“MDG” группын үүсгэн байгуулагч Бадарчийн Одсүрэн-тэй ярилцлаа. 



- Захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын шийдвэрийг хэлэлцэхгүй болгох агуулгатай хуулийн өөрчлөлтийн төсөл сүүлийн үед шуугиан дэгдээлээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай яваа вэ?

-Нэг талаасаа зөв гэж харж байна. 


-Компаниудын, иргэдийн эрх ашигт халдсан шийдвэр гаргах магадлал өндөр биш үү? 

-Би арай өөр өнцгөөс хараад байна. Одоогийн Засгийн газар харьцангуй нийтийн эрх ашгийг хамгаалсан байр суурьтай байгаа. Тийм учраас шийдвэрүүд нь огцом далийгаад явчихгүй болов уу. Ард түмэн, баялаг бүтээгч буюу компани, улстөр ба Засгийн газар гэсэн гурван том хүч байдаг. Улстөрчид нь том компаниудтайгаа хуйвалдаж нэгдээд эрх ашгийнхаа төлөө яваад байвал ард түмний амьдрал хаягдчихдаг. Ард түмний амьдралтай хамт нийтийн эрх ашиг хөсөр хаягддаг эрсдэл бий. Манай улсад том компаниуд улстөрчид хуйвалдаад хангалттай гэж хэлж болохоор олон жил явлаа. Энэ янзаараа яваад байвал бослого гарахаас өөр зам үлдэхгүй л дээ. Сая хэлсэн гурван хүч хоорондоо тэнцвэрээ хадгалах ёстой. Аль алиных нь эрх ашиг тулгын гурван чулуу шиг балансалж байж л зүй тогтлоороо тогтвортой, тэнцвэртэй оршдог. Далий буруу шийдвэр гаргаад явбал эрх баригчдад ард түмэн дараагийн сонгуулиар дүн тавьчихдаг. Ард түмэн эрх баригдчидад дүн тавьдагийг өнгөрсөн сонгууль харуулсан. Өмнөх сонгуулиар сонгуулийн дүн яаж эргэснийг хүн бүр мэдэж байгаа. Энэ бол ардчилсан тогтолцооны гол давуу тал. 


-Ядаж л улстөрийн шалтгаанаар халагдсан төрийн албан хаагчид Захиргааны шүүхэд хандах боломжгүй болчих эрсдэл байх шиг санагдах юм?

- Засгийн газраас гарах хүн халах эсэх тухай шийдвэр бүлэглэл хоорондын л зөрчилдөөн. Хэн хэнийхээ хүнийг тавих, тавихгүй тухай асуудал шүү дээ. Засгийн газрын том шийдвэрүүд бүгдийн эхэнд тавигдах ёстой гэж би хувьдаа харж байна. Төмөр замаа тавьж, нефтийн үйлдвэрээ нээж, цахилгаан станцаа барих хэрэгтэй. Эдийн засгийн суурь болсон том төслүүдийг хурдан хөдөлгөхөөс аргагүй цаг ирчихсэн. Бусад нь бол жижиг асуудал. Нэг хүн халлаа гэхэд нийтийн амьдралд нөлөөлөхгүй. Засгийн газрын том шийдвэрүүдийг Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцээд болиулаад байвал хөгжихгүй. Нефтийн үйлдвэр баригдчихвал бидний амьдралд, айлуудын хөргөгчин дотор орж ирж нөлөөлнө. Тэр утгаар нь хараад байна л даа. 


-Бас л харах ёстой өнцөг байна шүү. Гэхдээ “Засгийн газар өмч хувьчлалыг хууль, шүүхээс гадуур явуулах гэсэндээ эрхээ дархлах гээд байна уу” гэсэн хар сонсогдоод эхэлснийг та яаж харж байна?

