь унаж амжив уу?

-Арай амжаагүй л явна. Ажлын хамгийн ачаалалтай улирал гадаадад өнгөрдөг учраас амралт багатай өнгөрдөг. 


-Гэмтэж байв уу?

-Энэ олон жил тоглохдоо хангалттай олон удаа гэмтэж байлаа. Хуруу тулах бол энгийн л асуудал. Хүмүүс хуруу тулчихлаа, хуруугаа хөдөлгөж чадахгүй байна гэдэг шүү дээ. Харин бид атгаж болох хурууныхаа үеэр атгаж байгаад л тоглолтондоо ордог. 

Зөөлөн эдийн гэмтэл ч бас байнга л гарна. Хөл хугарах тохиолдол ч цөөнгүй. Тамирчин хүний авдаг бэртэл болгоныг авна гэсэн үг. Гэхдээ бэртлээ гээд амраад байж болохгүй, жүжигчин багатай үед өөрсдөө тоглодог л байлаа. Сүүлийн үед нэгнээ орлоод тоглочих жүжигчин олон болсон. 


-Таныг олон шавь бэлдэж байгаа гэж сонссон. ?

-Манай мэргэжлийнхэн энэ сурсан зүйлээ гадныханд заадаггүй, гадна орнуудад гэрээтэй ажилласан ч монгол хүүхдүүдээ аваачин сургадаг. Алсдаа энэ чиглэлээр сургууль байгуулахыг хүсэж мөрөөддөг. 


-Морины циркийн хамгийн сайхан бас хүнд хэцүү зүйл нь  юу вэ?

-Монголчууд алтан туурайтын буян гэж ярьдаг. Түүнийг дагаж сурсан мэдсэнээрээ өдий болтол ажиллаж амьдарч байна. Энэ ажлыг дагаад олон шавь нартай болсноороо бахархдаг. Циркийн 5-10-хан минут үзүүлбэрийг цаг болгож өргөжүүлнэ гэдэг том амжилт гэж боддог.

Циркийн урлаг гэж ярьдаг мөртлөө спорт гэдгийг анзаардаггүй. Урлаг спорт хослол учраас хүнд хэцүү ажил л даа. Ялангуяа эмэгтэй хүнд бүр ч хүнд ажилд тооцогдоно.

Адгуус амьтан учраас унаж байхад минь аварна гэж байхгүй, өөрөө самбаачлагатай л байж аюул ослоос хамгаална.


-Хамгийн сүүлд ямар томоохон тоглолтод оролцсон бэ?

-Манай компани Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар, Эрээн хотын аялал жуулчлалын газартай хамтраад Монгол наадмаа зохион байгууллаа.

Наадмыг маань Эрээн хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэд төдийгүй ӨМӨЗО-ны сумдын 1000 гаруй хүн үзэж сонирхлоо. Бид наадмаа нээж уламжлал ёсоор төрийн есөн хөлт цагаан тугаа хүндэтгэн залсан. Үзэж сонирхсон хүмүүс маш сайхан хүлээж авсанд баяртай байна.