Зөв хүн мөнгөний өмнө ч, бэрхшээл тулгарахад ч эвдэрдэггүй юм байна. “Сайн ах” гэдэг Солонгосын уран сайхны киног үзэж суухдаа төрсөн бодол ийм. Айн Рэндийн “Эх сурвалж” бас ийм урам зориг өгч билээ. Сайн хүн хэвээрээ тэсч үлдэх боломжтой юм байна...

Хүнээ алдахгүйгээр хэрхэн амьдарч болохыг үзүүлсэн ийм киног монголчууд маань хийж байгаа билүү. Манай үеийн баатар, бидний гол дүр хэнсэн билээ гэдгийг энэхэн зуур эрэгцүүлсэн юм. Сайн хүний дүр яагаад мэдээ, уран зохиол, кино, сошиал, сэтгэгдлээс маань хүртэл дайжиж орхив. Сүүлийн үеийн монгол кинонуудаас цус, хүчирхийлэл, садар самуун ханхалж буй. Хулгайч, луйварчид л гол дүр нь байх шив дээ. Киночид  монголчуудыг цусанд дуртай гэж бодоод байгаа юм болов уу. Холливуудынхан “Хайр, секс, тэгээд цус байх ёстой” гэж хошигнодог гэсэн. Тэрхүү алтан дүрмийг нь баримтлахчаан болж байгаа хэрэг үү. 

Хэвлэлийнхэн бидэнд ч дээрдэх юм алга. Өдөр бүр гамшиг, осол, хүчирхийлэл, хулгай, луйвар, баривчилгааны талаар хэтэрхий их бичиж байна. Оюутан байхад багш маань “Уншигчид муу мэдээнд дуртай” гэж байсан. Үнэндээ муу мэдээ хандалт их авдаг нь үнэн л дээ. Ингэлээ гээд бид муу мэдээнд хүмүүсийг живүүлж болох уу. 

Иймэрхүү “онолын” үр дүнд  бид нийгмийн бухимдлыг үйлдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулагч, хөөсрүүлэгч болчихжээ. Гудамжинд үг сөрсөн нэгэнтэйгээ хэрэлдэж, хараал урсган, заамдаж авч, алалцахаас буцахгүй араншинтай хүмүүс олшироход бид ч бас хошуу дүрсэн байж таарах нь. Монгол амиа хорлолтоор дэлхийд гуравт явж байна гээд л мэдээлж байсан. Хүн амынхаа  тоотой харьцуулахад ийм дүн гарсан хэрэг.

Тиймээ, энэ бүхэнд би ч бас буруутай. 

Сошиалаар  хараал урсгаж, муу муухай бичлэг, мэдээлэл, коментыг дэвэргэж, тарааж, сэвж байгаа хүмүүс ч бас буруутай. Муу хүмүүс толгой дээр зайдалж, цөвүүн цаг ирэхэд хүн бүрийн хувь нэмэр бий.

Үнэндээ биднээс шалтгаалахгүйгээр хорвоо эргэж байгаа юм шиг санагддаг ч энэ бүхний эхний цэг би, чи, та ч байж болох юм. Учир нь бизнес эрхлэгчид бидний таашааж байгааг үйлдвэрлэж байгаа. Улс төрчид олон нийтэд таалагдах үйлдэл хийж, үг хэлж байдаг. Хэрвээ сонгуулиар тэд мөнгө тарааж байгаа бол хэдхэн төгрөгөөр саналаа худалдах хүмүүс олон болоод л тэр. Ямар ард түмэн байна, тийм л төр байна гэдэг бус уу. Эхлээд иргэд хүмүүжиж байж, улс төрчид өөрчлөгдөнө

Бидний сонголт, үйлдэл бүхэн  дата болон үлдэж, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, улстөрчид түүн дээр ажиллаж байна. 

Үнэхээр бид муу мэдээнд дуртай гэж үү. Сайхан үг сонсоод бүх л өдрийн турш жаргалтай байдаггүй гэж үү. Сайхан хүнийг хараад баясч, ухаантай хүний яриаг  сонсч сэтгэл сэргэдэггүй билүү. Үлгэр хүртэл жаргаж төгсдөг шүү дээ.  

Сайн байна уу гэж бид мэндэлдэг билээ. Ийм сайхан хорвоод гэрэл түгээж амьдаръя. Сайныг ерөөж, сайхан үгс хэлэлцье. Болж бүтэж байгааг түлхүү мэдээлье.  Сайн хүн гол дүр байж, сайхан ирээдүйг бүтээцгээе.