-Бид асуудлыг гаднаас нь хараад байна. Яг нарийндаа том бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчил л явж байгаа. Би МИАТ-ыг авна, чи Таван толгойг ав гээд цаанаа тохирчихоод байхад наана нь ингэж ярих ач холбогдол багатай. Угаасаа бүх нийгэмд бүлэглэл, хүч, ашиг сонирхол бий. Гэхдээ ард түмэн гэдэг хүчийг хэзээ ч мартаж болохгүй. Тэгэх юм бол ард түмэн нэг өдөр л хариугаа авдаг нь хүн төрөлхтний түүхээр батлагдсан үнэн. Зээлийн өндөр хүүгээр дарамталж, биелэгддэггүй гоё амлалтууд хэлж өчнөөн жил явлаа, үр дүн гараагүй. Захын хорооллын хүмүүсийн амьдралыг харахад л мэдрэгдэнэ. Гэвч өнөөхөндөө бидэнд давуу тал байна. Тэр нь нүүрсний үнийн өсөлт. Нүүрсний үнэ өсөөгүй бол юу болох байсныг хэлэхэд ч бэрх. Мөнгөгүй, төсөвтөө хураасан хумисан юмгүй, компаниуд нь зээлээ төлж дийлэхгүй явсан нь бодитой үнэн. Валютын нөөц гурван тэрбум болсон гэхээр сэтгэл өег байна. Эдийн засгийн үндсэн суурь нь ерөөсөө л валютын ханш. Ханш хяналтаас гарлаа л бол эдийн засагт шууд нөлөөлдөг. Долларын ханш цойлоод 6000 төгрөг болно гэсэн айдасгүй амьдарч байгаа нь  маш том давуу тал. 

Ялимгүй ухаалаг байхад л бид өнөөдрийнхөөс тав дахин чинээлэг амьдрах боломжтой

-УИХ хууль гаргаад арилжааны банкуудыг 500 тэрбумаар дэмжих гэж байна. Хэр зөв шийдэл бол?

-Янз бүрийн гоё шошго нааж өгчихөөд, дараа нь мартуулаад хуваагаад идсэн тохиолдол нь олон. Тэр үүднээс нь харвал дэмжхэд хэцүү шийдвэр. Ард түмэн эдийн засаг, улстөрийн том бүлэглэлийн ард нуугдсан зүйлийн араас хөөцөлдөж чаддаггүй. 500 тэрбумын хувьд нэхэл хатуутайгаар хийхгүй бол хувааж идэх эрсдэл өндөр. Миний сонссоноор Монгол банкны ерөнхийлөгч дажгүй, боломжийн гаргалгаа хэлсэн. Банкуудыг дэмжих шийдвэр гаргах болсон нөхцөл нь тодорхой. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт шахагдсан. Уг нь мөнгө өгөх гэж байгаа бол банкны хувийг худалдаж авах гарц бий. Гэхдээ энэ удаагийн шийдвэр бидний бодож байгаа шиг өглөө, авлаа гэсэн амар процесс биш л дээ. Цаанаа хуулийн олон гаргалгаатай процесс. Асуудал банкийг гоёор тайлбарлаад сурчихсанд байгаа юм. Бид банкийг системийн банк гэж ярьдаг. Яг нарийндаа хувийн аж ахуйн нэгж шүү дээ. Системийн банк гэдэг огт өөр ойлголт. Хятадад гэхэд зөвхөн хөдөө аж ахуйн төслүүдийг санхүүжүүлдэг, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилготой Хөдөө аж ахуйн банк гэж бий. Энэ банк гэхэд хөдөө аж ахуйн салбарын гинжин холбоогоор ажилладаг бүх компанид зээл өгөх үүрэг хүлээсэн газар. Хувийнхан ашиг хөөдөг бол системийн банк заавал ашигтай ажиллах албагүй. Мэдээж салбараа улам хөгжүүлэхийн тулд ашигтай ажиллах ёстой. Монголын өнөөдрийг харахаар компаниуд нь алдагдалтай ажиллаад, банк нь илүү томроод байна. 


-Тэгэхээр Монгол системийн банкгүй гэсэн үг үү?

-Манай банкууд "системийн банк" болтлоо илүү хөгжих хэрэгтэй байна. Цаг хугацаа орох байх...


-Төрийн банк арай дөхөхгүй юу?

-Адилхан л арилжааны банк. Мөнгө хөгжлийг бий болгодог чухал үүрэгтэй. Хүмүүс хоорондын харилцааг үүсгэдэг. Эдийн засагт их мөнгө орох тусам хүмүүсийн харилцаа улам идэвхжинэ гэсэн үг. Мөнгө байхгүй үед харилцаа алга болно. Мөнгөтэй хүн л компаниа томруулна. Өнөөдрийн зургийг харахаар цөөн том компани л үлдэх гээд байна. Холбоос үүрэг гүйцэтгэдэг жижиг аж ахуйн нэгжүүд нь сэхэл авч, томорч чадахгүй байгаа нь бодитой үнэн. Газар тариалан дээр ярихад л үр тариа, төмс, ногоогоо хураачихаад хадгалах газаргүй учраас Хятадаас ногоо импортлоод байна. Зоорь хангалттай бол тэгэх шаардлагагүй. Хувийн арилжааны банкууд ашиггүй гэсэн шалтгаанаар зоорийн бизнес хийдэг компанид зээл өгдөггүй юм. Манай банкууд өгсөн мөнгөө яаж буцааж авах вэ гэдэг дээр л сайн ажилладаг. 


