“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяртай ярилцлаа.  Тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”, “Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн уран бүтээлч юм. Түүний найруулсан  аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар өгүүлсэн "Хүн мод" хэмээх кино өнөөдрөөс гарч эхэлж байгаа билээ. 

-Багадаа хэр загнуулдаг хүүхэд байв?

-Би их сахилгагүй хүүхэд байсан. Ямар сайндаа л СУИС-аас зургаан долоон удаа хөөгдөх шахаж байхав. Оюутан байхдаа ийм томоогүй байсан хүүхэд 10 жилдээ ямар байх нь ойлгомжтой. Их сургуулиа төгсөөд хэсэг будилсаан. Алдсан, оносон цаг хугацаа бий. Гэхдээ хүнд тогтох үе гэж байдаг юм билээ.

-Таныг тэгэхээр хэн хүмүүжүүлэв. Урлаг уу, амьдрал уу ?

-Үзэж харсан амьдрал минь намайг хүмүүжүүлсэн юм уу даа. Амьдрал гэдэг чинь асар том сургууль шүү дээ. Алдаж гишгэж явсан зам мөр минь их зүйлийг ойлгуулсан.  Мэдээж урлаг нөлөөлнө. Тоглож байгаа хөгжим, зохиож байгаа үг ая, хажууд байх ард түмнийг соёлд нэвтрүүлж байгаа хүмүүс гээд л.

- Ганчаарчилсан уран бүтээлээ орхигдуулчихав уу даа. Хэд хэдэн сайхан уран бүтээл гаргасан байх аа?

-Өөрийгөө илэрхийлэх боломжийг хайсан л даа. Уран бүтээлч хүнд байдаг л санаа онооны завсар юм. Нөгөө талаар өөрийгөө идэвхтэй байлгах гэсэн оролдлого. Хамтлаг маань завсарлага авчихсан энэ цаг үед өөрийгөө амраахгүйгээр, ямар нэгэн зүйл дээр тээглээд гацчихгүй юм сан гэсэн дээ уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Нэг сайхан үг байдаг даа. Амьд гаръя, илүү сайхан амьдаръя гэж бодож байвал урагшаа яв. Сууриндаа байгаад л байвал хэн нэгэн үүдээр чинь орж ирнэ гэж.

- “Гайс”-ийнхан уран бүтээлдээ хэзээ эргэж орох вэ?

- Хамтлаг яг одоогоор амралтын байдалтай байна. Ирэх хавраас л ажилдаа орох байх даа.

- Та сошиалд хэр идэвхтэй хүн бэ?

-Бусадтай л адил утсаа “маажина”. Гэхдээ нэг их идэвхтэй биш.

- Улс төр сонирхдог уу?

- Нэг их сонирхдоггүй. Гэхдээ цахим ертөнц нээлттэй болчихсон энэ үед хүссэн хүсээгүй нэгнийх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл нь гараад ирдэг. Яг тэр үед тухайн хүнийг муу хэлэхээс илүү яах вэ, яана даа л гэж бодогддог. Нэг хүн рүүгээ дайрах биш олуулаа нийгмээ яаж цэвэрлэх вэ гэдэг дээр л бодох цаг болсон юм шиг.

- Хэр шүтлэгтэй вэ?

-Тодорхой хэмжээний шүтлэгтэй. Гэхдээ нэвтэрч ойлгоогүй шашныг дагахыг хүсдэггүй. Хааяа гандан орчихдог. Лам дээр очоод номоо уншуулаад, өгсөн арцаар нь биеэ утаад, рашаанаар нь өөрийгөө ариусгачихдаг. Бас хааяа ээж дээрээ очоод үгийг нь сонсоод үнсүүлээд гарахад сэтгэл бас л сайхан уужирдаг шүү.

-Та амьдрал дээрээ хэр баярлалаа, уучлаарай, хайртай гэж хэлдэг хүн бэ?

- Баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлэхийг хичээдэг. Харин уучлаарай, хайртай гэдэг үгийг уран бүтээлээ илүү илэрхийлэхийг хүсдэг. Тухайлбал “Зүрх уучил”, Хайрын бүжиг, Чи миний, “The love” гээд л. Ер ньдотоод сэтгэлээ уран бүтээлдээ түлхүү тусгадаг гэх үү дээ.

-“Баярлалаа” бол тун удахгүй нээлтээ хийх “Хүн мод” уран сайхны киноны дуу. Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Манай кино гурван хэсгээс бүрддэг. Товчхоноор хэлбэл нэгэн сайхан гэр бүлийн гишүүд амьдралд тохиолдох жаргал, зовлонг хэрхэн даван туулж байгаа талаар маш энгийнээр өгүүлнэ. Гэр бүл дотор алдаа эндэгдэлээсээ болж нэгнийгээ буруу ойлгох, буруутгах явдал бишгүй гардаг. Харин эдгээр бэрхшээлүүдийг ах дүүс сэтгэлийн тэнхээтэй байж яаж даван туулах вэ, нэгэн гэр бүл гэж юу юм бэ гэдгийг л харуулах гэсэн бүтээл. Сүүлийн үед их төрлийн өгөгдөлтэй, өөр өөрсдийн хэлэх гэсэн санаатай кинонууд их гарч байна. “Хүн мод” кино эдгээрээс гэр бүлийн гэдгээрээ онцлогтой. Эсрэг дүр байхгүй. Нийгэм, амьдрал өөрөө энэ гэр бүлийн эсрэг дүр нь. “Чаддаг юм бол намайг даваад гар л даа” гэх нийгмийн хандлагатай энэ гэр бүл нүүр тулдаг. Гэхдээ тэд хамтын хүчээрээ энэ бүхнийг даван туулдаг.

-Бараг бүх хүн амьдарч буй нийгмээ шүүмжилж байна. Хатуу байна, ширүүн байна, сөрөг байна гээд л. Сайн, сайхан нийгмийг цогцлоохын тулд бид хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Маш энгийн. Хүмүүсийн харьцаа л сайн сайхан болчихоосой. Бид хоорондоо ойлголцож чадахгүй байна, хүсэхгүй байна. Бүгдээрээ л бухимдалтай явдаг. Гэхдээ түүнийгээ тэвчээд өнгөрөх сэтгэлтэй байвал бүх асуудал аяндаа шийдэгдчихнэ. Юманд тэвчээртэй, хүлээцтэй хандаад, нэгнийгээ хүндлээд сурчихвал  энэ бол жижиг асуудал шүү дээ.  Гэтэл өнөөдөр хоёр хүн хоорондоо шүргэлцэж, хоёр машин хоорондоо мөргөлдөх хоёр бараг ялгаагүй болчихож. Хүн байна даа. “Машин тэрэг бол төмөр, харин та бэртээгүй биз дээ. Нэг хүнийг мөргөчихвөл уучлаарай санаандгүй юм боллоо” гээд л ойлголцчихвол энэ амьдарч буй нийгэмдээ хатуурхаад байх хэрэггүй л болов уу.

-Таны нэг уран бүтээл санаанд орлоо л доо. “Хүн хүнээ хайрла” гэж?

-Тийм шүү. Гэхдээ хүндлэлийг хамгийн түрүүнд суралцмаар байна. Хайрлах бол хожмынх, их том агуулгатай. Хүндлэн харилцах харьцаа, хүнээ хүнээ дээдлэх соёл л бидэнд дутагдаад байгаа ганц зүйл.

-Хайр бол их том агуулгатай гэлээ. Таны уран бүтээлийн ихэнх нь хайрын тухай өгүүлсэн байдаг нь үүнтэй холбоотой юу?

