Б.Бат-Эрдэнэ: ​Бөхөөсөө хардаг жудаг ёс, сайн сайхан хүлээлт бүх монголчуудад бий

Хүдэрчулууны Хулан
07 сарын 12, 2025

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ монгол наадмын үнэ цэн, бөхийн жудаг ёсны талаар ярилаа.


 

Наадмыг сайхан болгоход хүн болгоны оролцоо бий

Наадмын үнэ цэнийг зүйрлэшгүй. Дэлхийн бусад оронд манай монгол эрийн гурван наадам шиг утга төгөлдөр наадам эсэхийг хэлж мэдэхгүй байна. Их өвөрмөц онцлогтой баяр наадмыг монголчууд үүсгэж өнөө хүртэл уламжилж байна. 

Монгол наадам бол монгол түмний төрт ёсны их уламжлалт баяр. Монгол хүний бүтээсэн өв соёл, ахуй гэх мэт  бүх зүйлийг сэтгэл оюунтай нь ихээхэн барилдуулж өгсөн гүн гүнзгий агуулгатай соёл. 

Үүгээрээ их онцлог юм даа. Энэ талаас нь аваад үзвэл монгол наадамд хүн болгоны оролцоо чухал. Хэдэн бөх, уяач, унаач, сур харваач гэсэн хэдэн улсын хэрэг биш юм. 

Эрийн гурван наадмынхаа төрлөөр оролцдог улс нь оролцоно. Харин бусад наадамчин бүр өөр, өөрийн хувь нэмрээ оруулдаг. 

Би Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, өссөн. Аав маань жолооч хүн. Наадам болохоор хоёр хүүгээ дагуулаад наадам үздэг. Бөх, морь, сур үздэг байсан. Бөх дээр л голцуу өнжинө дөө. Ээж минь хоёр хүүдээ даалимбаар дээл хийж өгч өмсүүлдэг байлаа. Үүнтэй адилхан хүн болгон хамгийн цэвэр цэмцгэр, өнгөтэй өөдтэйгөө өмсөөд бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгийг хэлэлцэж тэр наадмыг чимдэг. “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг. Энд их том агуулга багтаж байгаа гэж боддог.

Бидний уламжлал бол наадмаа хүндэтгэх юм. Хүн болгон унах мориныхоо дэл сүүлийг зассан, гоёсон, сойсон, хөнгөрүүлсэн байдаг нь тэр наадмыг чимж, сайхан болгоход нэг жижиг хүүхдийн ч оролцоо бий гэдгийг монголчууд ухаарч байгаа хэрэг шүү дээ. 

Бөх хүн ёс жудгийг алдар цол, амжилтаас илүүд үзэх учиртай

Би олон жил барилдахдаа хэзээ ч “Би энэ улсын хамгийн дээд дархан аварга цолыг авъя” гэж бодож байгаагүй. Өөрт оногдсоныг л сайн хийх юм сан хэмээн хичээж ирсэн. Монгол бөхөд авсан алдар цол, үзүүлсэн амжилтаас илүү ёс жудаг гэж зүйл байдаг юм аа. 

Та бидний хамгийн сайн мэдэх “Монголын нууц товчоо”, “Алтан товч” тэргүүтэй эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Монголчууд бөхөөр дамжуулж эр хүнээ бэлтгэж ирснийг эх сурвалжуудад, “Есүхэй сайн бөх. Есүхэйн хөвүүд ч бөх брилдах, харвахад сайн бүлгээ” гэж тэмдэглэсэн шүү дээ. 

Яах вэ, “Монголын нууц товчоо”-г судалсан судлаачид янз бүрийн өнцгөөс бичсэн байдаг. Тухайлбал, Бүрибөх, Бэлгүтэй хоёрын хооронд болсон үйл явдлыг тайлахдаа тэртээх XIII зууны үед цэрэг дайны зарчим нь хэн хэнийгээ алж, амийг нь хорооход хориггүй байсан мэтээр ойлгодог. Бид үүнийг өөр талаас нь харах ёстой. 