-Тусдаа системийн банк байгуулсан цагт л газар тариалан жинхэнэ утгаараа хөгжих нь ээ дээ?

-Тийм. Газар тариалангийн банк гэж тусад нь байгуулвал илүү зөв шийдэл, гарц болно. 


-Хятадын хувьд засаглал нь өөр учраас төрөөсөө мөнгө гаргаад системийн банктай болчиход асуудалгүй. Манай засаг банк байгуулах хэмжээний мөнгийг хаанаас босгох боломжтой вэ гэдэг том асуудал шүү...?

-Улс орон болгон өөр. Манай улсын тухайд байгалийнхаа баялагт л түшиглэж хөгжинө. Том ордуудаа барьцаалж хөрөнгө босгож, хувьцаа, бонд гаргаж болно. Уул уурхайгаас өөр том мөнгө босгох салбар Монголд байхгүй. Уул уурхайг гурав дахин өгөөжтэйгөөр ашиглаж болно. Алдагдсан боломж гэдэг шиг энэ салбарт маш их мөнгө үрэгдэж байна. Тэр нь авлига, хээл хахууль. Нэг нам бүгдийг авдаг зарчим арилахгүй бол өнөөдрийн зураг өөрчлөгдөхгүй. Лиценз бол баталгаа, баталгаа мөнгө болно, мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ, хөрөнгө оруулалт төсөлд өгөөжөө өгөөд ашиг цутгаж эхэлнэ. Ингэж эргэлдэх ёстой. Гэтэл өнөөдөр аль нь ч алга.


-Системийн банк байгууллаа гэхэд эхлээд аль салбаруудад анхаарах ёстой вэ?

-Зайлшгүй хөгжүүлэх хэд хэдэн салбар байна. Нэгдүгээрт, сая онцолсон газар тариалангийн салбарт. Хоёрдугаарт, барилга, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх цаг болсон. Орон сууцны эрэлт их байна. Зам гүүр шаардлагатай байгаа. 


-Эдийн засгийн эерэг мэдээний нэг нь хөрөнгийн зах зээл боллоо гэсэн мэдээ давтамжтай дуулдаж байна. Санхүүгийн зах зээлд анзаарагдаж буй ахиц мөн үү?

-Эдийн засгийг олон давхар байшингаар төсөөлбөл хөрөнгийн зах зээл хамгийн өндөрт байдаг давхар нь. Суурь нь буюу доод давхар нь эрчим хүч, газар тариалан, түүхий эд баялаг олборлолт. Энэ бүхэнд суурилаад хоёрдугаар давхар нь баригддаг. Газар тариалангийн салбар хөгжихөөр хүнсний үйлдвэрлэл хөгжинө. Хямд, сайн эрчим хүч үйлдвэрлээд эхлэхээр эдийн засгийн бүх секторт нөлөөлнө. Байгалийн баялгийн тухайд олборлолтыг зөв явуулбал маш олон салбар өндийгөөд ирнэ. Бүх салбар хоорондоо уялдаатай. Газар тариалан шинжлэх ухаан, инновацитай шууд холбогдоно. Газар тариалангийн салбар хөгжвөл хүнсний үйлдвэрлэлээ дэмжинэ, хүнсний үйлдвэрлэл зах зээлд шууд нөлөөлнө. Зэрэгцээд уул уурхайн олборлолт явагдана, олборлосноор нь эрчим хүч үйлдвэрлэнэ. Эрчим хүч бол нийгмийн баялгийн үйлдвэрлэлийн суурь. Уул уурхайн олборлосон ашигт малтмалаар хагас боловсруулсан түүхий эд, тоног төхөөрөмж хийнэ. Гэх мэт гинжин холбоон дунд эдийн засаг томордог. Энэ гинжин холбоонуудын аль нэгийг тасалбал улс хөгждөггүй. Гэтэл өнөөдөр манайд банк санхүү л тэрүүхэн хавьдаа сайн хөгжиж байна. Зөв системээр, гинжин холбоогоор урагшлуулахад нөлөөлөх ганц газар бий. Тэр нь Засгийн газар. Харамсалтай нь тийм нөлөөлөл засаг зүгээс алга. 


- Эрчим хүч, газар тариалан, түүхий эд баялаг олборлолтоо хөгжүүлье гэвэл яах ёстой вэ?