-Би хайрын илэрхийллээр нийгмийн сөрөг хандлагыг аль болох дарахыг хичээдэг. Миний зүгээс хийж чадах юм нь энэ. “Хүн мод” уран сайхны кинонд гэхэд л дүү нь ахыгаа, ах нь дүүгээ хайрлах, эцэг эх нь үр хүүхдүүдээ, эхнэр нь нөхрөө хүндлэхээс хайр бий болдог юм шүү гэдгийг харуулах зорьсон. Том сэдэв барьж аваад хайр “тоглуулахаас” илүүтэй хүндлэл, нэг нэгнээ гэсэн сэтгэл, цаашлаад монгол хүнд сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл бяраас илүүтэй заяасан байдаг гэдгийг харуулахыг бодлоо.


-Сэтгэлийн тэнхээний талаар ярихаар урлагийнхны зарим нь их шүүмжлүүлдэг. Амархан гунидаг, гутардаг гээд л. Гэхдээ зарим уран бүтээлчдээс энэ биенээс нь яаж гарсан бол гэмээр тэсвэр тэвчээр харагддаг шүү?

-Урлагийнхан их эмзэг байдаг л даа. Баярлаж, гомдох нь амархан. Тиймдээ ч тэнхээ жаахан дутмаг хүн уруудах зам руугаа орчихдог тал бий. Гэхдээ түүнийгээ даван туулж, ганцхан л амьдрах юм чинь хүн шиг явах хэрэгтэй гэх сэтгэлтэй, зоригтой, хайрлах хүнтэй байх нь амьдралын бас нэгэн утга учир юм болов уу. Түүнээс биш баян цатгалан, хүнээс илүү гарч амьдрах нь амьдралын сайхан биш шүү дээ.

-Уран бүтээлч хүн өөрсдийн бүтээлээ тоолоод байдаггүй байх л даа. Гэхдээ урлаг хэмээх тогоонд 20 –оод жил “чанагдаж”байгаагийн хувьд хийсэн бүтээснээ тоон хэлээр тоймлож хэлбэл?

- Нас тоолдоггүй гэдэг шиг уран бүтээлээ тоолоод байдаггүй. Хэрэв тоолчихбол тоо нь гүйцчихсэн байна гээд зогсоочихвол яах вэ гэх сүжиг төрөөд байдаг юм. Яахав, барагцаалж хэлбэл зохисон дуу гэвэл 100 гаруй бий шүү. Харин кинонд тоглосон гэвэл 50 орчим, найруулсан 30 гаруй уран бүтээл байна.

-Тун удахгүй шинэ он гарлаа. Хамгийн дурсамжтай шинэ жилээ дурсаач?

-Шинэ жилийн баяр болгон сайхан дурсамжуудтай. Хамгийн мартагддаггүй шинэ жил гэвэл би багадаа тийм ч сайн сурлагатай байгаагүй л дээ. Тэгсэн нэг өдөр аав ээж хоёр маань энэ шинэ жилээр “Сайн” дүнтэй гарвал Кама гэдэг дугуй авч өгье гэсэн. Ёстой мэрийж байгаагүйгээр хичээсэн дээ. Дунд авдаг байсан хичээл дээрээ сайн, сайн гардаг хичээл дээрээ онц гараад тэр жил дугуйтай болж байлаа.

-Тэр явдлаас юу ойлгосон бэ?

-Хүн өөрөө хичээвэл зорилгодоо чаддаг юм байна гэдгийг тэр үед л ойлгож ухаарсан даа. Хүнд ер нь төлөвлөгөө их чухал юм билээ. Бас шинэ жил болгоноор хамгийн догдлуулдаг зүйл нь мандарины үнэр, өвлийн өвгөн хоёр. Манай монголын өвлийн өвгөн ямар сайхан харагддаг гээч. Цэнхэр нөмрөг, цагаан сахал, монгол гутал, таяг гээд л бодох төдийд л догдлоод л явчихаж байгаа юм даа. /Инээв/