Чингис хаан “Хүний амийг хөнөөхөд хүндэтгэх шалтгаан хэрэгтэй” гэж зарлигласан байдаг шүү дээ. Үүнээс үзэхэд тухайн үеийн үйл явдал нь улс төрийн нөхцөл шалтгааны үүднээс Жүрхин овгийг доройтуулах байсан учраас Жүрхин овгийн Бүри-бөх хэмээх алдартай, одоогийнхоор бол улсын хэмжээний дархан аварга бөхийг нурууг нь татуулах үйлийг Бэлгүтэйгээр хийлгүүлсэн байдаг.


Бүри-бөх амиа алдахдаа, “Би Билгүтэйг өрөөсөн хөлөөрөө ташаад, өрөөсөн гараараа хөдөлгөхгүй дарж чадах бөлгөө. Гагцхүү Чингис хаанаас айж аминдаа хүрлээ” гэж хэлсэн байдаг шүү дээ. Энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр, Бүри-бөх монгол бөхийн ёс жудгаа хэрхэн сахьдаг, захирах захирагдах ёс ямар хатуу үйлчилдгийг харуулж байгаа хэрэг. 

Монгол бөхийн энэ уламжлалыг монголчууд битгий алдаасай. Бөхөөрөө дамжуулж эрүүл чийрэг бие бялдартай хатуужилт чанар олсон, бие бялдар, зүрх сэтгэлийн боловсролыг олох явцдаа мэдлэг ухаанаа тэлсэн, төрөл бүрийн мэргэжил, мэдлэг эзэмшсэн сайхан хүнийг бэлтгэж ирсэн. Айл гэрийн ноён нуруу, төр улсын түшиг тулгуур болсон энэ сайхан хүмүүсээ бэлтгэж ирсэн энэ арга сургуулиа улам хөгжүүлээсэй билээ. 

Монголчуудын заяа их юм болохоор ухаарал, сэхээ авах биз ээ

Монголчууд наадамд, “Миний морь мэнд сайхан уралдаад ирлээ, тоот бөхийн тоосонд орж барилдлаа” л гэж ярьдаг байснаас биш заавал түрүүлнэ, цол авна, түрүүлэхийн төлөө юугаа ч хамаагүй золино гэдэг ухамсар, үзэл сэтгэлгээ байгаагүй. Тэр бол бүр хориотой зүйл. 

Гэтэл сүүлийн үед хориотой эм тариа, бодис, допинг хэрэглээд ч хамаагүй, наймаалцаж худалдаж авч байгаад ч хамаагүй тэр цолонд хүрэх юм сан гэсэн уралдаан, өрсөлдөөн бий болжээ. Нэг машин, хоёр байр хүний амьдралын асуудлыг шийдэхгүй шүү дээ. 

Тухайн хүн төлөвшил, хандлагаа хэрхэн өөрчилсөн, бие бялдрын хувьд хэрхэн хөгжсөн бэ, хатуужил чанар олсон уу, ажилсаг, бүтээлч, идэвх санаачлагатай чанарыг  олж авсан уу, монгол бөхөөс хүнд өгдөг өгөөж, монголчуудын эрхэмлэдэг тэрхүү дээд зан суртахууныг олж авч чадсан уу гэдэг хэдэн арван машин, байрнаас үнэ цэнэтэй зүйл. 

Монгол бөхийнхөө ёс уламжлалыг төр засаг, түмэн олон, бөхөөр хичээллэж байгаа хүмүүс гээд хаана хаанаа л хичээж бодох ёстой. Өнөөдрийнх шиг ийм маягаараа цааш явбал хэцүү байдалд орж мэдэх нь байна шүү. 

Дэндүү арилжаа, ашиг, өнгө мөнгө хөөсөн чиглэл рүү орох юм бол энэ өв соёлын маань утга учир хаягдаж, гээгдэж ч мэднэ. Ад шоо үзэгдэж ч мэднэ.

Түүнээс “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг тэр ухамсар одоо ч надад алдагдаагүй. Хүүхэд насны минь тэр гэгээн сайхан дурсамж өнөөдөр ч адилхан хэвээрээ. Монголчуудын заяа их юм болохоор ухаарал, сэхээ авах биз ээ. 





Холбоотой сэдвүүд

дархан аварга монгол бөх

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.