-Тогтвортой байдал л хэрэгтэй. 


-Тогтвортой байдал бүрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна?

-Улстөр restart хийх ёстой. Бид их өндөр хүлээлттэй. Ядаж цөхөх юмгүй Сингапур, Япон шиг болчихно гэж боддог. Үгүй л дээ. Тийм боломж байхгүй. Бид дэлхийгээс, өндөр хөгжилтэй орнуудаас 300 жилээр хоцорчихсон. Хамгийн том хоцрогдол нь хувь хүний хөгжил. Сэтгэж бодож байгаа арга барил маань 500 жилээр хоцорсон байж магадгүй. Гэхдээ энэ бол асуудлын гол биш. Боловсролтой, үнэхээр чадалтай залуус зөндөө байна. Маш олон газар ажиллаж мэдлэг агуулаад ирсэн залуусаа ашиглах ёстой. Ийм хүмүүсээ нэгтгэж нэг баг болгож ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй л дээ. 


-Чадалтай залуус Монголоо гээд ирдэг ч хүлээж авах орчин нь байхгүй учраас буцаад явчихдаг шүү дээ...?

-Хоёр кейс байна. Чехэд манайх шиг процесс явагдсан. Улстөрийн шинэчлэл хийж асуудлаа шийдсэн байдаг юм. Улстөрчидөө сольж үзье гээд нэр дэвшигчдийг дээрээс нь биш доороос нь сонгож танихгүй хүмүүс гаргачихсан. Гүрж улс тийм ч хөгжилтэй орон биш хэрнээ авлигаасаа салж чадсан. Дээр байгаа бүх кадраа халж, сонгож, шалгаруулж байж шинэ залуус тавьсан. Үр дүнд нь авлигаасаа салсан. Бид хуучин системээ солих гээд оролдоод байна. Хуучин систем нь ч өөрийгөө солих гээд оролдоод байгаа. Харамсалтай нь засаг төр барьж яваа хүмүүс тэгж хүсээд ч чадахгүй байна л даа. 

Улстөрийн элитүүд үеэ дагаад солигдож байна

-Чадахгүй байгаа цорын ганц шалтгааныг онцлооч?

-Орооцолдсон, биенээсээ хэт хамааралтай болчихсон учраас чадахгүй байна. 


-Аалзны тор шиг ингэж орооцолдсон үед Гүрж, Чех шиг шинэчлэл хийх хэцүү. Адаглаад л хэн хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гуравдагч хүчин гараад ирэх гэхээр эрх баригч хоёр нам нь хаачихдаг ийм орчинд ротаци хийнэ гэдэг мөрөөдөл юм байна даа?

-Ротаци хийж чадахгүй бол систем өөрөө нурна. Манай систем хэт статик. Динамик биш. Ард түмнийхээ амьдралыг, нийгмийн дундын нийтийн эрх ашгийг хамгаалж чадахгүй яваа ийм нөхцөл даамжирвал хувьсгал гарч магадгүй. Хэрвээ ядуурал даамжирвал цуст мөргөлдөөн гарах эрсдэлтэй. Мэдээж хэн ч ийм зүйл болоосой гэж хүсэхгүй. 


-Цуст мөргөлдөөн хүсэхээр зүйл биш. Өөр ямар гарц байж болох вэ?

-Контрэлитийн бослого гарч магадгүй. 


-Контрэлит гэж хэн бэ?

-Контрэлит гэдэг нь ямар нэгэн эрх мэдэлгүй элитийн төрлийн бүлэг. Энэ бүлэгт удирдан захирах хүсэлтэй ч бололцоо байхгүй бүлэг хүмүүсийг хамруулдаг. Тэд ухаантай, идэвхтэй, амбицтай ч эрх мэдэлгүй.


-Монголын төр 1990-2000 он хүртэл жинхэнэ ардчилал, зах зээлийн төлөө явсан. Сүүлийн хорин жилд зарчмаасаа ухарсан гэсэн байр суурь дуулддаг.  Дэлхийн түүхийг анзаарахад буруу тогтолцоогоор хэчнээн жил явсан улсад хувьсгал гараад байна. Цаг хугацааны тодорхой давтамж гэж байх уу?

-Жоргүй эд л дээ. Наяад оныхонд л найдмаар байна. Наяад оныхныг сонго л гэмээр санагддаг. Учир нь тэд ертөнцийг арай өөр нүдээр хардаг. Зоригтой шийдвэртэй зөв алхмуудыг хийхийн тулд залуу цус хэрэгтэй гэж хэлэх гээд байна л даа. Наяад оныхон эхнээсээ төрийн албанд ороод ирчихсэн. Тэд шинэлиг маягаар сэтгэдгээрээ яах аргагүй ялгардаг. 2020 онд өөрчлөлт орохгүй байж мэднэ. 2028 оноос нөхцөл байдал огт өөр болно. Ер нь үе солигдож байгаа. Улстөрийн элитүүд үеэ дагаад солигдож байна. Тэр бүү хэл сонгогчдын үе солигдоод эхэлчихсэн. 2016 нд 14 настай байсан хүүхэд 2020 онд сонгууль өгнө гээд бод доо. Өмнөх сонгуулиар 18 настай байсан хүүхэд 22 нас хүрнэ. Тэд хэнийг сонгох бол гэдэг бас л сонин асуулт. Хуучин кадрыг дугуйлах болов уу, шинэ үеийг сонгох болов уу.Шууд хуучин кадрыг сонгоно гэж хэлэхэд хэцүү шүү. 

Иргэдийн худалдан авах чадвар нэмэгдвэл маш олон төрлийн бизнес амь орох гээд байна

-Бизнес хийдэг хүний тань хувьд сонирхох нэг асуулт байна. Төр бизнест хэр нөлөөлдөг вэ? Эсвэл төртэй төргүй урдахаа хийгээд явж болоод байна уу?

-Улс орон хөгжихөд нөлөөлөл нь бизнесээс хамаардаггүй. Төрийг удирдаж байгаа хүнээс шууд пропорциональ хамааралтай. Путин, Си Жинь Пин, Трамп эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна гэдгээс л хамаарна. Тэдний үзэл, хандлага, итгэл үнэмшил хаана байна хөгжил тийшээ л чиглэнэ. Бизнес эрхлэгчид гаргасан чиглэлийнх нь дагуу ажиллаад  явдаг жамтай. Төрийн удирдлага бизнесмэнүүдийг алга бол гэвэл алга болох тийм л зүйл.


-Тэгвэл төрийн нөлөөлөл бизнесээ дэмжээд явна уу,  татаад байна уу?

- Хүн бүрийн хүлээлт өөр. Жишээ нь, миний хүлээлт маш өндөр. Зарим хүнд хангалттай байх. Харамсалтай нь улстөр надад ямар хамаатай юм бэ, ажлаа хийгээд л явъя гэсэн хүмүүс их бий. Гэхдээ жаахан ухаалаг байхад л бид өнөөдрийнхөөсөө тав дахин илүү сайхан амьдрах боломжтой. Зөвхөн дотоод нөөц бололцоогоо ашиглаад гурваас тав дахин илүү баян амьдрах боломжтой. Баялаг өөрөө баялгаа бүтээдэг. Баялаг нэг газраа хадгаламжинд хэвтээд ч юм уу, оффшорт, хэн нэгний халаасанд байгаад байвал шинээр баялаг бүтээгдэхгүй. Мөнгө гэдэг чинь үрждэг зүйл. Баялгийн сан гэхэд л мөнгийг үржүүлэхийн тулд ажилладаг. Тэгэхээр нэг хүн баяжих уу, нийтээрээ чинээлэг амьдрах уу гэдэг өөр асуудал болж таарч байгаа биз. Худалдан авах чадвар нэмэгдвэл маш олон төрлийн бизнесүүд амь орох гээд байна. Худалдан авах чадвар маш муу байна. 800.000-1000.000 төгрөгийн цалин аваад 600 мянгыг нь ипотект өгчихөөр 200 мянгаар амьдрахаас аргагүйд хүрч байна. Тийм эдийн засаг гэж юу байх вэ дээ. Мөнгө олох боломжийг олгож байгаа ганцхан зүйл бол зээлийн бага хүү. Зээлийн бага хүү улстөрийн тогтвортой байдлаас шууд хамааралтай. Улстөрийн тогтвортой байдал хөрөнгө оруулалт татах гол үндэс суурь болдог. Бодлого өөрчлөгдөхгүй арван жил болоход “Мөнгөө хийвэл намайг дээрэмдэхгүй юм байна” гэсэн хандлага бий болдог. Гэтэл өнөөдрийн хувьд бодлого дөрвөн жилийн циклээр өөрчлөгддөг, тогтворгүй учраас маш хүнд. Шийдвэрүүд арван хувь зөрөхөд л системийн том өөрчлөлт үүсдэг. Гэтэл шийдвэрүүд өнөөдөр огцом өөрчлөгдөж байна. Мөнгө аюулгүй газарт л тогтдог.